ХАВСРАЛТ
Христиан эмэгтэй хэзээ, яагаад толгойдоо юм өмсөх ёстой вэ?
Библийн зарчмын дагуу христиан эмэгтэй хэзээ, яагаад толгойдоо юм өмсөх ёстой вэ? Элч Паул ариун сүнсээр удирдуулан, энэ асуудалд хамаатай заавар өгчээ. Уг зааврыг баримталбал ухаалаг шийдвэр гаргаж, Бурхныг алдаршуулна (1 Коринт 11:3–16). Христиан эмэгтэй толгойдоо юм өмсөх эсэхээ шийдэхдээ Паулын онцолсон гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. 1) Хэзээ, 2) ямар нөхцөлд, 3) ямар учраас толгойдоо юм өмсөх хэрэгтэй вэ?
Хэзээ толгойдоо юм өмсөх хэрэгтэй вэ? «Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ» гэж Паул бичжээ (4, 5-р зүйл). Залбирал бол шүтлэгийн нэг хэсэг бөгөөд Еховатай харьцах арга юм. Эш үзүүлэх гэдэг нь өнөөдрийн тухайд Библид үндэслэн заахыг хэлдэг. Тэгвэл Паул залбирах болон Библийн хичээл заах бүрдээ христиан эмэгтэй толгойдоо юм өмсөх ёстой гэж хэлсэн хэрэг үү? Үгүй ээ. Ямар нөхцөлд залбирах болон Библийн хичээл хийхээс толгойдоо юм өмсөх эсэх нь шалтгаална.
Ямар нөхцөлд толгойдоо юм өмсөх хэрэгтэй вэ? Паул: «Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн... Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа хэрэг» гэснийг нь үзвэл гэр бүл болон хурал гэсэн хоёр нөхцөлийг хэлжээ (3, 5-р зүйл). Ехова нөхөр хүнд өрхийн тэргүүний үүрэг оноосон билээ. Тиймээс эхнэр хүн нөхрийнхөө үүргийг биелүүлбэл эрх мэдлийг нь үл хүндэтгэн, нөхрөө гутаасан хэрэг болно. Нөхрийнхөө байгаа газар Библийн хичээл заах бол христиан мөн эсэхээс нь үл хамааран, өрхийн тэргүүний эрх мэдлийг нь хүндэтгэдгээ харуулж, толгойдоо юм өмсөх ёстой.a Хэрэв баптисм хүртсэн, насанд хүрээгүй хүүтэйгээ хамт эсвэл хүүгийнхээ байгаа газар Библийн хичээл заах, залбирах болбол мөн адил толгойдоо юм өмсөх хэрэгтэй. Энэ нь хүүгээ өрхийн тэргүүн гэж үзэж байгаа бус, харин христиан хурлын баптисм хүртсэн гишүүнийх нь хувьд хүндэтгэж байгаа хэрэг юм.
Энэ зарчмыг хурлын хүрээнд ч баримтлах ёстойг Паулын үг харуулдаг. Хэн нэг нь өөр санаатай байсан ч «өөр ёс заншил бидэнд ч, Бурхны чуулгануудад [«хурлуудад», ШЕ] ч байхгүй билээ» гэж тэрбээр хэлж байжээ (16-р зүйл). Христиан хурлыг удирдах үүргийг гагцхүү баптисм хүртсэн эрчүүд хүлээдэг (1 Тимот 2:11–14; Еврей 13:17). Бурхан зөвхөн эрчүүдийг ахлагч болон туслах үйлчлэгчээр томилж, сүргээ хариуцуулдаг (Үйлс 20:28). Гэхдээ нөхцөл байдлын улмаас, баптисм хүртсэн эрэгтэйд оногддог үүргийг биелүүлэх шаардлага христиан эмэгтэйд гарч болох юм. Жишээлбэл, тухайн хуралд юм уу тухайн үед дэлгэрүүлэх ажлын цуглаан удирдан явуулах христиан эрэгтэй байхгүйн улмаас уг цуглааныг явуулах шаардлага гарчээ гэж бодъё. Эсвэл баптисм хүртсэн эрэгтэйн байгаа газар өөрийнхөө заадаг Библийн хичээлийг хийхээр болжээ. Эдгээр нь христиан хурлын сургалтын үйл ажиллагааны нэг хэсэг учир христиан эмэгтэй, эрэгтэй хүний үүрэг гүйцэтгэж байгаагаа ойлгодгоо харуулан, толгойдоо юм өмсөх ёстой.
Гэхдээ энэ нь христиан эмэгтэй хурлын бүх үйл ажиллагаанд оролцохдоо толгойдоо юм өмсөх ёстой гэж хэлсэн хэрэг биш юм. Тухайлбал, цуглаан дээр хариулах, нөхөр юм уу баптисм хүртсэн өөр эрэгтэйн хамт айлаар дэлгэрүүлэх, баптисм хүртээгүй хүүхдүүддээ Библийн хичээл заах болон залбирахдаа толгойдоо юм өмсөх шаардлагагүй. Мэдээж, энэ сэдвээр өөр олон асуулт гарч болох бөгөөд христиан эмэгтэй яахаа мэдэхгүй бол бие даан судалгаа хийх нь зүйтэй.b Нэмэлт судалгаа хийсэн ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй бол мөс чанараараа удирдуулан, толгойдоо юм өмсөхөөр шийдэх нь буруу биш ээ.
Ямар учраас толгойдоо юм өмсөх хэрэгтэй вэ? Христиан эмэгтэй толгойдоо юм өмсөх ёстойн хоёр шалтгааныг 10-р зүйлд: «Тэнгэр элчүүдийн улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой» гэж бичсэн байна. «Эрх мэдлийн тэмдэг» гэсний учрыг эхлээд мэдэж авъя. Толгойдоо юм өмсвөл Ехова христиан хурал доторх эрх мэдлийг баптисм хүртсэн эрчүүдэд олгосныг хүлээн зөвшөөрдгөө харуулна. Тэгэхлээр, толгойдоо юм өмсөх нь христиан эмэгтэйн хувьд Ехова Бурхнаа хайрлаж, Бурхандаа үнэнч байдгийн илрэл мөн. Хоёр дахь шалтгаан нь «тэнгэр элчүүдийн улмаас» юм. Христиан эмэгтэй толгойдоо юм өмсөх нь хүчирхэг сүнсэн бүтээлүүдэд ямар хамаатай билээ?
Ехова Бурхны эрх мэдлийг байгууллагынх нь тэнгэр болон газар дахь хэсэгт хүндэтгэдэг эсэхийг тэнгэр элчүүд анхааралтай ажиглаж байдаг. Тэд Бурхны эрх мэдлийг хүндэтгэдэг төгс бус хүмүүсийн жишээнээс суралцдаг. Тэгээд ч тэнгэр элчүүд Бурханд захирагдах ёстой. Энэ шаардлагыг эрт цагт олон тэнгэр элч биелүүлж чадаагүй билээ (Иуда 6). Христиан эмэгтэй баптисм хүртсэн эрэгтэйгээс илүү мэдлэгтэй, туршлагатай, ухаалаг хэр нь эрх мэдлийг нь хүндэтгэдгийг тэнгэр элчүүд ажигладаг. Бас ирээдүйд Христтэй хамтран өв залгамжлах тослогдсон эмэгтэйчүүд ч байгаа. Тэд тэнгэр элчүүдээс ч өндөр байр суурь эзэлж, Христтэй хамт тэнгэрээс захирах болно. Тэгэхлээр, христиан эмэгтэйчүүд тэнгэр элчүүдэд сайхан жишээ үзүүлдэг ажээ. Ехова Бурхан болон христиан эрчүүдийн эрх мэдлийг хүндэтгэж, тэдэнд захирагдан, дуулгавартай байхын сайхан жишээг олон сая тэнгэр элчид үзүүлнэ гэдэг христиан эмэгтэй болгоны хувьд үнэхээрийн нэр төрийн хэрэг мөн!
a Ер нь, христиан эмэгтэй Гэрч нөхрийнхөө дэргэд чанга залбирдаггүй. Гэхдээ нөхөр нь өвчний улмаас ярих чадвараа алдсан гэх зэргийн хүндэтгэх шалтгаан байвал чанга залбирч болно.
b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 7-р сарын 15-ны дугаарын 26, 27-р хуудас, 1977 оны 2-р сарын 15-ны дугаарын 125–128-р хуудаснаас дэлгэрэнгүй тайлбарыг үзнэ үү (англи).