«Бүх хүнтэй эвтэй байгтун»
1. Уур уцаартай хүнтэй таарвал Библийн ямар зөвлөгөөг дагах ёстой вэ?
1 Еховагийн ард түмэн эвийг эрхэмлэж, амар амгаланг тунхагладаг (Ис. 52:7). Гэхдээ биднийг ирлээ гээд уурладаг хүмүүс бий. Ийм үед яаж эвийг эрхэмлэх вэ? (Ром 12:18)
2. Хэрсүү байх нь яагаад чухал бэ?
2 Хэрсүү байх нь: Зарим нь үнэнийг эсэргүүцэн уурладаг ч, зарим нь хүргэдэг мэдээнээс маань өөр юманд уурладаг. Бид цагаа олж ирээгүй байж болох юм. Хувийн асуудлаасаа болоод сэтгэл нь хямарсан байгаа ч юм бил үү. Харин сайн мэдээнд дургүйцэн уурласан бол бодол санааг нь Сатан сохолсныг санах хэрэгтэй (2 Кор. 4:4). Тайван байж, айлын хүнийг бидэнд уурлаагүйг ойлгоход хэрсүү зан чухал (Сур. 19:11).
3. Хэсгийнхээ хүнтэй хэрхэн хүндэтгэлтэй харьцах вэ?
3 Хүндэтгэлтэй харьцах нь: Хэсгийн маань олон хүн итгэл үнэмшлээ чанд баримталдаг (2 Кор. 10:4). Сонсох эсэхээ хүн өөрөө шийдэх эрхтэй. Гэрийн эзний итгэл үнэмшлийг үл ойшоож, өөрийгөө илүү ихийг мэддэг гэсэн сэтгэгдэл төрүүлж хэрхэвч болохгүй. Явахыг шаардвал хүндэтгэн, шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй.
4. Эелдэг ярина гэж яахыг хэлэх вэ?
4 Эелдэг байх нь: Хэл амаар доромжлуулсан ч дөлгөөн, эелдэг хариулах учиртай (Кол. 4:6; 1 Петр 2:23). Маргахын оронд санал нийлэх зүйлийн тухай яриарай. Яагаад татгалзсаныг нь эвтэйхэн асууж болох юм. Уурыг нь хүргэхгүйн тулд яриагаа таслах нь дээр байх тохиолдол бий (Сур. 9:7; 17:14).
5. Дэлгэрүүлэхдээ эв эеийг хичээвэл ямар ач тустай вэ?
5 Эвтэй байвал гэрийн эзэн бидний яаж харьцсаныг санаж, дараа нь хэн нэг дэлгэрүүлэгчийг ирэхэд сонсож болох юм (Ром 12:20, 21). Ширүүн эсэргүүцэж байгаа юм шиг боловч ирээдүйд итгэл нэгтэн маань болж болох шүү дээ (Гал. 1:13, 14). Гэрийн эзэн үнэнийг хүлээж авах ч бай, үгүй ч бай, бид биеэ барьж, эв эеийг хичээвэл Еховаг алдаршуулж, сургаалыг нь чимнэ (2 Кор. 6:3).