ХАВСРАЛТ
Гэрлэлтээ цуцлуулах ба тусдаа амьдрах талаарх Библийн зарчим
Ехова нөхөр эхнэр хоёрыг бие биедээ үнэнч байхыг шаарддаг. Бурхан анхны эрэгтэй эмэгтэйг гэр бүл болгохдоо: «Эр хүн ... эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» гэж хэлсэн билээ. Хожим нь Есүс энэ үгийг давтан хэлээд, «Иймээс Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээсэн (Эхлэл 2:24; Матай 19:3–6). Тэгэхлээр, Ехова Бурхан ч, Есүс ч гэр бүлийг нөхөр эхнэрийн хэн нэг нь нас барсан тохиолдолд л дуусгавар болдог насан туршийн холбоо гэж үздэг нь харагдаж байна (1 Коринт 7:39). Гэр бүл бол Бурхны санаачилсан ариун байгууламж учраас салж сарних асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Библийн үндэсгүйгээр ханиасаа салахыг Ехова үзэн яддаг (Малахи 2:15, 16).
Тэгвэл гэрлэлтийг цуцлуулж болох Библийн үндэстэй ямар шалтгаан байдаг вэ? Ехова завхайрал, садар самууныг үзэн яддаг (Эхлэл 39:9; 2 Самуел 11:26, 27; Дуулал 51:4). Гэрлэлтийг цуцлуулж болох шалтгаан нь садар самуун юм. Эндээс, Бурхан садар самууныг хэчнээн их үзэн яддаг нь харагдаж байна (Садар самуун гэж юу болохыг 9-р бүлгийн 7-р догол мөрд дэлгэрэнгүй тайлбарласан). Хань нь завхайрсан бол цаашдаа хамт амьдрах эсэхээ шийдэх эрхийг Ехова гэм буруугүй хүнд олгодог (Матай 19:9). Тиймээс буруугүй хүний салах шийдвэрийг Ехова буруушаадаггүй. Нөгөөтэйгүүр, христианууд гэр бүлээсээ салахыг хэнд ч уриалдаггүй. Зарим тохиолдолд, ялангуяа, буруутай нэг нь чин сэтгэлээсээ гэмшвэл буруугүй хань нь салахгүй байхаар шийдэж болох юм. Эцсийн эцэст, Библийн дагуу гэрлэлтээ цуцлуулах эрхтэй хүн өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх учиртай (Галат 6:5).
Зарим христиан, хань нь хэдийгээр садар самуун үйлдээгүй боловч туйлын хүнд нөхцөлийн улмаас тусдаа амьдрах юм уу гэрлэлтээ цуцлуулдаг. Тэд «дахин гэрлэхгүй байх, эсвэл нөхөртэйгөө эвлэрэх» тушаалыг дагах ёстой (1 Коринт 7:11). Өөрөөр хэлбэл, өөр хүнтэй дахин гэрлэх эрхгүй (Матай 5:32). Дараах нөхцөлийн улмаас арга буюу салахаар шийдэж болох юм. Үүнд:
Гэр бүлээ тэжээж тэтгэдэггүй бол. Нөхөр нь гэр бүлээ тэжээх чадвартай боловч тэжээж тэтгэдэггүйн улмаас гэр бүл нь наад захын хэрэгцээт зүйлээр дутаж мэднэ. Библид: «Хэрэв хэн нэгэн нь ... гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж байдаг (1 Тимот 5:8). Ийм хүн дутагдлаа засахгүй бол эхнэр нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор хууль ёсоор гэрлэлтээ цуцлуулж болох юм. Христиан эрэгтэйг гэр бүлээ тэжээхгүй байна гэсэн гомдол гарвал ахлагчид тухайн асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Христиан хүн гэр бүлээ тэжээж тэтгэхээс хойш суудаг бол Гэрч байх эрх нь хөндөгдөж болох юм.
Эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулахаар харгис ханддаг бол. Зарим хүн ханьдаа зүй бус хандан, туйлын харгис авирлаж, эрүүл мэнд, амь насанд нь ч аюул учруулдаг байж болох юм. Христиан нөхөр эхнэр хоёр ийм явдал гаргадаг бол ахлагчид тухайн асуудлыг сайтар магадлах хэрэгтэй. Христиан хүн догшин уур хилэнтэй, харгис хэрцгий авиртай бол хурлаас хасагдаж мэднэ (Галат 5:19–21).
Еховаг шүтэхэд нь саад хийж, харгисаар эсэргүүцдэг бол. Итгэгч бус хань нь Еховаг шүтэхэд нь байнга саад учруулах юм уу Бурхны хуулийг зөрчүүлэхийг оролддог байж магадгүй. Тийм тохиолдолд христиан хүн «хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагахын» тулд гэрлэлтээ хууль ёсоор цуцлуулж болох юм (Үйлс 5:29).
Иймэрхүү хүнд нөхцөлд байгаа христианыг салах юм уу ханьтайгаа хамт амьдрахыг нь шахаж шаардах эрх хэнд ч байхгүй. Сүнслэгээр төлөвшсөн христианууд болон ахлагчид тусалж дэмжин, Библийн үндэстэй зөвлөгөө өгч болох ч нөхөр эхнэр хоёрын хоорондох асуудлын нарийн ширийнийг баттай сайн мэдэхгүй шүү дээ. Үүнийг ганцхан Ехова мэддэг. Хэрэв христиан хүн ханийнхаа сул талаар шалтаглан, салахыг оролддог бол Бурхныг болон Бурхны санаачилсан гэр бүл гэдэг байгууламжийг үл хүндэтгэсэн хэрэг болох нь ойлгомжтой. Ханиасаа салахын тулд бусдыг хуурч чадлаа ч Еховаг хуурч чадахгүй. «Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг» (Еврей 4:13). Гэхдээ туйлын хүнд нөхцөлийн улмаас арга буюу салахаар шийдсэн хүнийг бусад хүн шүүмжлэх эрхгүй. Эцсийн эцэст «бид бүгдээрээ Бурхны шүүх ширээний өмнө зогсох болно» (Ром 14:10–12).