Асуултын булан
◼ Дэлгэрүүлэгчид интернет ашиглан гадаадад амьдардаг хүнд дэлгэрүүлэх, Библийн хичээл заахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
Үйл ажиллагааг маань хязгаарласан эсвэл дэлгэрүүлэгч цөөтэй оронд амьдардаг хүмүүст интернет ашиглан дэлгэрүүлж хичээл хийдэг дэлгэрүүлэгчид байдаг. Ингэх нь сайн үр дүнд хүрэх нь ч бий. Гэхдээ таньж мэдэхгүй хүнтэй и-мэйлээр харьцах, чаатлах нь аюултай байдаг (2007 оны 7-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 3-р хуудсыг [англи] үзнэ үү). Үнэнийг хайсан чин зүрх сэтгэлтэй хүнд сайн мэдээг хүргэх гээд муу нөхөр, улмаар тэрслэгчидтэй холбогдох аюулд өртөж мэдэх юм (1 Кор. 1:19–25; Кол. 2:8). Түүнчлэн, манай үйл ажиллагааг хязгаарласан эсвэл хориглосон улсын эрх мэдэлтнүүд интернет орчинд юу ярьж, бичиж байгааг маань хянаж байж болох юм. Ингэж харилцах нь тухайн нутагт амьдардаг итгэл нэгтнүүдэд аюултай. Тийм болохоор гадаадад амьдардаг хүнд цахим хэлбэрээр дэлгэрүүлэх ёсгүй.
Орон нутгийн салбар заавар өгөөгүй бол, бид гадаадаас ирсэн хүнд албан бусаар дэлгэрүүлж болох ч нутагтаа очсон хойно нь сонирхлыг нь дэмжих гэсний хэрэггүй. Харин jw.org-оос нэмэлт мэдээлэл хэрхэн олж болохыг юм уу нутгийнхаа салбартай хэрхэн холбоо барьж болохыг зааж өгч болно. Гэрийнхээ ойролцоох Хаанчлалын танхимд очихыг зөвлөж болно. Зарим оронд Хаанчлалын танхимгүй байж мэднэ. Сонирхсон хүн өөрийнхөө нутагт Гэрчүүдтэй холбоо барих хүсэлтэйгээ мэдэгдвэл «Сонирхлыг нь дэмжээрэй» (S-43) маягтыг бөглөөд нарийн бичгийн даргад өгөөрэй. Нарийн бичгийн дарга jw.org руу орж, цааш нь илгээнэ. Сонирхсон хүний амьдардаг орны үйл ажиллагааг хариуцдаг салбар тухайн газрын нөхцөл байдал, онцлогийг сайн мэддэг учраас тусалж дэмжиж чадна. (2014 оны 6-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 7-р хуудас, 2011 оны 11-р сарын «Христиан үйлчлэл»-ийн 2-р хуудсыг тус тус үзнэ үү)
Саяхнаас сонирхдог болсон хүн гадаад руу нүүх эсвэл гадаадад амьдардаг, интернетээр танилцсан хүнтэй саяхнаас хичээл хийж байгаа бол дээр дурдсан зааврыг мөрдөөрэй. Гэхдээ тухайн хүнийг нутгийнхаа дэлгэрүүлэгчтэй холбоо барих хүртэл сонирхлыг нь дэмжиж болно. Харин үйл ажиллагааг маань хязгаарласан эсвэл хориглосон оронд амьдардаг бол захидал, утас, цахим хэлбэрээр Библийн сэдвээр ярилцахдаа туйлын болгоомжтой байх шаардлагатай (Мат. 10:16).