НАМТАР
Еховад үйлчлээд сэтгэл хангалуун амьдарсан
1951 онд би Канадын Кебек мужийн Руан гэдэг жижиг хотод дөнгөж ирээд өмнө нь надад өгсөн хаягийн дагуу нэг хаалга тогшлоо. Гилеад сургууль дүүргэсэн Марсел Филтоa хаалга онгойлгов. Би 16 настай, нуруу намхан, харин тэрбээр 23 настай, өндөр хүн байв. Эхлэгчээр томилогдсон захидлаа түүнд үзүүллээ. Тэгтэл уншчихаад над руу харснаа «Чамайг энд ирснийг ээж чинь мэдэж байгаа юу?» гэж асууж билээ.
ШАШНЫ ХУВЬД ХУВААГДМАЛ ГЭР БҮЛД ӨССӨН МИНЬ
Би 1934 онд төрсөн. Эцэг эх маань Канадын Онтарио мужийн уул уурхайтай Тимминс гэдэг хотод суурьшихаар Швейцараас цагаачилж ирсэн хүмүүс. 1939 оноос ээж минь «Харуулын цамхаг» сэтгүүл уншдаг болж, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явж эхэлсэн бөгөөд ах дүү бид долоог дагуулж явна. Удалгүй ээж Гэрч болсон.
Үүнд нь аав их дургүйцсэн ч ээж үнэнийг хайрладаг, энэ замаар явахаар бат шийдсэн байв. Канадад бүр 1940 оны эхээр Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглоход ч үнэнч хэвээр байсан. Мөн хатуу ширүүн үг хэлдэг аавд үргэлж эелдэг зөөлөн, хүндэтгэлтэй хандана. Ээжийн сайхан жишээ үнэний замаар явах шийдвэр гаргахад бидэнд нөлөөлсөн. Яваандаа аавын хандлага өөрчлөгдөж, ээжид ч, бидэнд ч илүү зөөлөн ханддаг болсонд их баярласан.
БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН МИНЬ
Би 1950 оны зун Нью-Йорк хотод болсон «Теократын өсөлт» чуулганд суусан. Дэлхий дахины ахан дүүстэйгээ уулзаж, Гилеад сургууль төгсөгчдийн урамтай ярилцлагыг сонсоод Еховад илүү их үйлчлэх хүсэл бадарсан! Бүрэн цагаар үйлчлэхээр зориг шулуудаж, гэртээ очмогцоо байнгын эхлэгчийн анкет бөглөлөө. Эхлээд баптисм хүртэхийг зөвлөсөн хариу Канад салбараас ирэв. Тэгээд би 1950 оны 10-р сарын 1-нд баптисм хүртсэн. Сарын дараа байнгын эхлэгч болж, Капускасин гэдэг хотод үйлчлэх анхны томилолтоо авсан. Энэ хот манай гэрээс их хол байдаг юм.
Кебект үйлчилж байгаа минь
Салбар 1951 оны хавар Кебек мужид үйлчлэхийг франц хэлтэй Гэрчүүдэд уриалав. Тэндхийн ихэнх хүн францаар ярьдаг бөгөөд дэлгэрүүлэгч асар их хэрэгцээтэй газар байлаа. Би багаасаа л франц, англиар ярьдаг учир энэ уриалгыг хүлээн авсан. Намайг Руанд томилов. Тэнд таньдаг хүн нэг ч байгаагүй. Оршилд дурдсанаар очих газрын минь хаяг л байлаа. Гэхдээ бүх юм сайхан бүтсэн. Марсел бид хоёр сайн найзууд болцгоож, Кебект 4 жилийн турш баяр хөөртэй үйлчилж, хожим нь би тусгай эхлэгч болсон.
ГИЛЕАД БОЛОН ХҮЛЭЭГДСЭН ИТГЭЛ НАЙДВАР
Кебект үйлчилж байхдаа Нью-Йорк мужийн Өмнөд Лансинг дахь Гилеад сургуулийн 26-р ангид сурах урилга аваад хөл газар хүрэхгүй баярласан. 1956 оны 2-р сарын 12-нд сургуулиа дүүргээд, Баруун Африкийн одоогийн Ганадb томилогдов. Харин тийшээ явахаасаа өмнө бичиг баримт бүрдүүлэхийн тулд «хэдхэн 7 хоног» Канадын Торонто руу буцах шаардлагатай болов.
Гэтэл 7 сарын дараа л бичиг баримтаа бүрдүүлж чадсан. Тэр хугацаанд Криппсийн гэр бүлийнхэн сайхан сэтгэл гарган намайг гэртээ байлгасан. Тэдний охин Шейла бид хоёр сэтгэлтэй болж, би ч гэрлэх санал тавья гэж яг бодож байтал виз гарчихав. Бид энэ талаар залбираад би томилогдсон газар луугаа явсан. Тэгээд хоорондоо захиагаар харилцаж, гэрлэх үү, үгүй юү гэдгээ яваандаа шийдэхээр боллоо. Ингэх нь амар байгаагүй ч зөв шийдвэр байсныг хожим нь ойлгосон.
Би галт тэрэг, ачааны усан болон нисэх онгоцоор нэг сар аялсны эцэст Ганагийн Аккрад ирлээ. Тэнд муж хариуцагчаар томилогдсон. Ганаг бүхэлд нь төдийгүй Зааны ясан эрэг (одоогийн Кот д’Ивуар) болон Тоголандыг (одоогийн Того) хариуцах болов. Салбараас гаргаж өгсөн жийп машинаар ихэнх ажлаа амжуулна. Ингэж явах нь үнэхээр сайхан байсан!
Амралтын өдрүүдэд дүүргийн чуулган зохион байгуулах ажил хийнэ. Тэр үед чуулганы танхимгүй байв. Ах дүү нараа халуун нарнаас хамгаалахын тулд хулсаар дөрвөлжин рам зангидаж, далдуу модны мөчрөөр дээвэрлэж хийсэн түр хэрэглэх саравч барьсан. Гал тогоонд хөргөх төхөөрөмж байхгүй байсан тул чуулганд оролцогчдын хоол хүнсэнд хэрэглэх амьтдыг амьдаар нь байлгаж байгаад шаардлагатай үедээ нядалдаг байв.
Чуулганы үеэр хөгжилтэй юм тохиолддог байлаа. Жишээ нь хамт үйлчилж байсан Херб Женнингсc гэдэг миссионер илтгэл тавьж байхад нэг бяруу гал тогооны тэндээс гүйж ирээд тайз болон сонсогчдын хооронд оодгонож гарав. Херб ч юу ч дуугарахгүй, бяруу ч яахаа мэдэхгүй байдалтай харагдав. Гэхдээ биерхүү 4 Гэрч эрэгтэй түүнийг бариад гал тогоонд аваачих хооронд хүмүүс баярлалдан алга ташсан.
Чуулгануудын хоорондох хугацаанд би ойрхон байдаг тосгодод «Шинэ ертөнцийн дүр зураг» киног үзүүлдэг байв. Ингэхдээ 2 шон юм уу 2 модноос даавуу уяад унжуулна. Тосгоныхны хувьд анх удаа кино үзэж байгаа нь энэ бөгөөд тэд үнэхээр дуртай байсан. Хүмүүс баптисм хүртэж байгааг дэлгэцээс хараад алга нижигнүүлэн ташина. Энэ киног үзсэн хүмүүс Еховагийн Гэрчүүд эв нэгдэлтэйг, олон улсын байгууллагад харьяалагддагийг мэдэж авсан.
Бид 1959 онд Ганад хуримлав
Африкт бараг 2 жил үйлчилсний дараа буюу 1958 онд Нью-Йорк хотод болсон олон улсын чуулганд суух болоод их баярласан. Кебект тусгай эхлэгчээр үйлчилж байгаа Шейлатайгаа тэнд уулзаад хэчнээн сайхан байсан гээч! Захиагаар харилцдаг байсан бид дахин нүүр тулан уулзсан. Намайг гэрлэх санал тавихад тэрбээр зөвшөөрөв. Шейлаг Гилеад сургуульд сураад надтай хамт Африкт үйлчилж болох эсэхийг Норроосd асуусан. Тэрбээр ч зөвшөөрлөө. Эцэст нь Шейла Ганад ирсэн. Тэгээд бид 1959 оны 10-р сарын 3-нд Аккрад хуримаа хийлээ. Өөрт нь үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан биднийг Ехова үнэхээр ивээснийг бид мэдэрсэн.
КАМЕРУНД ҮЙЛЧИЛСЭН МААНЬ
Камерун салбарт ажиллаж байгаа минь
1961 онд биднийг Камерунд томилов. Ах нар надаас салбарын шинэ оффис байгуулахад туслахыг хүссэн. Би ч их завгүй болов. Салбарын ажил хариуцах болсон надад сурах юм их байлаа. Хожим нь 1965 онд Шейла минь жирэмсэн болсон. Өөрсдийгөө эцэг эх болно гэж бодохоор эхэндээ нэг л дасаж өгөхгүй байсан. Гэхдээ л сэтгэл догдолж, Канад руу буцахаар төлөвлөж байтал маш харамсалтай явдал тохиолдлоо.
Ураг эндсэн байв. Эмч бидэнд хүү байсныг хэлсэн. 50 гаруй жил өнгөрч байгаа ч энэ явдлыг ерөөсөө мартаагүй. Ийм харамсалтай юм болсон ч бид гадаадад үйлчлэх дуртай даалгавраа биелүүлсээр байсан.
Камерунд Шейлатайгаа, 1965
Улс төрийн асуудлаар төвийг сахидаг Камерун дахь ах дүүст маань дандаа хавчлага тулгардаг байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч хэцүү. 1970 оны 5-р сарын 13-нд бидний санааг хамгийн их зовоож байсан зүйл болсон. Гэрчүүдийн үйл ажиллагааг албан ёсоор хориглов. Нүүж ороод дөнгөж 5 сар болж байсан салбарын барилгыг маань засгийн газар хурааж авсан. Шейла бид хоёрыг оруулаад бүх миссионерийг 7 хоногийн дотор тус улсаас албадан гаргав. Бид ах дүүсээ маш их хайрладаг, цаашид юу тохиолдох бол гэж санаа зовж байсан тул тэднийгээ орхиод явах хэцүү байлаа.
Дараа нь 6 сарын турш Франц салбарт үйлчилж, Камерун дахь ах дүүстээ туслахын тулд чадах бүхнээ хийсээр байв. Тэр жилийнхээ 12-р сард Камеруныг хариуцахаар болсон Нигери салбарт томилогдлоо. Нигерийн ах дүүс халуун дотноор угтаж, бид хэдэн жил тэндээ сайхан үйлчилсэн.
ХЭЦҮҮ ШИЙДВЭР
1973 онд бид маш хэцүү шийдвэр гаргах шаардлагатай болов. Шейла минь хүнд өвчин туссан юм. Нью-Йоркт чуулганд сууж байтал тэрбээр тэсэж чадалгүй «Би чадахгүй нь ээ. Өвдөөд салахгүй нь, ямар ч тэнхэл алга» гэж хэлж билээ. Тэрбээр намайг дэмжин Баруун Африкт 14 жил үнэнчээр үйлчилсэн. Би ханиараа их бахархдаг. Гэхдээ одоо өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Энэ нөхцөл байдлынхаа тухай ярилцаж, маш шаргуу залбираад Канад руу буцахаар шийдсэн. Тэнд очвол эхнэрийнхээ эрүүл мэндэд санаа тавих илүү боломжтой байв. Миссионероор болон бүрэн цагаар үйлчлэхээ болих нь хамгийн амаргүй, сэтгэл шимшрүүлэм шийдвэр байлаа.
Канадад ирснийхээ дараа Торонтогийн хойд хэсэгт орших хотод машины худалдаа эрхэлдэг хуучны найзынхаа ажлын газарт орсон. Бид байр түрээслээд хуучин тавилга худалдаж авсан. Өр тавилгүйгээр шинэ амьдралаа эхэлсэн дээ. Бүрэн цагаар үйлчлэх боломж дахиад гарна гэж найдаад энгийн амьдарч байлаа. Харин энэ нь санаснаас ч хурдан биелсэнд бид үнэхээр гайхсан.
Би Онтарио мужийн Норвал дахь чуулганы танхим барих ажилд бямба гараг бүр сайн дураараа оролцдог байв. Хожим нь намайг чуулганы танхим хариуцагчаар томилсон. Эхнэрийн минь биеийн байдал дээрдэхэд шинэ үүрэг даалгавраа биелүүлж чадахаар санагдсан. Тэгээд 1974 оны 6-р сард бид чуулганы танхимын харьяа байранд нүүж очоод тэндээ амьдардаг болсон. Дахиад бүрэн цагаар үйлчлэх болсондоо бид ямар их баярласан гээч!
Шейлагийн минь бие улам сайжраад байсанд үнэхээр баярласан. Хоёр жилийн дараа дүүргийн ажилд томилоход бид ч хийж чадахаар болсон байлаа. Бидэнд хариуцуулж өгсөн дүүрэг нь хүйтэн өвлөөрөө Канаддаа алдартай Манитоба мужид багтдаг. Гэхдээ ах дүүсийнхээ халуун дотно харьцаанаас хайрыг нь мэдэрсэн. Үнэндээ Еховадаа л үйлчилж байвал хаана байх нь хамаагүйг бид ойлгосон.
ЧУХАЛ СУРГАМЖ
Хэдэн жил дүүргийн ажил хийсний дараа 1978 онд Канадын Бетелд үйлчлэхийг урив. Бетелд ирээд удаагүй байтал хэцүү санагдсан ч чухал сургамжтай явдал боллоо. Монреалд болох тусгай цуглаан дээр франц хэлээр 1,5 цагийн илтгэл тавих даалгавар авав. Харамсалтай нь илтгэл минь сонсогчдод сонирхолгүй болсон учир Үйлчлэлийн хэлтсийн Гэрч эрэгтэй надад зөвлөгөө өгсөн. Шулуухан хэлэхэд би чадварлаг илтгэгч биш гэдгээ тэр үед ойлгох хэрэгтэй байсан. Гэхдээ зөвлөгөө өгсөнд нь дургүйцсэн. Хэтэрхий их шүүмжилж, огт магтаагүй юм шиг санагдсан тул миний уур хүрч олигтой ярилцаж чадаагүй. Зөвлөгөөг хэрхэн, хэн өгч байгааг анхаарсан нь миний алдаа байсан.
Би францаар илтгэл тавьсныхаа дараа чухал сургамж авсан
Хэд хоногийн дараа Салбарын хорооны гишүүн энэ талаар надтай ярилцав. Би зөвлөгөөг таагүй хүлээж авсандаа харамсаж буйгаа хэлсэн. Дараа нь зөвлөгөө өгсөн нөгөө Гэрчтэй ярилцаад уучлалт гуйхад тэрбээр дуртайяа хүлээж авсан. Энэ явдал даруу байх хэрэгтэйг минь ухааруулсан бөгөөд би хэзээ ч мартдаггүй (Сур. 16:18). Еховад энэ талаараа олон удаа залбирч, хэн нэгнийг зөвлөгөө өгөхөд хэзээ ч дургүйцэхгүй байхаар шийдсэн.
Би одоо Канадын Бетелд үйлчлээд 40 гаруй жил болж байна. 1985 оноос хойш бас Салбарын хорооны гишүүнээр үйлчлэх завшаан эдэлж байна. 2021 оны 2-р сард хайрт Шейла минь нас барсан. Түүнийгээ маш их санаж, өөрөө ч тэнхээ муутай байгаа. Гэхдээ Еховад завгүй үйлчлээд жаргалтай байдаг тул «амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй» (Ном. 5:20). Амьдралд минь олон бэрхшээл тулгарсан ч баяр жаргалтай мөч нь илүү их байсан. Еховаг эн тэргүүнд тавьж 70 жил бүрэн цагаар үйлчлээд үнэхээр сэтгэл хангалуун байна. Хүүхэд залуус маань ч Еховаг эн тэргүүнд тавьж байгаасай гэж залбирдаг. Яагаад гэвэл тэд Еховад үйлчилж байгаа цагт л сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн амьдарна гэдэгт би итгэдэг.
a «Ехова бол миний хоргодох газар болон хүч чадал» гэсэн гарчигтай Марсел Филтогийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 2-р сарын 1-ний дугаараас уншаарай (англи).
b Африкийн энэ хэсэг 1957 он хүртэл Алтан эрэг гэдэг нэртэй Британийн колони улс байсан.
c «Та нар маргааш юу болохыг мэдэхгүй шүү дээ» гэсэн гарчигтай Херберт Женнингсийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 12-р сарын 1-ний дугаараас уншаарай (англи).
d Нэйтан Х. Норр тухайн үед манай байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан.