Еховагийн үнэнч сэтгэл, өршөөнгүй занг эрхэмлэх нь
«ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян» (ДУУ. 86:5).
1, 2. а) Үнэнч, өршөөнгүй найз нөхдийг бид яагаад эрхэм чухал гэж үздэг вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултыг авч үзэх вэ?
ТА ямар хүнийг жинхэнэ найз гэх вэ? «Надад туслахад хэзээд бэлэн байдаг, намайг алдахад уучилдаг хүнийг би жинхэнэ найз гэж хэлнэ» хэмээн христиан эмэгтэй Эшли ярьсан юм. Үнэнч, өршөөнгүй найзыг бид бүгдээрээ эрхэм чухал гэж үздэг. Ийм найз биднийг хайрлаж халамжлан, өмөг түшиг болдог (Сур. 17:17).
2 Ехова бол хамгийн үнэнч, өршөөнгүй Найз юм. Дуулалч түүний тухай «ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр [буюу «үнэнч хайраар»] элбэг баян» хэмээн дуулжээ (Дуу. 86:5). Үнэнч, өршөөнгүй байна гэж яахыг хэлэх вэ? Ехова энэ сайхан зан чанарыг хэрхэн илэрхийлдэг вэ? Еховаг хэрхэн дууриах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл хамгийн сайн Найз Еховагаа улам их хайрладаг болно. Бас итгэл нэгт ах дүүстэйгээ дотно болно (1 Иох. 4:7, 8).
ЕХОВА ҮНЭНЧ
3. Ямар хүнийг үнэнч гэх вэ?
3 Хувиршгүй сэтгэлтэй, итгэмжтэй, туйлбартай хүнийг үнэнч гэнэ. Үнэнч хүн нэг л янзаараа байдаг. Бэрхшээл тулгарсан үед ч хүнд (эсвэл ямарваа нэгэн юманд) үнэнч байж, тусалж дэмждэг. Библид Еховаг «үнэнч Нэгэн» гэдэг. Үнэхээр ч Еховагаас илүү үнэнч нэгэн байхгүй (Илч. 16:5, ШЕ).
4, 5. а) Еховаг үнэнч гэхийн учир юу вэ? б) Ехова үйлчлэгчдэдээ үнэнч байдгийг эргэцүүлж бодохлоор яагаад урам зоригтой болдог вэ?
4 Еховаг үнэнч гэхийн учир юу вэ? Тэрбээр үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй. Тэдний нэг Давид хаан Еховаг үнэнч хэмээн магтан дуулжээ (2 Самуел 22:26-г уншина ууa). Давидыг зовж явахад Ехова сэтгэлээ хувиргалгүй удирдаж, хамгаалж, аварсан билээ (2 Сам. 22:1). Үнэнч байхаа үйлчлэгчдэдээ амлаад зогсохгүй, тусалж дэмждэгийг нь Давид өөрийн биеэр үзсэн. Ехова яагаад үнэнч байсан бэ? Учир нь Давид үнэнч байсан юм. Ехова үнэнч үйлчлэгчдээ үнэлж эрхэмлэдэг учраас тэдэндээ үнэнч байдаг (Сур. 2:6–8).
5 Ехова үйлчлэгчдэдээ үнэнч байдгийг эргэцүүлж бодохлоор урамтай сайхан санагддаг. Рид гэдэг үнэнч христиан: «Ехова Давидыг зовж явахад тусалж байсныг унших нь надад үнэхээр тустай байдаг. Оргож босож, агуйд амьдарч явахад нь ч Ехова үргэлж тэтгэж дэмждэг байсан нь маш их урам зориг өгдөг. Нөхцөл байдал ямар ч байсан, сайжирч өөрчлөгдөх найдваргүй юм шиг санагдаж байсан ч үнэнч л байсан цагт Ехова надад тусална» хэмээн ярьсан юм. Та ч бас тэгж боддог нь лавтай (Ром 8:38, 39).
6. Еховагийн үнэнчийг өөр юунаас мэдэж болох вэ? Үйлчлэгчид нь ямар ач тус хүртэх вэ?
6 Еховагийн үнэнчийг өөр юунаас мэдэж болох вэ? Тэрбээр тогтоосон хэм хэмжээгээ ягштал баримталдаг. «Та нарыг өндөр настай болсон ч би хэвээрээ байна» гэж батлан хэлдэг (Ис. 46:4). Хэзээ ч өөрчлөгддөггүй хэм хэмжээгээ үндэс болгон шийдвэр гаргадаг (Мал. 3:6). Түүнээс гадна, амласандаа үргэлж хүрдэг нь үнэнч байдгийн шинж юм (Ис. 55:11). Ехова үнэнч байдаг нь түүнд үнэнчээр үйлчилдэг бүх хүнд тустай. Ямар ач тустай вэ? Бид Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримтлах гэж чадлынхаа хэрээр хичээдэг бол Ехова амласандаа хүрч биднийг ивээнэ (Ис. 48:17, 18).
ЕХОВАГ ДУУРИАЖ ҮНЭНЧ БАЙХ НЬ
7. Яавал Ехова шиг үнэнч байх вэ?
7 Яавал Ехова шиг үнэнч байх вэ? Зовж буй хүнд «сайныг өгөх» нь үнэнч байгаа хэрэг (Сур. 3:27). Жишээлбэл өвдөж зовсноос, гэрийнхэн нь эсэргүүцдэгээс, эсвэл гэм дутагдлаасаа болоод сэтгэл нь шаналж байгаа итгэл нэгтнээ та мэддэг байж болох юм. «Сайн үг, тааламжит үгс» хэлж, тэр хүнийг сэргээж болохгүй нь юу билээ? (Зех. 1:13). Ингэвэл «ах дүүгээс [нь] ч дотно», жинхэнэ найз, үнэнч анд гэдгээ батална (Сур. 18:24).
8. Еховаг дууриах гэж хичээдэг хүн, тухайлбал, хань ижилдээ хэрхэн үнэнч байдаг вэ?
8 Хайртай хүмүүстээ үнэнч байвал Еховаг дууриаж байна гэсэн үг. Жишээ нь, гэрлэсэн бол ханьдаа үнэнч байх ёстойг бид мэддэг (Сур. 5:15–18). Тийм учраас завхайралд хүргэх алив бүхнээс сэрэмжилдэг (Мат. 5:28). Итгэл нэгтнүүддээ үнэнч учир тэдний талаар хов жив, худал хуурмаг юм ярьдаг ч үгүй, сонсдог ч үгүй (Сур. 12:18).
9, 10. а) Хамгийн гол нь хэнд үнэнч байхыг бид хүсдэг вэ? б) Еховагийн хууль тушаалыг дагах нь тэр бүр амаргүй байдгийн учир юу вэ?
9 Хамгийн гол нь Еховад үнэнч байхыг бид хүсдэг. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Аливаа зүйлд Еховагийн үзэл бодлоор хандах буюу хайрладаг зүйлийг нь хайрлаж, үзэн яддаг зүйлийг нь үзэн ядах учиртай. Улмаар Еховагийн таалалд нийцүүлж амьдрах хэрэгтэй (Дуулал 97:10-ыг уншина уу). Бидний бодол санаа Еховагийнхтай адил болох тусам хууль тушаалыг нь дагахад илүү хялбар болно (Дуу. 119:104).
10 Үнэндээ Еховагийн хууль тушаалыг дагах тэр бүр амаргүй. Еховад үргэлж үнэнч байя гэвэл тэмцэх шаардлага гарч мэдэх юм. Тухайлбал, гэрлэх хүсэлтэй ч тохирох ханиа Еховагийн үйлчлэгчдийн дундаас хараахан олж чадаагүй христианууд бий (1 Кор. 7:39). Ганц бие христиан эмэгтэйд ажлын газрынхан нь санаа тавьж, боломжийн хүнтэй танилцуулахыг хичээдэг байж гэж бодъё. Тэр эмэгтэй хэчнээн ганцаарддаг ч Еховад үнэнч байхыг хүсдэг тул итгэгч биш хүнтэй болзохгүй, гэрлэхгүй байхаар хатуу шийднэ. Ийм христиануудыг үнэнч байхын гайхалтай жишээ үзүүлдэг гэж хэлж болно. Ямар ч бэрхшээлийг үл тоон өөрт нь үнэнч байхыг хичээдэг бүх хүнийг Ехова шагнах нь гарцаагүй (Евр. 11:6).
«Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий» (Сур. 18:24) (7-р догол мөрийг үзнэ үү)
«Бие биеэ уучил» (Еф. 4:32) (16-р догол мөрийг үзнэ үү)
ЕХОВА ӨРШӨӨНГҮЙ
11. Өршөөнгүй байна гэж яахыг хэлэх вэ?
11 Өршөөж уучлахад бэлэн байдаг нь Еховагийн бас нэгэн гайхалтай чанар юм. Өршөөнгүй байна гэж яахыг хэлэх вэ? Хүндэтгэх шалтгаан байвал бусдын гэм зэмийг уучлан хэлтрүүлэхийг хэлнэ. Гэхдээ энэ нь хийсэн хэргийг нь хэрэгсэхгүй байх юм уу юу ч хийгээгүй юм шиг үзнэ гэсэн үг биш. Харин тэр хүнд гомдохоо болино гэсэн үг. Чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг Ехова «уучлахад бэлэн» байдаг гэж Библид бичжээ (Дуу. 86:5).
12. а) Ехова яаж уучилдаг вэ? б) Петр «нүглүүдээсээ салах» гэдэг үгийг бичихдээ ямар санаа илэрхийлсэн бэ?
12 Ехова яаж уучилдаг вэ? «Тэр өгөөмрөөр уучилна» гэж Библид бичсэн байдаг. Энэ нь нүглийг толбогүй болтол нь арилгаж, ор тас мартдаг гэсэн үг юм (Ис. 55:7). Нүглийг толбогүй болтол нь арилгадгийг хаанаас мэдэж болох вэ? Үйлс 3:19-т байдаг амлалтыг авч үзье (Уншина уу). «Гэмшиж», «эргэхийг» элч Петр хүмүүст уриалжээ. Нүгэл үйлдсэн хүн үнэхээр гэмшвэл буруу юм хийж явсандаа харамсаж, нүглээ давтахгүй байхаар шийддэг (2 Кор. 7:10, 11). Бас «эргэх» буюу хуучин амьдралаа орхин, Бурхны таалалд нийцүүлж амьдардаг. Чин сэтгэлээсээ гэмшихийн ач тус юу вэ? «Нүглүүдээсээ сална» гэж Петр хэлсэн. «Салах» гэж орчуулсан грек үг нь «арчиж хаях, арилгаж баллах» гэсэн утгатай. Тэгэхлээр Ехова хүний нүглийг уучилна гэдгийг толбо үлдэхгүй болтол нь баллаж арилгахтай зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл тэр хүнийг бүрмөсөн уучилдаг (Евр. 10:22; 1 Иох. 1:7).
13. «Тэдний нүглийг дахин санахгүй» гэсэн нь юуг баталдаг вэ?
13 Ехова нүглийг ор тас мартдагийг хаанаас мэдэж болох вэ? Тослогдсон христиануудтай байгуулах шинэ гэрээнийхээ талаар Иеремиад юу гэж хэлснээс нь хэр зэрэг өршөөнгүй Бурхан болохыг мэдэж болдог (Иеремиа 31:34-ийг уншина уу). Ехова: «Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй» хэмээн айлджээ. Нэгэнт уучилсан бол биднийг дахин дахин буруутгах юм уу шийтгэх зорилгоор үйлдсэн нүглийг маань эргэж сөхөхгүй ажээ. Ингэж ор тас мартдаг (Ром 4:7, 8).
14. Ехова яаж уучилдгийг эргэцүүлэн бодохлоор тайвширдгийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.
14 Ехова яаж уучилдгийг эргэцүүлэн бодвол тайвширна. Жишээ авъя. Нэг Гэрч эмэгтэй хурлаас хасагджээ. Түүнийг Илейн гэж нэрлэе. Хэдэн жилийн дараа эрхийг нь сэргээсэн аж. Илейн: «Ехова намайг уучилсан гэж би өөртөө, бас хүмүүст хэлдэг байсан. Гэхдээ Ехова надаас жаахан хөндий, харин бусад хүнтэй ойр дотно байгаа юм шиг санагддаг байж билээ» гэж дурссан юм. Гэсэн ч Ехова хэрхэн өршөөж уучилдгийг Библиэс уншиж, эргэцүүлэн бодоод тайвширчээ. Ялангуяа, Ехова биднийг уучилдаг нь хувцасны толбыг ор мөргүй арилгахтай адилхан учир цаашид өөрийгөө буруутгаж амьдрах хэрэггүй юм байна гэж ойлгоод сэтгэл нь амарсан аж. Илейн: «Намайг бүрмөсөн уучилсан гэдэгт би итгэж чадахгүй байсан юм билээ. Насаараа ийм ачаатай явна гэж боддог байсан. Цаг хугацаа хэрэгтэй ч Еховатай үнэхээр дотно болж болохыг ойлгож эхэлж байна. Мөрөн дээрээс хүнд ачаа аваад хаячихсан юм шиг л санагдаж байна» гэжээ. Ехова ямар их хайрын сэтгэлтэй, өршөөнгүй Бурхан бэ! (Дуу. 103:9).
ЕХОВАГ ДУУРИАЖ ӨРШӨӨНГҮЙ БАЙХ НЬ
15. Яавал Ехова шиг өршөөнгүй байх вэ?
15 Бидэнд муу юм хийсэн ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг уучлах нь өршөөнгүй Бурхнаа дууриаж буй хэрэг юм (Лук 17:3, 4-ийг уншина уу). Ехова нэгэнт л уучилсан бол тэр асуудлыг дахиж сөхөлгүй ор тас мартдаг шүү дээ. Бид бас бусдыг уучилсан бол алдаа дутагдлыг нь дахин дахин бодохгүй, дурсахгүй, ор тас мартах нь зүйтэй.
16. а) Өршөөнгүй байна гэдэг нь хэрэг хийсэн хүний толгойг илээд өнгөрөөх юм уу зүгээр л хохироод үлдэнэ гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Бурхны өршөөлийг хүртье гэвэл яах ёстой вэ?
16 Өршөөнгүй байна гэдэг нь хэрэг хийсэн хүний толгойг илээд өнгөрөөх юм уу зүгээр л хохироод үлдэнэ гэсэн үг биш юм. Харин тэр хүнд гомдохоо болихыг хэлдэг. Бурхны өршөөлийг хүртье гэвэл бусдыг уучлах нь чухал (Мат. 6:14, 15). Ехова биднийг «тоос шороо юм гэдгийг» санаад өрөвддөг (Дуу. 103:14). Тэгвэл бид бас гомдмоор юм хэлж, хийсэн нэгнийхээ төгс бусыг санаад үнэн зүрхнээсээ уучлах учиртай (Еф. 4:32; Кол. 3:13).
Таныг гомдоосон хүний төлөө чин сэтгэлээсээ залбираарай(17-р догол мөрийг үзнэ үү)
17. Итгэл нэгтэндээ гомдсон бол яах хэрэгтэй вэ?
17 Өршөөж уучилна гэдэг тийм ч амархан юм биш ээ. Нэгдүгээр зуунд амьдарч байсан тослогдсон христианууд ч маргаанаа хялбархан шийдэж чадаагүй (Флп. 4:2). Итгэл нэгтэндээ гомдсон хүн яах хэрэгтэй вэ? Иовыг санаарай. Тэрбээр «найзууд» гэгдэж байсан Елифаз Билдад Зофар нарт үг хэлээр доромжлуулж, ор үндэсгүй гүтгүүлээд ихэд гомджээ (Иов 10:1; 19:2). Эцэст нь Ехова тэр гурвыг зэмлэсэн. Тэгээд «Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахилыг өргө» хэмээн тушаадаг (Иов 42:7–9). Бас Иовд нэг тушаал өгчээ. Ямар тушаал өгсөн бэ? Тэр гурвын төлөө залбир гэсэн. Тушаалыг нь ёсчлон биелүүлж, өршөөнгүй сэтгэл гаргасан Иовыг Ехова ивээсэн (Иов 42:10, 12, 16, 17-г уншина уу). Энэ түүх ямар сургамжтай вэ? Итгэл нэгтэндээ гомдсон бол тэр хүний төлөө чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Тэгвэл гомдол тайлагдаж болох юм.
ЕХОВАГИЙН ЗАН ЧАНАРЫГ ҮНЭЛЖ ЭРХЭМЛЭЖ ЯВЪЯ
18, 19. Еховагийн сайхан зан чанарыг улам их үнэлж эрхэмлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
18 Хайрын сэтгэлтэй Ехова Бурхныхаа олон сайхан зан чанарыг ярилцаж сэтгэл сэргэлээ. Ехова бол элгэмсүү, нүүр тал хардаггүй, өгөөмөр, ухаалаг, үнэнч, өршөөнгүй Бурхан. Гэхдээ бид ердөө зах зухаас нь ярилцлаа. Мөнх амьдрахдаа Еховагийн тухай илүү ихийг мэдэж аваад, баяр хөөр эдлэх нь дамжиггүй (Ном. 3:11). «Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ!» хэмээн элч Паулын бичсэнийг бид хүлээн зөвшөөрдөг. Еховагийн хайр болон эдгээр өгүүллээр үзсэн зургаан зан чанарыг ч мөн ингэж хэлнэ (Ром 11:33).
19 Еховагийн сайхан зан чанарыг улам их үнэлж эрхэмлэж явцгаая. Үүний тулд цаашид ч судалж мэдэн, эргэцүүлэн бодож, сурснаа ажил хэрэг болгоцгооё (Еф. 5:1). Ингэх аваас «Бурханд ойр байх нь надад сайн» хэмээсэн дуулалчийн дуунд түрлэг нэмнэ (Дуу. 73:28).
a 2 Самуел 22:26: «Өгөөмөр [«Үнэнч», ШЕ] хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг [«үнэнчийг», ШЕ], гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг».]