«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
12 САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 9–11
«Ширүүн хавчигч хичээл зүтгэлтэй гэрчлэх болсон нь»
bt 60 ¶1-2
Дагалдагчид «цаг тайван болохыг үзсэн»
Шийдэмгий аянчид Дамаск руу дөхөж ирлээ. Тэд уг хотод ороод хорон муу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж байна. Үзэн ядалтын бай болсон Есүсийн шавь нарыг гэрээс нь чирч гаргаад, хүлж, олны элэг доог болгон Иерусалимд буй уурлан хорссон Иудейн Дээд шүүхийнхэнд тушаах аж.
2 Бүлэг этгээдүүдийн толгойлогч Саул хэдийнээ нэг хүнийг алахад оролцжээ. Тэрээр Иудейн шашны идэвхтэн нөхдийгөө Есүсийн үнэнч шавь Стефан руу чулуу нүүлгэж амийг нь хөнөөхийг сайшаан харсан ажээ (Үй 7:57—8:1). Иерусалимд амьдардаг Есүсийн шавь нарт уурлаж ханаагүй Саул өөр нутагт бас хавчлагыг эхлүүлэх гэж байлаа. Тэрээр «Зам» гэдгээрээ олны танил болсон тахал мэт уг урсгалыг газрын хөрснөөс арчихыг хүснэ (Үй 9:1, 2).
bt 64 ¶15
Дагалдагчид «цаг тайван болохыг үзсэн»
15 Саулыг синагогт Есүсийн тухай дэлгэрүүлэхэд хүмүүс хэчнээн их гайхаж, цочиж, уурлан хилэгнэснийг төсөөлөөд үз дээ. Хүмүүс: «Энэ хүн чинь Иерусалимд Есүсийн дагалдагчдыг хавчиж явсан биш билүү?» гэцгээж байлаа (Үй 9:21). Саул яагаад Есүсийн тухай өөрөөр боддог болсноо тайлбарлан «Есүс бол Христ мөн гэдгийг няцаахын аргагүйгээр баталсан» (Үй 9:22). Гэхдээ няцаахын аргагүй ярилаа ч бүх хүн хүлээж авдаггүй. Ёс заншилд хүлэгдсэн юм уу бардам зантай хүмүүст няцаахын аргагүй ярьсан ч нэмэргүй байж магадгүй. Гэсэн хэдий ч Саул бууж өгөөгүй.
Эрдэнэс хайх нь
bt 60-61 ¶5-6
Дагалдагчид «цаг тайван болохыг үзсэн»
5 Есүс Дамаск руу явж байсан Саулыг зогсоогоод «Чи яагаад миний шавь нарыг хавчина вэ?» гэж асуугаагүй. Дээр дурдсанчлан Есүс: «Чи яагаад намайг хавчина вэ?» гэж асуусан (Үй 9:4). Тийм ээ, Есүс шавь нартаа тулгарсан сорилтыг өөрт нь тулгарсан гэж үздэг (Мт 25:34–40, 45).
6 Хэрвээ та Христэд итгэдгээсээ болж хавчигдаж байгаа бол Ехова Есүс хоёр хоёулаа таны нөхцөлийг сайн мэддэг гэдэгт итгэлтэй байж болно (Мт 10:22, 28–31). Сорилт яг одоо арилахгүй байж магадгүй. Саулыг Стефаны амийг хөнөөхөд оролцоход, мөн Иерусалимд байдаг үнэнч шавь нарыг гэрээс нь чирч гаргахад Есүс харж байсныг санаарай (Үй 8:3). Гэхдээ Есүс тухайн үед үүнийг болиулаагүй. Хэдий тийм ч, Ехова Христээр дамжуулан Стефан болон шавь нарт үнэнч байхад хэрэгтэй хүч өгсөн.
nwtsty Үй 10:6-гийн тайлбар
арьсчин Симоныд: Арьсчин нь амьтны арьс боловсруулдаг. Арьсанд наалдсан үс, мах, өөхийг шохойн уусмал ашиглан салгадаг. Дараа нь хүчтэй химийн бодис ашиглан арьсыг юм хийхэд бэлэн болгодог. Арьс боловсруулахад муухай үнэр гардаг бөгөөд их ус хэрэглэдэг байсан. Симон яагаад тэнгисийн хажууд, магадгүй Иоппагийн захад амьдарч байсныг үүнээс ойлгож болно. Мосегийн хуулиар бол амьтны цогцост хүрсэн хүн бузартдаг байжээ (Ле 5:2; 11:39). Тиймээс олон иудей хүн арьсчныг дорд үзэж, тэднийд хонохоос зайлсхийдэг байв. Үнэндээ, хожим бичигдсэн Талмуд дээр арьсчныг мал амьтны баас түүж цэвэрлэдэг хүнээс дор гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ Петр ийм өрөөсгөл үзлээс болж Симоныд байхаас татгалзаагүй. Энэ асуудал дээр Петр үзэл бодлоо өөрчлөхөд бэлэн байсан нь дараагийн даалгавар буюу харь үндэстний гэрт очих даалгаврыг биелүүлэхэд сэтгэлийг нь бэлдсэн. Зарим эрдэмтэн «арьсчин» гэдэг утгатай грек үг болох бирсеүс-ийг Симоны овог гэж үздэг.
12 САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 12–14
«Барнаб Паул хоёр алс холыг зорин шавь бэлдсэн нь»
bt 86 ¶4
«Баяр хөөрөөр цалгиж, Бурхны агуу хүчээр удирдуулж байлаа»
4 Тэгвэл Бурхан яагаад агуу хүчээрээ нарийн заавар өгч Барнаб Саул хоёроор «өөр ажил хийлгэхээр» тэднийг томил гэсэн бэ? (Үй 13:2). Учрыг нь Библид бичээгүй. Гэхдээ энэ хүмүүсийг сонгохоор Бурхан агуу хүчээрээ заавар өгсөн гэдгийг бид мэддэг. Антиох дахь зөнчид болон багш нар үүнийг эсэргүүцсэн гэсэн санаа Библид байхгүй. Харин ч тэд энэ томилолтыг бүрэн дэмжсэн. Итгэлээр ах дүү болсон тэд атаархахгүйгээр «мацаг барьж, залбираад тэр хоёр дээр гараа тавьсны дараа явуулахад» Барнаб Саул хоёрт ямар санагдсаныг төсөөлөөд үз дээ (Үй 13:3). Бид ч гэсэн Бурхны ажлыг хийхээр даалгавар авсан хүмүүсийг дэмжих ёстой. Тийм хүмүүсийн дунд хуралд ахлагчаар томилогдсон хүмүүс бас байдаг. Завшаан эдэлж буй тийм хүмүүст атаархахын оронд «ажил хөдөлмөрийг нь үнэлж, ихэд хүндлэн хайрлаж явах» ёстой (1 Те 5:13).
bt 95 ¶5
«Еховагийн ачаар үгийг нь эр зоригтой тунхаглав»
5 Паул Барнаб хоёр эхлээд Ромын Галат мужийн гол хотуудын нэг бөгөөд грек соёлын өв хадгалагдсан Иконионд орлоо. Энэ хотод нөлөө бүхий иудейчүүд болон иудей шашинтан болсон бусад үндэстний хүмүүс их амьдардаг байсан. Паул Барнаб хоёр заншсан ёсоороо синагогт ороод дэлгэрүүлж эхэлжээ (Үй 13:5, 14). Тэднийг «гаргууд сайн ярихад маш олон иудей, грек хүн Есүст итгэдэг болов» (Үй 14:1).
Эрдэнэс хайх нь
w08 5/15 32 ¶7
Үйлс номын онцлох санаа
12:21-23; 14:14-18. Херод зөвхөн Бурханд зориулах ёстой алдрыг шууд хүлээн авсан. Паул Барнаб хоёр авах ёсгүй магтаал ба алдрыг хүлээн авахаас эрс татгалзсанаас их ялгаатай. Бид ч бас Еховад үйлчилж амжуулсан юуны ч төлөө нэр алдартай болохыг хүсэх ёсгүй.
nwtsty Үй 13:9-ийн тайлбар
Паул: «Бага, жижиг» гэсэн утгатай Паулус гэсэн латин үгнээс гаралтай Паулос гэдэг нэр Грек Судрын монгол орчуулгад гардгаас 230 гаруй удаа нь элч Паулыг заадаг, 1 удаа нь Кипр нутгийн захирагч Серги Паулыг заадаг (Үй 13:7).
Паул гэгддэг Саул: Энэ үеэс эхлэн Саулыг Паул гэж дурддаг. Энэ элч төрөхдөө Ромын иргэний эрх авсан еврей хүн байв (Үй 22:27, 28; Флп 3:5). Тийм учраас төрсөн цагаасаа Саул гэдэг еврей нэр болон Паул гэдэг ром нэртэй байсан бололтой. Тухайн үеийн иудейчүүд, ялангуяа Израйлаас өөр газар амьдардаг хүмүүсийн дунд хоёр нэртэй хүмүүс мэр сэр байв (Үй 12:12; 13:1). Паулын зарим хамаатан бас еврей нэртэй байхаас гадна ром юм уу грек нэртэй байсан (Ро 16:7, 21). «Харь үндэстнүүд рүү илгээгдсэн элч» Паул иудей бус хүмүүст сайн мэдээ тунхаглах даалгавар авсан (Ро 11:13). Тэрээр ром нэрээр өөрийгөө танилцуулахаар шийдсэн бололтой. Тэгвэл харь үндэстнүүд өөрийг нь хүлээж авахад амар гэж бодсон байж болох юм (Үй 9:15; Гал 2:7, 8). Зарим хүн Паул гэдэг нэрийг Серги Паулыг хүндэтгэхийн тулд хэрэглэсэн гэж ярьдаг. Гэхдээ Паул Кипрээс гарсны дараа ч энэ нэрээрээ дуудуулж байсныг үзвэл тийм биш байсан бололтой. Зарим нь Паулын еврей нэр бардамнан алхдаг хүн юм уу амьтныг заадаг грек үгтэй төстэй сонсогддог учраас Паулыг еврей нэрээ хэрэглээгүй гэж ярьдаг.
12 САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 15, 16
«Бурхны Үгэнд үндэслэн санал нэгтэй шийдвэр гаргасан нь»
bt 102-103 ¶8
Нэлээн «санал зөрсөн» нь
8 Лук үргэлжлүүлэн ийнхүү бичжээ. «Үүнээс болж Паул Барнаб хоёр тэдэнтэй санал зөрж, нэлээн маргалджээ. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр хэдэн дагалдагчийг Паул Барнаб хоёртой хамт Иерусалимд буй элчүүд, ахлагчид руу явуулахаар болов» (Үй 15:2). «Санал зөрж, нэлээн маргалдсан» гэснээс үзэхэд хоёр талынхан өөр өөрсдийнхөө үзэл бодолд бат байсан бөгөөд ширүүн маргасныг мэдэж болно. Антиох дахь хурал энэ асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй байсан. Тиймээс амар тайван, эв нэгдэлтэй байхын тулд энэ асуудлын талаар удирдах зөвлөл болох «Иерусалимд буй элчүүд, ахлагчдаас» асууя гэсэн ухаалаг шийдвэр гаргасан. Бид Антиохын ахлагчдаас юу сурч болох вэ?
bt 123 ¶18
«Дагалдагчдын итгэлийг бэхжүүлж байлаа»
18 Паул Тимот хоёр олон жил хамт ажилласан. Явуулын үйлчлэгчийн хувьд тэд удирдах зөвлөлийг төлөөлж янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ тухай Библид «Ингээд тэд дайрч өнгөрсөн хот болгоныхоо дагалдагчдад Иерусалим дахь элчүүд, ахлагчдын гаргасан шийдвэрийг баримтлахыг уриалж явав» гэж бичсэн байдаг (Үй 16:4). Хурлууд Иерусалим дахь элчүүд, ахлагчдын зааврыг мөрдсөн. Ийнхүү дуулгавартай байсны ачаар «хурлынхны итгэл улам бүр батжиж, тооны хувьд өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа» (Үй 16:5).
Эрдэнэс хайх нь
nwtsty Үй 16:37-гийн тайлбар
Ромын иргэн биднийг: Паул Силас хоёр хоёулаа Ромын иргэн байсан бололтой. Ромын хуулиар бол иргэд хэзээд зүй ёсны шүүхээр шүүгдэх эрхтэй байсан бөгөөд шүүхийн буруутгаагүй хүнийг олны өмнө шийтгэх ёсгүй байсан. Иргэн нь Ромын эзэнт гүрний хаа ч явсан онцгой эрхтэй байсан. Ромын иргэн харьяа хотынхоо бус, Ромын хуульд захирагддаг байв. Шүүхэд дуудагдлаа гэхэд, хүсвэл орон нутгийн хуулиар шүүгдэх боломжтой байсан. Гэхдээ тийм үед ч Ромын шүүхэд хандах эрхээ эдэлж болдог байв. Цаазаар авхуулах дээрээ тулсан бол Эзэн хаанд давж заалдах эрхтэй байсан. Элч Паул Ромын эзэнт гүрэн даяар явж дэлгэрүүлсэн. Ромын иргэний эрхээ эдэлсэн гурван тохиолдлыг Библид бичсэн байдаг. Эхнийх нь энэ зүйлд гардаг бөгөөд Филиппойн захирагчид өөрийг нь зодсон нь эрхэнд нь халдсан хэрэг гэж Паул хэлсэн (Үлдсэн хоёр тохиолдлыг Үй 22:25; 25:11-ээс үзнэ үү).
12 САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 17, 18
«Элч Паулын дэлгэрүүлэх, заах аргыг дуурайцгаая»
nwtsty Үй 17:2, 3-ын тайлбар
ойлгоход нь туслан: Паул тэдэнд сайн мэдээг зөвхөн хүргээд зогсоогүй, харин тайлбарлаж, Судрыг үндэс болгон Еврей Судраас баримтыг үзүүлсэн. Тэрээр Библийг зүгээр л уншаагүй. Сонсогчдыг бодуулж, сонсогчдод тааруулан бодуулах аргаа өөрчилсөн. Грек үйл үг диалегомаи нь «үг солилцох, ярилцах, хэлэлцэх» гэсэн утгатай. Энэ үг хүмүүстэй харилцана гэсэн санаа илэрхийлдэг. Энэ грек үгийг Үй 17:17; 18:4, 19; 19:8, 9; 20:7, 9-д бас хэрэглэсэн байдаг.
Судраас иш татан баталж: Грек үгийг үгчилбэл «цуг тавих (хажууд нь тавих)» гэсэн утгатай. Үүнээс үзэхэд Паул Еврей Сударт гардаг Мессиагийн талаарх зөгнөлүүд болон Есүсийн амьдралд болж байсан явдлуудыг сайтар харьцуулан Есүс зөгнөлүүдийг хэрхэн биелүүлснийг үзүүлсэн бололтой.
nwtsty Үй 17:17-гийн тайлбар
зах: Афины зах (грек, агора) нь Акрополисын баруун хойд зүгт байсан бөгөөд 50 000 метр квадрат орчим талбайтай байсан. Зах нь зүгээр нэг худалдааны газар биш байв. Харин ч эдийн засгийн, төр засгийн, соёлын төв байжээ. Афинчууд нийт олноороо цугладаг энэ газар хүмүүс эрдэм мэдлэгийн тухай ярилцах дуртай байсан.
nwtsty Үй 17:22, 23-ын тайлбар
Үл мэдэгдэх бурханд: Афинд агностоитеои гэсэн грек үгийг сийлсэн нэгэн тахилын ширээ байв. Афинчууд бурхдаас эмээж, тэдэнд зориулан олон сүм ба тахилын ширээг барьсан. Бүр Нэр алдар, Даруу, Эрч хүч, Ятгалга, Өрөвч сэтгэл гэх зэргийн хийсвэр бурхдад бас зориулж тахилын ширээ босгосон. Аль нэгэн бурхныг орхигдуулж, дургүйг нь хүргэх вий гэсэндээ «Үл мэдэгдэх бурханд» гэсэн бичигтэй тахилын ширээ босгосон бололтой. Ингэснээрээ тэд өөрсдийнхөө мэддэггүй бурхан байдгийг хүлээн зөвшөөрдгөө илэрхийлсэн. Паул энэ тахилын ширээг эвтэйхэн дурдаж, тухайн үед тэдний мэдээгүй байсан жинхэнэ Бурхны тухай тунхаглах үндэс суурийг тавьсан.
Эрдэнэс хайх нь
w08 5/15 32 ¶5
«Үйлс» номын онцлох санаа
18:18—Паул ямар тангараг өргөсөн бэ? Зарим эрдэмтэн Паулыг Назирын тангараг өргөсөн гэж үздэг (То 6:1–21). Гэхдээ Паулыг ямар тангараг өргөсөн тухай Библид гардаггүй. Түүнээс гадна Паулыг Христийн дагалдагч болохоосоо өмнө эсвэл хойно тангараг өргөсөн тухай, мөн тангаргийнх нь хугацаа эхэлж байгаа эсвэл дуусах гэж байгаа тухай огт дурдаагүй. Ямар ч байсан, Паулын тангараг өргөсөн нь нүгэл биш байв.
nwtsty Үй 18:21-ийн тайлбар
Ехова хүсвэл: Аливааг хийхдээ эсвэл хийхээр төлөвлөхдөө Бурхны хүсэл тааллыг харгалзан үзэх хэрэгтэйг онцолсон үг хэллэг. Элч Паул энэ зарчмыг үргэлж санаж явсан (1 Ко 4:19; 16:7; Ев 6:3). Шавь Яаков бас уншигчдадаа «Ехова хүсвэл бид амьд байж, үүнийг юм уу түүнийг хийнэ» гэж хэлэхийг уриалжээ (Яак 4:15). Үүнийг амны уншлага болгох биш, чин сэтгэлээсээ хэлэх учиртай. «Ехова хүсвэл» гэж хэлдэг хүн Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийг хичээх ёстой. Энэ үгийг заавал хүнд сонсогдохоор хэлэх ёстой юм биш. Зөвхөн дотроо хэлсэн ч болно (бас Үй 21:14-ийг үзнэ үү). Грек Сударт гардаг Еховагийн нэрийн талаар бүс 2-ыг үзнэ үү.
12 САРЫН 31—1 сарын 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 19, 20
«Өөртөө ч, сүрэгт ч анхаарал тавьж бай»
bt 172 ¶20
«Нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүй»
20 Паулын амьдрал хожим нь хонин сүргийг ашигласан хүмүүсийнхээс тэс өөр байсан. Тэрээр хурлынхандаа дарамт учруулахгүйн тулд ажил хийж амьжиргааны мөнгөө олсон. Итгэл нэгтнүүддээ тусалсан нь хувийн ашгийн төлөө биш байсан. Тэрээр бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байхыг Эфэс дахь ахлагчдад уриалсан. Паул тэдэнд «сул дорой хүмүүст тус болох ёстойг, Эзэн Есүсийн үгийг санаж явах учиртайг би бүх талаар та нарт үлгэрлэн харуулсан. Есүс: “Авахаасаа өгөх нь илүү жаргалтай” гэж хэлсэн билээ» хэмээжээ (Үй 20:35).
Эрдэнэс хайх нь
bt 161 ¶11
Эсэргүүцэл тулгарсан ч «өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болж байлаа»
11 Паул энэ сургуулийн танхимд өдөр бүр 11 цагаас 16 цаг хүртэл илтгэл тавьсан бололтой (Үй 19:9). Хамгийн халуун энэ цагаар хүмүүс хоолоо идэж амардаг байсан учраас нам гүм байсан. Паул бүтэн 2 жил энэ хуваариа баримталсан гэж үзвэл заах ажилдаа зарцуулсан цаг нь 3 000 хол давна. Энэ нь Еховагийн үг өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болсны бас нэг шалтгаан юм. Паул ажилсаг, уян хатан байжээ. Тэрээр тухайн нийгмийн хүмүүст тохиромжтой цагт дэлгэрүүлэхийн тулд хуваариа өөрчилсөн. Энэ нь ямар үр дүнтэй байсан бэ? «Ази мужийн иудей, грек гээд бүх хүн Эзний үгийг сонсжээ» (Үй 19:10). Паул үнэхээр сайтар дэлгэрүүлжээ!
bt 162-163 ¶15
Эсэргүүцэл тулгарсан ч «өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болж байлаа»
15 Скюгийн хүүхдүүд шившиг болсны дараа улам олон хүн Бурхнаас эмээдэг болсон бөгөөд үүний үрээр олон хүн итгэгч болж, ид шид үйлдэхээ больжээ. Ид шид нь Эфэсийн соёлын салшгүй хэсэг байсан. Ид шид болон сахиус түгээмэл байсан бөгөөд бичиг болгон буулгасан ид шидтэй үгийг өргөн хэрэглэдэг байсан. Эфэсийн олон хүн өөрсдөө ид шидийн талаарх номуудаа авчирч олны өмнө шатаасан. Эдгээр номын үнэ одоогийн ханшаар олон арван сая төгрөгийн үнэтэй. Лук: «Ийнхүү Еховагийн үг өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болж байлаа» хэмээн тэмдэглэжээ (Үй 19:17–20). Худал хуурмаг болон чөтгөрийг шүтэх явдлыг үнэн ийнхүү ялан дийлсэн! Энэ үнэнч хүмүүс, бидэнд дуурайвал зохих үлгэр жишээ үлдээсэн. Ид шид нь бас бидний амьдарч буй өнөөгийн нийгмийн салшгүй хэсэг юм. Хэрвээ ид шидтэй холбоотой эд зүйл өөртөө байгааг анзаарсан бол Эфэсийнхний адилаар шууд хаях ёстой. Ямар ч хохирол амсах байсан, тийм бузар үйл хэргээс хол явцгаая.