СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28
Хаант төр захирч байна!
«Бурхны маань болон түүний Христийн Хаант төр хүн төрөлхтнийг захирч эхэллээ» (ИЛЧ. 11:15).
ДУУ 136 Хаанчлал тань ирэх болтугай!
ТОЙМa
1. Бид юунд итгэдэг вэ? Яагаад?
ДЭЛХИЙ дахины нөхцөл байдлыг харахаар хойшид сайжирна гэж итгэхэд хэцүү байна уу? Гэр бүлийн гишүүд бие биеэ урьдынх шигээ хайрлаж хүндлэхээ больсон. Хүмүүсийн ихэнх нь улам бүр аминч, харгис хэрцгий болж байна. Эрх мэдэлтнүүдэд ч итгэхэд бэрх болжээ. Гэхдээ бид энэ бүхнийг хараад удахгүй бүх юм сайхан болно гэдэгт итгэдэг. Яагаад? Учир нь «эцсийн өдрүүдийн» тухай зөгнөлд хүмүүс яг ийм болно гэж бичжээ (2 Тим. 3:1–5). Чин сэтгэлтэй хүмүүс энэ зөгнөл биелж байгааг үгүйсгэдэггүй. Бас зөгнөл биелж байгаа нь Есүс Христ Бурхны Хаант төрийн Хаан болоод захирч эхэлсний баталгаа билээ. Гэхдээ энэ зөгнөл нь Хаант төрийн тухай олон зөгнөлийн зөвхөн нэг нь юм. Сүүлийн жилүүдэд биелсэн бусад зөгнөлийг судалбал итгэл маань улам батажна.
Эвлүүлдэг зургийн хэсгүүдийг эвлүүлбэл юу байгаа нь тодорхой харагдана. Үүн шиг «Даниел» болон «Илчлэл» номд гардаг зөгнөлүүдийг «эвлүүлбэл» Ехова юу төлөвлөснийг харуулах үйл явдлын он цагийн хэлхээг тод харна (2-р догол мөрийг үзээрэй)
2. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Яагаад? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг тайлбарлаарай).
2 Энэ өгүүллээр 1) Бурхны Хаант төр хэзээ байгуулагдсаныг, 2) Есүс тэнгэрт байгуулагдсан Бурхны Хаант төрийн Хаан болж захирч эхэлснийг, 3) Хаант төрийн дайснууд хэрхэн үгүй болохыг мэдэхэд тустай зөгнөлүүдийг судална. Эвлүүлдэг зургийн хэсгүүдийг эвлүүлбэл ямар зураг байгааг бүтнээр нь хардаг шиг дээрх зөгнөлүүдийг «эвлүүлбэл» Ехова юу төлөвлөснийг харуулах үйл явдлын он цагийн хэлхээг тод харна. Бас аль цаг үед амьдарч байгаа маань тодорхой харагдана.
ХААНТ ТӨР ХЭЗЭЭ БАЙГУУЛАГДСАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
3. Даниел 7:13, 14-т бичсэн зөгнөл юуг баталдаг вэ?
3 Даниел 7:13, 14-т бичсэн зөгнөл Бурхны Хаант төрийн хамгийн сайн захирагч нь Есүс Христ гэдгийг баталдаг. Бүх үндэстний хүмүүс «түүнд үйлчлээд» баяр жаргалаар бялхана. Есүсийг залгамжлах өөр захирагч гарахгүй. «Даниел» номын бас нэг зөгнөлд Есүс бэлгэдлийн долоон цаг үеийн эцэст хаан болохыг зөгнөсөн байдаг. Энэ баярт үйл явдал хэзээ болсныг мэдэх боломжтой юу?
4. Даниел 4:10–17-гоос Христ хэзээ Хаан болсныг хэрхэн мэдэхийг тайлбарлана уу (Бас зүүлтийг үзнэ үү).
4 Даниел 4:10–17-г уншина. «Долоон цаг үе» нь 2 520 жилтэй тэнцүү бөгөөд вавилончууд Иерусалим дахь Еховагийн хаан ширээнээс сүүлчийн хааныг авч хаясан МЭӨ 607 онд эхэлж, МЭ 1914 онд дууссан. Энэ онд Ехова «эрхтэй Нэгэн» буюу Есүсийг Хаант төрийн Хаан болгосон (Езе. 21:25–27).b
5. «Долоон цаг үеийн» тухай зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ?
5 Энэ зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ? Бид «долоон цаг үеийн» тухай зөгнөлөөс Ехова амласнаа цаг тухайд нь биелүүлдгийг мэдэж авна. Ехова Хаант төрөө байгуулах тодорхой цагийг товлочихоод биелүүлсэн шигээ бусад бүх зөгнөлөө ч товлосныхоо дагуу биелүүлнэ. Тийм ээ, Еховагийн өдөр «хоцролгүй заавал ирнэ» (Хаб. 2:3).
ХРИСТ ХААН БОЛСНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
6. а) Христ тэнгэрээс захирч байгааг батлах юу юу дэлхий дээр болж байна вэ? б) Үүнийг Илчлэл 6:2–8-д гардаг зөгнөл хэрхэн баталдаг вэ?
6 Есүс тэнгэрт очоод Хаан болохоор дэлхий дахинд юу болохыг шавь нартаа хэлсэн байдаг. Дайн гарч, өлсгөлөн болж, газар хөдөлж, бас «энд тэндгүй» тахал гарна гэжээ. Хэлснийх нь дагуу саяхан КОВИД-19 цар тахал дэлхий даяар дэгдсэн. Эдгээр нь Библид бичсэнээр Христийн ирчихээд байгаагийн «шинж тэмдгийн» нэг хэсэг юм (Мат. 24:3, 7; Лук 21:7, 10, 11). Есүс үхээд тэнгэрт гараад 60 гаруй жил өнгөрсний дараа дээрх үйл явдал болохыг элч Ёоханд дахин хэлж баталсан (Илчлэл 6:2–8-ыг уншина). Есүс 1914 онд хаан болсноос хойш дээрх бүх үйл явдал болж байгаа билээ.
7. Есүс захирч эхэлсний дараа хүн төрөлхтөн яагаад улам их зовж байгаа вэ?
7 Есүсийг хаан болсны дараа дэлхийн нөхцөл байдал яагаад муудсан бэ? Илчлэл 6:2-т бичсэнээр Есүс хаан болонгуутаа дайтсан. Хэнтэй вэ? Сатан болон чөтгөрүүдтэй нь. «Илчлэл» номын 12-р бүлэгт бичсэнээр Есүс Сатаныг ялж, чөтгөрүүдтэй нь хамт дэлхий рүү хаясан. Тиймээс үлэмж ихээр уурлаж хилэгнэсэн Сатан хүмүүс рүү дайрч гай зовлон учруулж байна (Илч. 12:7–12).
Бид муу мэдээ сонсоод баярладаггүй. Гэхдээ Библийн зөгнөл биелж байгааг хараад Бурхны Хаант төр захирч байгаа гэдэгт улам бүр бат итгэдэг (8-р догол мөрийг үзээрэй)
8. Хаант төрийн тухай зөгнөлүүд биелж байгааг мэдэх нь бидэнд ямар ач тустай вэ?
8 Энэ зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ? Дэлхий дахинд болж байгаа үйл явдал болон хүмүүсийн зан ааш илт өөрчлөгдөж байгаа нь Есүс захирч байгааг илтгэдэг. Тиймээс хүмүүс нэг нэгнээ үзэн ядаж, аминч үзэлтэй болж байгааг хараад сэтгэл зовохын оронд Библийн зөгнөл биелж байгааг санаарай. Тийм ээ, Хаант төр захирч байна! (Дуу. 37:1). Цаашдаа ч Хармагедон ойртох тусам зовлон гамшиг улам нэмэгдэнэ (Марк 13:8; 2 Тим. 3:13). Хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань өнөөгийн ертөнц яагаад зовлон бэрхшээлээр дүүрэн байгааг ойлгуулдагт талархаад баршгүй!
ХААНТ ТӨРИЙН ДАЙСНУУД ХЭРХЭН ҮГҮЙ БОЛОХ ВЭ?
9. Даниел 2:28, 31–35-д бичсэн зөгнөлд дэлхийн сүүлчийн эзэнт гүрнийг юугаар дүрсэлсэн бэ? Энэ эзэнт гүрэн хэдийнээс бий болсон бэ?
9 Даниел 2:28, 31–35-ыг уншина. Энэ зөгнөл бас биелж байгааг бид харж байна. Небухаднезарын зүүднээс «хожмын өдөр» буюу Христийг захирч эхэлсний дараа юу болохыг мэдэж авдаг. «Төмөр шаврын холимгоос бүтсэн тавхайгаар» бэлгэддэг дэлхийн сүүлчийн эзэнт гүрэн бол Есүсийг эсэргүүцдэг дэлхий дэх дайснуудынх нь нэг юм. Энэ нь аль хэдийнээс захирч байгаа бөгөөд Британи АНУ хоёр Дэлхийн I дайны үед түнш болсон цагаас бий болсон. Энэ эзэнт гүрэн нь өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатайг харуулах наад захын хоёр зүйлийг Небухаднезарын зүүдэнд гардаг асар том баримлаас мэдэх боломжтой.
10. а) Даниелын зөгнөлд Англи-Америкийн эзэнт гүрнийг хэрхэн оновчтой дүрсэлсэн бэ? б) Бид ямар аюулаас болгоомжлох ёстой вэ? («“Шавраас” болгоомжлоорой!» гэсэн хавсралтыг үзээрэй).
10 Нэгдүгээрт, өмнөх эзэнт гүрнүүдийг алт, мөнгө зэрэг хүнд металлаар бэлгэдсэн бол Англи-Америкийн эзэнт гүрнийг төмөр шаврын холимгоор бэлгэджээ. Шавар гэдэг нь «хүний үр» буюу хүмүүс юм (Дан. 2:43). Тэд сонгуульд оролцож, иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийж, үйлдвэрчний эвлэлд нэгдсэнээр эзэнт гүрнийхээ хүчийг сулруулж, бодлогоо хэрэгжүүлэхэд нь саад болж байгааг өнөөдөр бид тодорхой харж байна.
11. Англи-Америкийн эзэнт гүрэн захирч байгаа нь төгсгөлийн цаг үед амьдарч байгаа гэсэн итгэлийг маань хэрхэн батжуулдаг вэ?
11 Хоёрдугаарт, баримлын тавхайгаар бэлгэдсэн Англи-Америк нь Библид зөгнөсөн сүүлчийн эзэнт гүрэн юм. Өөрөөр хэлбэл үүний дараа гарах эзэнт гүрэн гэж байхгүй. Харин Бурхны Хаант төр Хармагедоноор энэ эзэнт гүрнийг бусад засгийн газартай хамт үр үндсээр нь устганаc (Илч. 16:13, 14, 16; 19:19, 20).
12. Бид Даниелын зөгнөлөөс бас юуны тухай мэдэж аваад тайвширдаг вэ?
12 Энэ зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ? Бид төгсгөлийн цаг үед амьдарч байгаагийнхаа баталгааг Даниелын зөгнөлөөс бас мэдэж авдаг. Вавилоны дараа Бурхны ард түмэнд хүчтэй нөлөөлөх дөрвөн эзэнт гүрэн гарч ирэхийг одоогоос 2 500 гаруй жилийн өмнө Даниел зөгнөсөн. Дөрвөн эзэнт гүрний сүүлчийнх нь Англи-Америкийн эзэнт гүрэн гэдгийг энэ зөгнөлөөс ойлгож авна. Тэгэхээр бид Бурхны Хаант төр тун удахгүй хүний бүх засаглалыг ул мөргүй устгаж, дэлхийг бүхэлд нь захирна гэдгийг мэдэж аваад тайвширдаг (Дан. 2:44).
13. Илчлэл 17:9–12-т гардаг «найм дахь хаан» болон «арван хаанаар» юуг бэлгэддэг вэ? Энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ?
13 Илчлэл 17:9–12-ыг уншина. Дэлхийн I дайны хор уршиг нь эцсийн өдрүүдийн тухай өөр нэг зөгнөл биелэхэд нөлөөлсөн. Дэлхийн удирдагчид энх тайван тогтоохыг хүсэж байв. Тиймээс 1920 оны 1-р сард Үндэстнүүдийн Холбоог байгуулсан ч хожим нь үүнийхээ оронд 1945 оны 10-р сард Нэгдсэн Үндэстний Байгууллагыг бий болгосон. Үүнийг «найм дахь хаан» гэж нэрлэдэг ч энэ нь дэлхийн эзэнт гүрэн биш юм. Энэ байгууллагыг засгийн газрууд дэмждэг учраас л хүчтэй байдаг. Дэмждэг засгийн газруудыг нь Библид «арван хаанаар» бэлгэджээ.
14, 15. а) Илчлэл 17:3–5-д Агуу Вавилоны талаар юу гэж бичсэн байдаг вэ? б) Хуурамч шашныг дэмждэг байсан хүмүүс яаж байгаа вэ?
14 Илчлэл 17:3–5-ыг уншина. Элч Ёохан Бурхны агуу хүчээр удирдуулан бүх хуурамч шашны бэлгэдэл болсон «Агуу Вавилон» гэдэг нэртэй янхныг үзэгдлээр үздэг. Энэ үзэгдэл юуг илчилдэг вэ? Хуурамч шашны байгууллагууд засгийн газруудтай нягт хамтран ажиллаж, тэднийг дэмждэг. Гэхдээ тун удахгүй Ехова улс төрийнхнийг ашиглаж «санаж зорьсноо гүйцэлдүүлнэ». Тэгэхэд юу болох вэ? «Арван хаан» буюу улс төрийнхөн хуурамч шашны байгууллагуудыг устгана (Илч. 17:1, 2, 16, 17).
15 Агуу Вавилоны төгсгөл ойрхон байгааг хэрхэн мэдэх вэ? Эртний Вавилон хот Евфрат мөрний усаар хамгаалагддаг байсныг санаарай. Тиймээс Агуу Вавилоныг дэмждэг сая сая хүнийг «Илчлэл» номд «устай» зүйрлэжээ (Илч. 17:15). Гэхдээ бас ус «хатаж ширгэнэ» гэж зөгнөснийг бодож үзвэл олон хүн хуурамч шашныг дэмжихээ болих нь ээ (Илч. 16:12). Өнөөдөр олон хүн бэрхшээлээ шийдэх өөр арга замыг хайж, хуурамч шашнаас нүүр буруулж эхэлсэн нь энэ зөгнөл биелж байгаагийн шинж юм.
16. Нэгдсэн Үндэстний Байгууллага бий болох болон Агуу Вавилон устгагдах тухай зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ?
16 Энэ зөгнөлийг ойлгох нь бидэнд ямар ач тустай вэ? Нэгдсэн Үндэстний Байгууллага бий болж, олон хүн хуурамч шашныг дэмжихээ больж байгаа нь эцсийн өдрүүдэд амьдарч байгааг маань бас нотолдог. Олон хүн Агуу Вавилоныг дэмжихээ больж байгаа ч үүнээс болоод хуурамч шашин үгүй болно гэсэн үг биш. Харин дээр дурдсанаар Ехова НҮБ-ыг дэмждэг улс төрийнхөн буюу «арван хааныг» ашиглаж «санаж зорьсноо гүйцэлдүүлнэ». Хуурамч шашин гэнэт устгагдахад хүмүүс мэл гайхаж цэл хөхөрнө (Илч. 18:8–10).d Энэ нь дэлхийг донсолгож, зүсэн бүрийн бэрхшээлийн үндэс болно. Харин Бурхны ард түмэн баярлана. Наанадаж хоёр шалтгаан бий. Юуны түрүүнд Ехова Бурхныг олон жил эсэргүүцэж ирсэн дайсан үүрд үгүй болно. Бас бидний аврал маш ойрхон байна! (Лук 21:28).
ЕХОВА ИРЭЭДҮЙД АРД ТҮМНЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ
17, 18. а) Бид итгэлээ хэрхэн улам батжуулах вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Даниел: «Мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж зөгнөсөн. Үнэхээр ч өсөн нэмэгдэж байна. Бид өнөө цагийн тухай зөгнөлүүдийг сайн ойлгож авлаа (Дан. 12:4, 9, 10). Эдгээр зөгнөл яг таг биелж байгаа нь Еховаг биширч, Үгийг нь эрхэмлэх хүслийг маань бадраадаг (Ис. 46:10; 55:11). Тэгэхээр Судрыг нямбай судалж, бас Еховатай дотно харьцаа тогтооход нь хүмүүст тусалцгаая. Тэгвэл итгэл маань улам батажна. Өөрт нь найддаг бүх хүнийг Ехова «төгс амар тайван дотор хамгаална» (Ис. 26:3).
18 Дараагийн өгүүллээр, төгсгөлийн цаг үед амьдардаг Христийн дагалдагчдын хуралтай холбоотой зөгнөлүүдийг авч үзнэ. Эдгээр зөгнөл эцсийн өдрүүдэд амьдарч байгааг маань бас баталдаг. Түүнчлэн манай хаан Есүс үнэнч дагалдагчдаа удирддаг гэдгийг харуулах нотолгоог мэдэж авна.
ДУУ 17 Гэрчүүд ээ, урагшаа!
a Бид хүн төрөлхтний түүхийн хамгийн сэтгэл догдлом цаг үед амьдарч байна! Библийн олон зөгнөлд бичсэний дагуу Бурхны Хаант төр аль хэдийн байгуулагдсан. Еховад итгэх итгэлээ батжуулж одоо ч, ирээдүйд ч амар тайван байхад тус болох зөгнөлүүдийг энэ өгүүллээр авч үзнэ.
b «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 32-р хичээлийн 4-р дэд гарчиг болон jw.org сайтад байгаа «Бурхны Хаант төр 1914 онд захирч эхэлсэн» видеог үзээрэй.
c Даниелын зөгнөлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 6-р сарын 15-ны дугаарын 14–19-р хуудсыг үзээрэй.
d Ойрын ирээдүйд юу болох талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 9-р сарын дугаарын «Бид Хармагедоныг сэтгэл догдлон хүлээдэг» гэсэн өгүүллийг үзээрэй.