«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
12-Р САРЫН 7-13
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 10, 11
«Еховаг гэр бүлийнхнээсээ илүү хайрлах»
it-1 1174
Ёс бус үйл хэрэг
Ёс бусаар өргөсөн гал ба утлага. Левит 10:1-д «[Бурхны] тэдэнд тушаагаагүй ёс бус гал»-ыг дурдахдаа зар (эм үгийн хэлбэр нь зара, үгчлэн орчуулбал «этгээд, хачин» гэсэн утгатай) гэдэг Еврей үгийг хэрэглэсэн. Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар Еховад тийм юм өргөснөөсөө болоод галаар шийтгүүлж үхсэн (Ле 10:2; То 3:4; 26:61). Дараа нь Ехова Ааронд «Чи болон чамтай хамт байдаг хөвгүүд чинь ч үхэхгүйн тулд хурлын майханд ирэхдээ дарсыг ч, архийг ч бүү уугтун. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх зарлиг бөгөөд ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд, бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм» хэмээн айлджээ (Ле 10:8-11). Үүнийг үзвэл Надаб, Абиху нар архинд согтсон байсан учраас Бурхны тушаагаагүй галыг өргөх гэж зүрхэлсэн бололтой. Өргөсөн цаг, газар юм уу арга нь буруу байсан учраас ёс бусаар өргөсөн гэсэн бололтой. Аль эсвэл Египетээс гарсан нь 30:34, 35-д зааснаас өөр найрлагатай утлага уугиулснаас болсон байж болох юм. Согтуу байсан гэдэг нь нүглийн хариуцлагаас мултрах шалтгаан биш байв.
Эрдэнэс хайх нь
it-1 111 ¶5
Амьтан
Хоол хүнсний талаарх энэхүү хориг зөвхөн Мосегийн хуулийн дор амьдарч байсан хүмүүст хамаатай. Левит 11:8-д «Тэдгээр нь та нарт [буюу израйлчуудад] бузар юм» гэж бичсэн байдаг. Христ Есүсийн золиосны үндсэн дээр Мосегийн хуулийг сахихаа больсны улмаас ийм хориг бас хүчингүй болсон. Ингээд бүх хүн төрөлхтөн усан галавын дараа Еховагийн Ноад тунхагласны дагуу дахин бүх амьтныг хоол хүнсэнд хэрэглэх боломжтой болсон (Ко 2:13-17; Эх 9:3, 4).
12-Р САРЫН 14-20
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 12, 13
«Уяман өвчний талаарх хуулийн заалтуудаас юу сурах вэ?»
wp16.4 9 ¶1
Таны мэдлэгт
Библи бичигдэж байх үед Иудейчүүд тухайн үед түгээмэл байсан уяман өвчнөөс айдаг байв. Энэхүү аюултай өвчин өвчтөний мэдрэлийн судлын үзүүр хэсгийг сэргэшгүйгээр гэмтээдэг ба хүний гадаад төрхийг өөрчилдөг. Тухайн үед уяман өвчнийг эмчлэх боломжгүй байсан. Уяман өвчтэй хүмүүсийг тусгаарладаг байсан ба тэд өөрсдийн уяман өвчтэй гэдгээ бусдад мэдэгдэх ёстой байжээ (Левит 13:45, 46).
it-2 238 ¶3
Уяман өвчин
Хувцас юм уу гэрт үүссэн уяман өвчин. Уяман өвчин бас хонины ноосон хувцас, маалинган хувцас юм уу савхиар хийсэн эд зүйлд үүсдэг байжээ. Усаар угааж энэхүү өвчнийг арилгаж болдог байсан ба тэрхүү эд зүйлийг тусгаарлах арга хэмжээ бас авдаг байв. Гэхдээ ногоовтор юм уу улбар толбоор илрэх энэ өвчин байсаар байх тохиолдолд тэр нь архаг уяман өвчин байсан бөгөөд тэрхүү эд зүйлийг шатаах ёстой байв (Ле 13:47-59). Хэрэв байшингийн хананд ногоовтор юм уу улбар өнгөтэй толбо хонхойж орсон харагдвал тахилч тэрхүү байшинг тусгаарладаг байв. Шаардлагатай бол өвчний толбо үүссэн чулуунуудыг салган авч, байшингийн дотор хананы шаврыг хусаж авдаг байсан ба тэдгээрийг хотын гаднах бузар газарт хаядаг байжээ. Хэрэв өвчний толбо дахин гарч ирвэл, тэрхүү байшинг бузар хэмээн зарлан мэдэгдээд нураадаг байсан ба барьсан материалуудыг нь бузар газарт хаядаг байв. Гэхдээ цэвэр хэмээн тодорхойлбол тэрхүү байшинг цэвэршүүлэх ёслол хийдэг байв (Ле 14:33-57). Зарим судлаач хувцас юм уу байшинд үүсдэг уяман өвчнийг нэгэн төрлийн хөгц юм уу мөөгөнцөр гэж үздэг ч энэ нь батлагдаагүй байна.
Эрдэнэс хайх нь
w04 5/15 23 ¶2
Левит номын онцлох санаа
12:2, 5—Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа яагаад «бузартсанд» тооцогддог байсан бэ? Нөхөн үржихүйн эрхтэн төгс амьтай хүнийг төрүүлэх зорилгоор бүтээгдсэн. Гэхдээ удамшсан нүглийн улмаас хүн төрөлхтөн төгс бус, нүгэлтэй амийг үр хойчдоо өвлүүлдэг болсон. Хүүхэд төрүүлэх, сарын тэмдэг ирэх болон үрийн шингэн гарах гэх зэргээс үүдсэн түр зуурын «бузартал» нь удамшиж авсан нүгэлтэй гэдгийг хүмүүст сануулдаг байв (Левит 15:16-24; Дуулал 51:5; Ром 5:12) Ариусгалтай холбоотой хууль дүрэм нүглийг далдалж, төгс байдалд эргүүлэн аваачих зорилго бүхий золиосны арга хэмжээ хүн төрөлхтөнд хэрэгтэй гэдгийг ойлгоход нь израйлчуудад тусалдаг байсан. Тиймээс Мосегийн хууль тэднийг Христ рүү хүргэж өгөх хамгаалагч болсон (Галат 3:24).
12-Р САРЫН 21-27
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 14, 15
«Жинхэнэ шүтлэг цэвэр байхыг шаарддаг»
it-1 263
Усанд орох
Жирийн израйл хүн ч янз бүрийн шалтгаанаар угаалгын ёс үйлдэх шаардлагатай байжээ. Уяман өвчнөөс эдгэрсэн хүн, «гоождостой» хүний хүрсэн юманд хүрсэн хүн, үрийн шингэн нь гарсан эрэгтэй, сарын тэмдэг нь ирсэн юмуу цусан гоождос гарсан эмэгтэй, эсвэл бэлгийн харьцаанд орсон хүнийг «бузартсанд» тооцдог байсан бөгөөд тийм хүн усанд орох ёстой байв (Ле 14:8, 9; 15:4-27). Хүний цогцостой майханд байсан хүн юм уу хүний цогцсонд хүрсэн хүнийг «бузартсанд» тооцдог байсан бөгөөд тэр хүнийг цэвэршүүлэх усаар ариусгах ёстой байв. Энэхүү тогтоолыг дагахаас татгалзсан хүн «ЭЗЭНий ариун газрыг бузарласны улмаас чуулганы дундаас таслагдах ёстой» байв (То 19:20). Тиймээс Еховагийн өмнө цэвэр ариун байдалтай байгааг илэрхийлэхэд угаах гэдэг үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэдэг нь тохиромжтой (Ду 26:6; 73:13; Ис 1:16; Ез 16:9). Усаар бэлгэддэг Еховагийн үнэний үгээр угаагдсан хүн ариусдаг (Эф 5:26).
it-2 372 ¶2
Сарын тэмдэг
Эмэгтэй хүн бас сарын тэмдгийн бузартлаас өөр үед цусан гоождостой байх хугацаанд эсвэл «сарын тэмдгийн ... үеэсээ цааш гоождостой байх» хугацаанд бузартсанд тооцогддог байв. Тэр хугацаанд түүний хэвтэх юм уу суухдаа хүрсэн зүйлээр зогсохгүй тийм юманд хүрсэн хүмүүс ч бас бузартдаг байв. Тэр эмэгтэй гоождос нь зогсоод долоо хоногийн дараа цэвэр болдог байв. Найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг тахилчид авчирч өгвөл тахилч тэдгээрийн нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон Еховад өргөдөг байжээ (Ле 15:19-30).
it-1 1133
Ариун газар
2. Хурлын майхан, хожмын ариун сүм. Мөргөлийн асрын хашаа болон ариун сүмийн хашааг оролцуулаад заасан газар бүгд ариун газар байв (Ег 38:24; Ш.дэ 29:5; Үй 21:28). Хашаанд байсан гол эд зүйлс нь тахилын ширээ болон хүрэл угаалгын сав байсан бөгөөд эдгээр нь ариун юмс байжээ. Мөргөлийн асрын хашаанд зөвхөн заншил ёсоор ариуссан хүмүүс л орж болдог байсан ба үүний адилаар бузартсан хүн ариун сүмийн хашаанд орж болдоггүй байв. Жишээлбэл, бузартсан эмэгтэй ариун юманд жаахан ч гэсэн хүрэх юм уу ариун газарт орох ёсгүй байв (Ле 12:2-4). Мөн израйлчууд бузартсан байдалтай хэвээрээ байвал мөргөлийн асрыг бузарлаж байгаад тооцогддог байсан нь лавтай (Ле 15:31). Уяман өвчнөөсөө цэвэршээд тахил өргөх гэж буй хүн тахилаа зөвхөн хашааны хаалган дээр хүртэл л авчирдаг байв (Ле 14:11). Бузартсан хэн ч мөргөлийн асар юм уу ариун сүмд эвийн тахилаас идэж болдоггүй байсан ба идвэл үхэх ёстой байжээ (Ле 7:20, 21).
Эрдэнэс хайх нь
it-1 665 ¶5
Чих
Израйлийн тахилчдыг томилох ёслолын үеэр Ехова Мосед уг ёслолын хуцын хэсэг цусыг авч Аароны баруун чихний гэдэс болон Аароны хөвгүүн бүрийн баруун чихний гэдэс, баруун гар ба хөлд нял гэж тушаасан. Энэ нь тэдний сонсдог зүйл, хийдэг үйл, явах зам нь Бурхны хүсэл таалалтай нийцэх ёстойг илтгэсэн (Ле 8:22-24). Үүний адилаар, уяман өвчнөөс эдгэрсэн хүний хувьд ч Мосегийн хуулийн дагуу тахилч гэмийн төлөөх тахил болгон өргөгдсөн хуцын хэсэг цус ба тосыг тэр өвчтөний баруун чихний гэдсэнд нялах ёстой байсан (Ле 14:14, 17, 25, 28). Насаараа эзнийхээ боол болохыг хүссэн хүнтэй холбоотой хуулиас үүнтэй төстэй нэг арга хэмжээ байсныг мэдэж болно. Тийм тохиолдолд эзэн нь тэрхүү боолыг хаалганы хатавч руу дагуулж очоод түүний чихийг шөвгөөр цоолох ёстой байжээ. Сонсох эрхтэнд тавьсан энэхүү тодорхой тэмдгээр эзэндээ үргэлж дуулгавартай байж үгийг нь анхааралтай сонсоё гэсэн боолын хүсэл санааг илэрхийлсэн бололтой (Ег 21:5, 6).
g 1/06 14, box
Хөгц—Найз, бас дайсан!
БИБЛИД БАС ХӨГЦИЙГ ДУРДСАН БАЙДАГ УУ?
Библид «байшин» дахь «арьсны халдварт өвчний толбыг» дурдсан байдаг ба энд гарч буй «байшин» гэдгээр тухайн барилгыг хэлдэг (Левит 14:34-48). Ямартай ч Бурхны хуульд байшингийн эзэн халдвартай чулуунуудыг салган авч, байшингийн бүх дотор хананы шаврыг хусаж аваад, сэжиг бүхий бүх эд зүйлийг хотын гаднах «бузар газарт» аваачиж хаяхыг тушаасан байдаг. Хэрэв өвчний толбо дахин гарч ирвэл, тэрхүү байшинг бүхлээр нь бузар хэмээн зарлан мэдэгдээд нурааж, бүх юмыг нь хаях ёстой байжээ. Энэхүү нарийн заавар Ехова ард түмнээ хайрлаж, тэднийхээ эрүүл мэндэд санаа тавьдгийг тусган харуулдаг.
12-Р САРЫН 28–1-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЛЕВИТ 16, 17
«Эвлэрүүллийн өдөр бидэнд ямар хамаатай вэ?»
Эрдэнэс хайх нь
it-1 226 ¶3
Нүглийг үүрэгч ямаа
Элч Паулын тайлбарласанчлан, Есүс өөрийн төгс амийг хүн төрөлхтний нүглийн төлөө золиос болгон өргөснөөр «бух, ямааны цустай» харьцуулшгүй агуу үйлсийг бүтээсэн (Ев 10:4, 11, 12). Ингэж тэрбээр «бидний өвчнийг өөртөө тээж», «бидний нүглийн төлөө хатгагдсанаар» нүглийг үүрэгч ямааны үүргийг гүйцэтгэсэн (Ис 53:4, 5; Мт 8:17; 1 Пе 2:24). Тэрбээр өөрийн золиосны үнэ цэнд итгэдэг бүх хүний нүглийг «тээгээд» явсан бөгөөд нүглийг бүрэн арилгах Бурхны арга хэмжээг тодорхой харуулсан. Энэ утгаараа «нүглийг үүрэгч ямаа» нь Есүс Христийн золиосыг бэлгэддэг.