Зөнчдийг дууриагтун—Нахум
1. «Нахум» номоос бид юу мэдэж болох вэ?
1 Ехова дайснуудаасаа өшөө авдаг бөгөөд ямар ч догшин дайсан түүнийг сөрөн зогсож чадахгүй гэсэн Нахумын үг үнэн болохыг эртний Ниневе хотын балгас харуулдаг (Нах. 1:2, 6). Нахумын зөгнөлийг нарийн авч үзэх нь дэлгэрүүлэгч бидэнд тустай.
2. Дэлгэрүүлэхдээ ямар сайн мэдээ хүргэх вэ?
2 Тайвшруулж, найдвар төрүүлээрэй: «Нахум» номыг өнгөцхөн харвал эртний Ассирийн нийслэл Ниневе хот устгагдахыг тунхагласан тухай таагүй мэдээ байдаг (Нах. 1:1; 3:7). Гэхдээ энэ тунхаг Еховагийн ард түмний хувьд баяртай мэдээ байлаа. Нахум гэж «Тайвшруулагч» гэсэн утгатай нэр. Нахум элэг нэгт иудейчүүдээ тайвшруулж, дайснууд нь устгагдана гэж хэлдэг. Еховаг «Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог» гэдгийг баталсан (Нах. 1:7). Бид ч бас сайн мэдээ түгээж, Еховаг хоргодох газраа болгохыг хүмүүст уриалдаг (Нах. 1:15).
3. Жишээ татан ярьсан Нахумыг хэрхэн дууриах вэ?
3 Жишээ татаарай: Ниневе хот Египетийн Теб (Но-амон) хотын адил сүйрнэ гэж Ехова Нахумаар хэлүүлсэн. Урьд нь Теб хотыг ассиричууд устгаж байжээ (Нах. 3:8–10). Бид өнөөгийн ёс бус тогтолцоог устгах тухай хүмүүст ярихдаа Еховагийн хэлсэн бүхэн нэгд нэгэнгүй биелдгийг зөгнөлүүд харуулдаг гэдгийг онцлох хэрэгтэй. Жишээлбэл, МЭӨ 632 онд Вавилончууд болон Медечүүд Ниневе хотын эсрэг дайрах үед ширүүн бороо орж Тигр мөрөн үерлэснээс болж хотын бат бэх хана хэрэм эвдрэн сүйрчээ. Ийнхүү Ниневе хот Еховагийн хэлснээр, хормын дотор эзлэгджээ (Нах. 1:8; 2:6).
4. Тодорхой, ойлгомжтой ярина гэж яахыг хэлэх вэ?
4 Тодорхой, ойлгомжтой яриарай: Нахум номоо хүнд ойлгогдохоор, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр бичсэн (Нах. 1:14; 3:1). Үүнтэй адил, бидний хэл яриа хүмүүст ойлгомжтой байх ёстой (1 Кор. 14:9). Хүнтэй анх уулзахдаа ямар хэргээр яваагаа тодорхой хэлээрэй. Еховад болон Үгэнд нь итгэдэг болоход нь суралцагчдаа туслаарай. Бас сурч мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгуулаарай (Ром 10:14).
5. Нахумын зөгнөл биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
5 Нахум Еховагийн үг баараггүй биелдэгт бат итгэдэг байсан нь өөрийнх нь бичсэн номоос илт харагддаг. Сатаны тогтолцоо устгагдах цаг ойртож буй өнөө үед «зовлон зүдгүүр хоёр дахь удаа гарч ирэхгүй» хэмээн айлдсан Бурхны үг биднийг тайвшруулдаг (Нах. 1:9).