Сайн мэдээ дэлгэрүүлэхдээ танилцуулга ашиглах нь
1. Бурхны ард түмэн хэрхэн танилцуулга ашиглан дэлгэрүүлсээр ирсэн бэ?
1 Еховагийн Гэрчүүд сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхдээ танилцуулга хэрэглэж ирсэн түүхтэй. 1880 онд Ч. Т. Расселл болон түүний нөхөд «Библи Судлаачдын танилцуулга»-ыг («Bible Students’ Tracts») гаргаж эхэлжээ. Энэ танилцуулгыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн уншигчид нийтэд тараадаг байв. Танилцуулгыг их чухалд үздэг байсан учир 1884 онд Ч. Т. Расселл Хаанчлалын үйл хэргийг ахиулах зорилготой ашгийн бус хуулийн этгээдээ бүртгүүлэхдээ «танилцуулга» гэдэг үгийг оруулж, Сионы Харуулын Цамхаг Танилцуулгын Нийгэмлэг гэгдэх болсон. Одоогийн нэр нь Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэг юм. 1918 он гэхэд Библи Судлаачид 300 сая танилцуулга тараасан байв. Танилцуулга одоо ч дэлгэрүүлэх ажлын сайн багаж билээ.
2. Танилцуулгыг сайн багаж гэхийн учир юу вэ?
2 Сайн багаж гэхийн учир: Танилцуулга нь өнгөт зурагтай бөгөөд нүдэнд шууд тусдаг. Доторх товч мэдээлэл нь сонирхол татдаг, гүнзгий агуулгатай байдаг. Ном, сэтгүүл авахаас татгалздаг хүмүүс танилцуулга авч болох юм. Шинэ дэлгэрүүлэгчид болон хүүхдүүд ч танилцуулга амархан тарааж чаддаг. Түүнээс гадна, жижигхэн, бас авч явахад авсаархан.
3. Танилцуулга хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг харуулсан жишээ хэлэх юм уу, өөрт тохиолдсон явдлаа ярина уу.
3 Анх танилцуулга авч, үнэнийг мэдсэн хүн олон байдаг. Жишээ нь, Гаитид амьдардаг нэгэн эмэгтэй манай танилцуулгыг гудамжнаас олжээ. Түүнийгээ уншаад «Би үнэнийг оллоо!» хэмээн дуу алдсан аж. Яваандаа цуглаанд ирдэг болж, Библи судлаад баптисм хүртсэн байна. Энэ бүхэн танилцуулгын ач юм.
4. Танилцуулгыг голлон тараах сард ямар зорилго тавих вэ?
4 Айлаар дэлгэрүүлэхдээ: Танилцуулга нь дэлгэрүүлэх ажлын ашигтай багаж учраас 11-р сараас эхлэн үе үе голлон тараах хэвлэл болгоно. Бидний зорилго бол айлын хүнд танилцуулга өгөөд болчих биш, танилцуулгаа ашиглан яриа өрнүүлэх явдал юм. Анх уулзахад эсвэл давтан уулзахад сонирхсон хүнд «Библийн сургаал» ном болон Библи судлахад зориулсан бусад хэвлэлээр хичээл яаж явуулдгийг үзүүлж болно. Айлаар дэлгэрүүлэхдээ танилцуулга хэрхэн тараах вэ? Танилцуулга болгон өөр өөр байдаг учраас бид өөрсдөө уншиж танилцах хэрэгтэй.
5. Айлаар дэлгэрүүлэхдээ танилцуулга хэрхэн тараах вэ?
5 Танилцуулга болон хэсгийн хүмүүстээ тохирсон оршил үг хэлэх хэрэгтэй. Айлын хүнд нэг танилцуулга өгөөд яриа өрнүүлж болох юм. Танилцуулгын эхний хуудас анхаарал татах биз ээ. Эсвэл хэд хэдэн танилцуулга үзүүлээд, гэрийн эзнээр сонгуулж болно. Зарим хэсгийн хүмүүс хаалгаа тайлдаггүй. Тийм хэсгээр дэлгэрүүлэхдээ айлын хүнд харагдахаар газар зогсоод танилцуулгаа үзүүлж болох юм. Танилцуулгын гарчгийг асуух хэлбэрээр бичсэн бол саналыг нь асуугаарай. Эсвэл сонирхлыг нь татаж, яриа өрнүүлэхийн тулд асуулт зохиож болно. Тэгээд айлын хүнтэй хамт танилцуулгаас нэг хэсгийг сонгон уншиж, асуулт дээр түр зогсож, саналыг нь хэлүүлнэ. Гол зүйлийг Библиэс уншина. Зарим материалыг авч үзсэний дараа яриагаа дуусгаад, хэзээ дахин уулзахаа тодорхой тохирно. Танай хурлынхан эзгүй айлд ном хэвлэл үлдээдэг бол хүний нүдэнд өртөхөөргүй газар танилцуулгаа үлдээгээрэй.
6. Гудамжаар дэлгэрүүлэхдээ танилцуулга хэрхэн тарааж болох вэ?
6 Гудамжаар дэлгэрүүлэхдээ: Та гудамжинд танилцуулга тарааж байсан уу? Гудамжаар явж буй зарим хүн яараад, бидэнтэй ярилцаж чаддаггүй. Үнэнийг хэр зэрэг сонирхож байгааг нь мэдэх аргагүй байж болох юм. Унших эсэхийг нь мэдэхгүйгээр сэтгүүл өгөхийн оронд, танилцуулга өгөх нь дээр шүү дээ. Гоё зурагтай, товчхон юм бичсэнийг нь үзээд, хүмүүс түр амсхийх зуураа сонирхон уншиж магадгүй. Харин яараагүй, тайван явж байвал танилцуулгаас зарим санааг хамт ярилцаж болох юм.
7. Албан бусаар дэлгэрүүлэхдээ танилцуулга хэрхэн ашиглаж болохыг харуулсан жишээ хэлнэ үү.
7 Албан бусаар дэлгэрүүлэхдээ: Танилцуулга биедээ авч явбал албан бусаар дэлгэрүүлэхэд амар байдаг. Нэг Гэрч эрэгтэй гэрээсээ гарах бүртээ халаасандаа хэдэн танилцуулга хийгээд явдаг аж. Дэлгүүрийн худалдагч юм уу, өөр хэн нэгэнтэй уулзахдаа унших юм өгье гэж хэлээд танилцуулгаа өгдөг байна. Нэгэн хос Нью-Йорк хотод юм үзэхээр ирэхдээ олон улс орны хүмүүстэй уулзаж болохыг анзаарсан байна. Тэр хоёр «Бүх үндэстний хүмүүст зориулсан сайн мэдээ» товхимол, олон хэлээр гарсан танилцуулга хэдийг аваад явсан аж. Тэгээд гудамжинд юм зарж байгаа хүн, цэцэрлэгт юм уу, зоогийн газарт ойр хавьд нь сууж байгаа хэн нэг нь гадаад хэлээр ярихыг сонсоод өөрсдийнх нь хэл дээр танилцуулга өгчээ.
8. Танилцуулгыг үртэй зүйрлэж болохын учир юу вэ?
8 «Тарь»: Танилцуулгыг үртэй зүйрлэж болно. Аль нь соёолж, ургахыг мэддэггүй учир тариачин их үр цацдаг. Номлогчийн үгс 11:6-д «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» гэсэн байдаг. Тийм болохоор энэхүү үр өгөөжтэй багажийнхаа тусламжтайгаар «мэдлэгийг дэлгэрүүлж» явцгаая (Сур. 15:7).
[3-р хуудасны товчлол]
Танилцуулга нь дэлгэрүүлэх ажлын ашигтай багаж учраас 11-р сараас эхлэн үе үе голлон тараах хэвлэл болгоно.