НАМТАР
Өөрт нь итгэдэг хүнийг Ехова хамгаалдаг
ХҮМҮҮС амьдралын минь тухай асуухлаар «Би Еховагийн гар дахь тээш!» гэж хэлдэг. Хаашаа ч явсан би тээшээ бариад явдаг шиг Ехова болон байгууллага нь намайг тээш мэт авч яваасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл хаашаа, хэзээ явахыг минь чиглүүлээсэй гэсэн үг. Хүнд бэрхшээл тулгарч, заримдаа бүр аюул учрах байсан ч би Еховагийн өгсөн бүх даалгаврыг хүлээн авдаг байв. Өөрт нь итгэдэг хүнийг тэрбээр хамгаалдгийг би ойлгосон.
ЕХОВАГ ТАНЬЖ МЭДЭЭД ИТГЭСЭН МИНЬ
Би 1948 онд Нигерийн баруун өмнө хэсэгт байдаг жижиг тосгонд төрсөн. Тэр үед аавын дүү буюу авга ах Мустафа, дараа нь манай хамгийн том ах Вахаби баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Намайг 9-тэй байхад аав минь нас барав. Надад маш хэцүү санагдаж их гашуудсан. Тэгэхэд Вахаби ах аавыг амилна, бид түүнтэй дахин уулзана гэсэн. Энэ үгэнд нь би их тайвширч, Библи судалж эхлээд 1963 онд баптисм хүртсэн. Дараа нь бас эрэгтэй дүү болон 2 ах маань баптисм хүртсэн.
1965 онд Лагост амьдардаг Вилсон ахындаа очиж Игбоби хурлын байнгын эхлэгчидтэй дотносон нөхөрлөсөн. Тэдний баяр хөөртэй, идэвх зүтгэлтэй үйлчилж байгаа нь надад нөлөөлж, 1968 оны 1-р сард би ч байнгын эхлэгчийн эгнээнд элссэн.
Нигерийн хойд хэсэгт тусгай эхлэгчдийн хэрэгцээ их байсан тул Бетелд үйлчилдэг Альберт Олугбэби гэдэг ах залуучууд бидэнтэй тусгай уулзалт хийсэн. Тэр ахын бидэнд хандан хэлсэн сэтгэл хөдлөм уриалгыг би одоо хүртэл санадаг. «Нас залуу цус шингэн та нар цаг хүчээ Еховад зориулах боломжтой. Хийх ажил их байна!» Би зөнч Исаиаг дуурайн хаана ч үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж анкет бөглөсөн (Ис. 6:8).
1968 оны 5-р сард намайг Нигерийн хойд хэсэгт орших Кано хотод тусгай эхлэгчээр томилсон. Тэр үед Нигерид иргэний дайн (1967–1970) ид өрнөж байлаа. Нутгийн хойд хэсэгт, дараа нь зүүн хэсэгт энэ дайны улмаас олон хүн зовж зүдэрч, үхэж үрэгдэж байв. Нэг Гэрч эрэгтэй сайн санасандаа намайг тийшээ явахгүй байхыг ятгасан. Тэгэхэд нь би: «Санаа тавьсанд баярлалаа. Ехова тэнд үйлчлэх даалгавар өгсөн бол надтай хамт байна гэдэгт би огт эргэлзэхгүй» гэж хэлсэн.
ДАЙНЫ ХӨЛД НЭРВЭГДСЭН БҮС НУТАГТ Ч ЕХОВАД ИТГЭСЭЭР
Дайны хөлд нэрвэгдсэн том хот Кано юу ч үгүй сүйрч, сэтгэл сэрдхийлгэм харагдсан. Дэлгэрүүлж явахад хүмүүсийн цогцос хаа сайгүй таарна. Хэдийгээр тэнд хэд хэдэн хурал байсан ч ихэнх ах дүүс маань дүрвэж 15 хүрэхгүй дэлгэрүүлэгч үлдсэн байв. Айж сандарч, урам зориггүй болсон тэд тусгай эхлэгчээр томилогдсон бид зургааг очиход бөөн баяр хөөр болцгоосон. Тэгээд бид ч чадахаараа урамшуулж, тэдний ч сэтгэл санаа нь дээрдсэн. Цуглаан болон дэлгэрүүлэх ажлыг явуулах, салбар луу дэлгэрүүлэх ажлын тайлан илгээх, ном хэвлэл захиалах зэрэг ажлыг сэргээхэд нь бид тусалсан.
Тусгай эхлэгчид бид хауса хэл сурч эхлэв. Хаант төрийн мэдээг төрөлх хэлээр нь ярихаар олон хүн сонсож байсан. Гэвч тэндхийн гол шашных нь гишүүд биднийг дэлгэрүүлэхэд дургүйцэж байсан учир болгоомжлох хэрэгтэй байв. Нэг удаа хутга барьсан хүнд хостойгоо хөөгдөж байсан тохиолдол ч гарсан. Азаар бид илүү хурдан байсан учир баригдаагүй! Бэрхшээл тохиолдсон ч бид Еховагийн ачаар «аюулгүйгээр аж төрж», Канод дэлгэрүүлэгчдийн тоо ч нэмэгдсэн (Дуу. 4:8). Өнөөдөр тэндхийн 11 хуралд 500 гаруй дэлгэрүүлэгч үйлчилж байна.
НИГЕРИД ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН МИНЬ
Нижерийн Ниамейд тусгай эхлэгчээр үйлчилж байхдаа
Канод хэдхэн сар үйлчилсний дараа, 1968 оны 8-р сард өөр хоёр тусгай эхлэгчийн хамт намайг Бүгд Найрамдах Нижер улсын нийслэл Ниамей руу томилсон. Тун удалгүй Нижер нь баруун Африкийн хамгийн халуун бүс нутаг гэдгийг мэдлээ. Их халууныг тэсэж сурахаас гадна албан ёсных нь франц хэлийг сурах шаардлагатай болсон. Ийм бэрхшээлүүд тулгарсан ч Еховад найдаж, нутгийн цөөн хэдэн Гэрчтэй дэлгэрүүлж эхлэв. Ниамейн бичиг үсэг тайлагдсан бараг бүх оршин суугч богинохон хугацаанд «Мөнх амь руу хөтлөх үнэн» гэсэн Библи судлах гарын авлагатай болсон. Зарим нь бүр биднийг хайж ирээд энэ номыг авдаг байв!
Эрх баригчид Еховагийн Гэрчүүдэд дургүй байгааг бид удалгүй ойлгосон. 1969 оны 7-р сард тус улсад анхны дүүргийн чуулган зохион байгуулав. Нийт 20 орчим хүн цугларсан. Мөн 2 шинэ дэлгэрүүлэгчдээ баптисм хүртээхийг тэсэн ядан хүлээж байлаа. Гэтэл чуулганы эхний өдөр цагдаа нар ирээд хөтөлбөрийг зогсоож, дүүрэг хариуцагч болон тусгай эхлэгчдийг цагдаагийн хэсэг рүү аваад явав. Тэнд биднийг байцаасан. Тэгээд маргааш ирээрэй гээд явуулсан. Нөхцөл байдал эвгүйтэж байгааг анзаарсан бид айлын гэрт баптисмын илтгэлээ сонсоод, дараа нь нууцаар голд хоёр дэлгэрүүлэгчдээ баптисм хүртээсэн.
Хэдэн долоо хоногийн дараа дотоод хэргийн сайд нь бид зургааг улсаас гарахыг шаардсан тул өөрсдийнхөө зардлаар 48 цагийн дотор Нижерээс явах ёстой болов. Бид шаардлагыг нь шууд биелүүлж, Нигерийн салбарт очоод шинэ томилолт авсан.
Намайг Нигерийн Орисунбарэ гэдэг тосгонд томилсон. Тэндхийн цөөн хэдэн дэлгэрүүлэгчтэй хамт дэлгэрүүлээд их сайхан байв. Гэтэл 6 сарын дараа салбар намайг Нижер лүү буцаарай гэсэн. Эхэндээ би их гайхаж балмагдсан ч ах дүүстэйгээ уулзана гэж бодохлоор их сайхан санагдаж билээ!
Би Ниамейд буцаж ирлээ. Маргааш нь Нигерийн нэг бизнесмен намайг Гэрч гэдгийг мэдээд Библийн тухай янз бүрийн асуулт асуусан. Тэгээд түүнтэй Библийн хичээл хийж эхэллээ. Тэрбээр тамхи татах, хэтрүүлэн уухаа больж яваандаа баптисм хүртсэн. Би итгэл нэгтнүүдтэйгээ Нижерийн янз янзын газар дэлгэрүүлж, хүмүүс аажмаар үнэнийг хүлээж авахыг хараад баяр хөөрөөр бялхаж байсан. Намайг энэ улсад анх ирэхэд 31 Гэрч байсан бол явахад 69 болсон.
«БИДЭНД ГВИНЕЙ ДЭХ ХААНТ ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГИЙН ТАЛААР МЭДЭХ ЮМ БАРАГ БАЙХГҮЙ»
1977 оны сүүлээр 3 долоо хоногийн сургалтад суухаар Нигери рүү буцав. Сургалт дуусахын алдад Салбарын хорооны зохицуулагч Малколм Виго надад Сьерра Леоны салбараас ирсэн захиаг өгөв. Тэнд бичсэнээр Гвинейд дүүрэг хариуцагчаар үйлчлэх боломжтой, эрүүл чийрэг, ганц бие, англи, францаар ярьдаг, эхлэгчээр үйлчилдэг хүн хэрэгтэй ажээ. Намайг ийм зорилгоор сургаж байгааг, мөн амаргүй даалгавар болохыг Виго тодруулж хэлээд «Зөвшөөрөхөөсөө өмнө сайн бодоорой» гэж зөвлөв. Харин би шуудхан л «Ехова томилж байгаа учраас би явна аа» гэж хариулсан.
Би Сьерра Леонд нисэж очоод салбарын ах дүү нартайгаа уулзлаа. Салбарын хорооны нэг гишүүн надад «Бидэнд Гвиней дэх Хаант төрийн үйл хэргийн талаар мэдэх юм бараг байхгүй» гэв. Сьерра Леоны салбар нь хөрш улс болох Гвиней дэх дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг ч тэндхийн улс төрийн хурцадмал байдлаас болоод дэлгэрүүлэгчидтэй холбоо барих боломжгүй байсан юм билээ. Тэндхийн ах дүүсээ эргэх зорилгоор салбар хэд хэдэн удаа хүн явуулах гэж оролдсон ч бүтээгүй. Тийм учраас намайг Гвинейн нийслэл Конакрид оршин суух эрх авахыг бодоорой гэсэн.
«Ехова томилж байгаа учраас би явна аа»
Би Конакрид ирснийхээ дараа Нигерийн элчин сайдын яаманд очоод сайдтай нь уулзаж Гвинейд дэлгэрүүлэх хүсэлтэйгээ хэлсэн. Тэгтэл тэрбээр намайг баривчлагдах юм уу түүнээс ч дор аюулд өртөж болзошгүй учир энд үлдэх хэрэггүй гэсэн. «Нигери рүү буцаж тэндээ дэлгэрүүлсэн нь дээр» гэхэд нь «Би энд үлдэхээр шийдсэн» гэж хариулсан. Тэрбээр Гвинейн дотоод хэргийн сайдад захиа бичиж надад туслахыг гуйв. Сайд ч намайг хүлээн авсан, бас тусалсан.
Тун удалгүй Сьерра Леон дахь салбарт буцаж ирээд сайдын шийдвэрийг ах дүүстээ дуулгасан. Ехова аяллыг минь ивээснийг тэд сонсоод дуу алдан баярлалдсан. Ийнхүү би Гвинейд оршин суух зөвшөөрөлтэй болов!
Дүүргийн ажил, Сьерра Леонд
1978–1989 оны хооронд Гвиней болон Сьерра Леонд дүүрэг хариуцагчаар, Либерид дүүрэг хариуцагчийн орлогчоор үйлчилсэн. Эхэн үед би их өвддөг байсан. Заримдаа алслагдсан хэсэгт үйлчилж байхдаа өвдөнө. Тэгэхэд ах дүүс намайг эмнэлэгт хүргэх гэж чадах бүхнээ хийдэг байв.
Нэг удаа би хумхаа өвчин тусаад хүндээр өвдөхийн зэрэгцээ бас гэдэсний хорхойтой болсон. Тэгээд сүүлд нь эдгэснийхээ дараа, ах дүүс маань намайг үхэхээр хаана оршуулахыг ярьж байсныг сонссон! Ийм аминд халтай юм тохиолдож байсан ч даалгавраа орхиё гэж огт бодож байгаагүй. Үхлээ гэхэд биднийг амилуулж чадах Бурхан жинхэнэ утгаар хамгаална гэдэгт дандаа итгэж байсан.
ХАНЬТАЙГАА ЕХОВАД ИТГЭСЭЭР
Хуримынхаа өдрөөр, 1988
1988 онд би Доркас гэдэг маш даруу, Еховад маш их хайртай эхлэгч бүсгүйтэй танилцсан. Бид гэрлэж дүүргийн ажилд хамт зүтгэх болов. Эхнэр минь намайг чин сэтгэлээсээ дэмждэг, Еховад олон юмаа дуртайяа золиосолдог хүн юм. Бид хурлаас хурлын хооронд, хамгийн холдоо 25 километр хүртэлх замыг ачаатайгаа явган туулдаг байв. Харин бүр хол хурал руу янз бүрийн унаагаар том том нүхтэй шавар шавхайтай замаар явж очдог байлаа.
Доркас минь их зоригтой. Жишээлбэл заримдаа бид олон матартай гол гатлах хэрэгтэй болдог байв. Нэг удаа 5 хоног дүүргийн ажлаар явж байхдаа модон гүүр эвдэрснээс болоод нарийн завиар гол гатлах болсон. Доркас завинаас буух гэж босохдоо ус руу уначихав. Бид хоёр хоёулаа сэлж чадахгүй, бас тэр гол матартай байсан. Азаар хэдэн залуу ус руу үсрэн ороод түүнийг минь аварч билээ. Бид хоёр нэг хэсэгтээ тэр явдлын тухай хар дарж зүүдэлсэн. Гэсэн ч ажлаа хийсээр байв.
Жагифт Эрик хоёр маань Бурхны өгсөн бэлэг
1992 оны эхээр Доркас жирэмсэн болсныг мэдээд бид их гайхсан. Тэгээд бүрэн цагийн үйлчлэл маань ингээд дуусаж байгаа юм болов уу гэж бодлоо. Бид «Ехова бидэнд бэлэг өглөө!» гээд охиноо Жагифт гэж нэрлэсэн. 4 жилийн дараа дүү Эрик нь төрсөн. 2 хүүхэд маань үнэхээр Еховагаас ирсэн бэлэг. Жагифт нэлээд хэдэн жил Конакрийн орчуулгын алслагдсан оффист ажилласан, харин Эрик туслах үйлчлэгчээр үйлчилдэг.
Хэдийгээр Доркас тусгай эхлэгч байхаа больсон ч хүүхдүүдээ өсгөнгөө байнгын эхлэгчээр үйлчилсэн. Харин би Еховагийн тусламжтайгаар тусгай бүрэн цагаар үйлчилсээр байв. Хүүхдүүд маань том болсны дараа Доркас дахин тусгай эхлэгч болсон. Одоо бид хоёр Конакрид миссионероор үйлчилдэг.
ЕХОВА ЖИНХЭНЭ ЁСООР ХАМГААЛДАГ
Ехова намайг хаашаа яв гэнэ би тийшээ л явдаг байлаа. Тэрбээр биднийг хамгаалж, ивээж байгааг олон удаа мэдэрсэн. Эд хөрөнгөнд бус, Еховад найдсанаар олон бэрхшээл, сэтгэлийн зовлонгоос ангид явсан. «Бидний авралын Бурхан» Ехова л жинхэнэ ёсоор хамгаалдгийг бид биеэрээ мэдэрсэн (Ш.дээд 16:35). Өөрт нь найддаг бүх хүний амийг Ехова «амийн уутанд хийж уях болно» гэдэгт би итгэдэг (1 Сам. 25:29).