СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14
ДУУ 49 Еховад хоргодъё
«Хэнд үйлчлэхээ ... өөрсдөө сонго»
«Би ч, манай гэрийнхэн ч Еховад үйлчилнэ» (ИОШ. 24:15, ШЕ).
ГОЛ САНАА
Яагаад Еховад үйлчлэхээр шийдсэнээ санацгаая.
1. Жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл бид яах ёстой вэ? Яагаад? (Исаиа 48:17, 18).
ТЭНГЭРИЙН Эцэг маань биднийг маш их хайрладаг бөгөөд өнөөдөр ч, ирээдүйд ч сайхан амьдраасай гэж хүсдэг (Ном. 3:12, 13). Биднийг бүтээхдээ гайхалтай авьяас чадвар бэлэглэсэн ч өөрсдийгөө удирдан залах юм уу эсвэл юу нь сайн, юу нь мууг шийдэх чадвар хайрлаагүй (Ном. 8:9; Иер. 10:23). Жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл өөрт нь үйлчилж, хэм хэмжээнийх нь дагуу амьдрах ёстойг маань тэрбээр мэддэг (Исаиа 48:17, 18-ыг уншина).
2. Сатан бидэнд юуг итгүүлэхийг хүсдэг вэ? Энэ нь худал гэдгийг батлахын тулд Ехова яасан бэ?
2 Сатан бидэнд Еховад захирагдахгүйгээр хүн хүнээ удирдаад аз жаргалтай амьдарч чадна гэж итгүүлэхийг оролддог (Эх. 3:4, 5). Энэ үг худал болохыг батлахын тулд Ехова хүн төрөлхтөнд тодорхой хугацаанд өөрөө өөрсдийгөө захирахыг зөвшөөрсөн. Харин хүн хүнээ захирснаар гашуун үр дагаварт хүрсэн нь бидний нүдэнд илт байна. Нөгөөтээгүүр Еховад үйлчлээд жаргалтай амьдарсан эрэгтэй, эмэгтэй хүний жишээ Библид олон байдаг. Тэдний дундаас хамгийн аз жаргалтай байсан нь Есүс Христ юм. Уг өгүүллээр, тэрбээр яагаад Еховад үйлчлэхээр шийдсэнийг эхлээд мэдэж авъя. Дараа нь, тэнгэрийн Эцэг маань шүтүүлэх зохистойн учрыг ярилцъя. Сүүлд нь, бид яагаад Еховад үйлчлэхээр шийдсэнээ санацгаая.
ЕСҮС ЯАГААД ЕХОВАД ҮЙЛЧЛЭХЭЭР ШИЙДСЭН БЭ?
3. Сатан Есүст ямар санал тавьсан бэ? Есүс яасан бэ?
3 Есүсийг дэлхий дээр байхад хэнийг шүтэхээ шийдэх хэрэгтэй нэг явдал тохиолдсон. Баптисм хүртсэнийх нь дараахан Сатан өөрт нь ганц удаа мөргөвөл дэлхийн бүх улс гүрнийг түүний мэдэлд өгнө гэжээ. Харин Есүс: «Зайл, Сатан аа! “Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэж хариулсан (Мат. 4:8–10). Тэрбээр яагаад ийм шийдвэр төгс байсан бэ? Зарим шалтгааныг үзье.
4, 5. Есүс Еховад үйлчлэхээр шийдсэн зарим шалтгаан юу вэ?
4 Есүс Еховад үйлчлэхээр шийдсэний гол шалтгаан нь Эцгээ гэсэн халуун хайр юм (Ёох. 14:31). Бас түүнд үйлчлэхийн зөвийг ч ойлгодог байсан (Ёох. 8:28, 29; Илч. 4:11). Тэрбээр Еховаг амийн Эх булаг, найдвартай, өгөөмөр Нэгэн гэдгийг мэддэг байв (Дуу. 33:4; 36:9; Яак. 1:17). Ехова Есүст үргэлж үнэнийг ярьдаг бөгөөд байгаа бүхнийг нь өгсөн (Ёох. 1:14). Харин Сатан Еховагаас тэс өөр. Тэрбээр хүн төрөлхтнийг нүгэл, үхэлд хүргэсэн, сувдаг шунахай, хар амиа бодсон, худалч этгээд юм (Ёох. 8:44). Энэ бүхнийг сайн мэддэг Есүс Еховад тэрсэлж Сатан шиг болъё гэж хэзээ ч бодоогүй нь лавтай (Флп. 2:5–8).
5 Еховад үнэнч байх нь ямар сайн үр дүнтэйг анхаарсан нь бас нэг шалтгаан юм (Евр. 12:2). Эцсээ хүртэл үнэнч байвал Эцгийнхээ нэрийг ариусгаж, Диаволын тарьсан бүх гай зовлонг арилгаж чадахаа мэдэж байв.
ЕХОВА ШҮТҮҮЛЭХ ЗОХИСТОЙ НЭГЭН ГЭХИЙН УЧИР
6, 7. Өнөөдөр ихэнх хүн яагаад Еховад үйлчилдэггүй вэ? Гэхдээ тэрбээр шүтүүлэх зохистой Нэгэн гэхийн учир юу вэ?
6 Өнөөдөр ихэнх хүн Еховад үйлчилдэггүй. Учир нь түүний сэтгэл татам зан чанарууд болон өөрсдийнх нь төлөө юу хийснийг огт мэддэггүй. Тэд Паулын дэлгэрүүлсэн афинчуудтай адил юм (Үйлс 17:19, 20, 30, 34).
7 Паул афинчуудад жинхэнэ Бурхан «бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдгийг» тайлбарласан. Цааш нь «Бид Бурхны ачаар амьтай болж, ажиллаж амьдардаг» гэжээ. Бурхан бол «нэг хүнээс бүх үндэстнийг бий болгосон» Бүтээгч учир зөвхөн түүнийг шүтэх ёстой (Үйлс 17:25, 26, 28).
8. Ехова юуг хэзээ ч хийхгүй вэ? Тайлбарлана уу.
8 Ехова бол Бүтээгч, орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзнийхээ хувьд хүмүүсийг албадан өөртөө үйлчлүүлж чадна. Гэхдээ хэзээ ч тэгдэггүй. Харин өөрийнхөө оршин байдгийг болон бидний хүн нэг бүрийг маш их хайрладгаа батлах хангалттай нотолгоо өгдөг. Аль болох олон хүн өөртэй нь үүрд найзалж нөхөрлөөсэй гэж хүсдэг (1 Тим. 2:3, 4). Ингэхийн тулд санаа зорилго, хүн төрөлхтний төлөө юу хийхээ тэдэнд мэдүүлэх зорилгоор үйлчлэгчдээ сургадаг (Мат. 10:11–13; 28:19, 20). Хурлуудыг зохион байгуулж, бидэнд санаа тавих хайр халамжтай ахлагчдыг томилдог (Үйлс 20:28).
9. Ехова бүх хүнийг хайрладаг нь юунаас харагддаг вэ?
9 Ехова өөрт нь итгэдэггүй хүмүүст ч сайн сайхан юмыг өгдөг нь агуу хайрынх нь илрэл юм. Дараахыг бодож үзээрэй. Олон мянган жилийн турш хүмүүс өөрсдөө зөв, бурууг шийдэж, шийдсэнийхээ дагуу амьдарсаар ирсэн. Гэхдээ Ехова сэтгэл гарган тэдэнд амьд явж, сайхан амьдрахад шаардлагатай юмыг хайрладаг (Мат. 5:44, 45; Үйлс 14:16, 17). Тэд найз нөхөд, гэр бүл, үр хүүхэдтэй болж, ажиллаж хөдөлмөрлөн үр шимийг нь хүртдэг нь Ехова ийм байхаар бүтээснийх юм (Дуу. 127:3; Ном. 2:24). Тэнгэрийн Эцэг маань бүх хүнийг хайрладаг нь илт байна (Ег. 34:6). Одоо, бид яагаад Еховад үйлчлэхээр шийдсэнээ санаж, бас тэрбээр хэрхэн ивээдгийг бодъё.
БИД ЯАГААД ЕХОВАД ҮЙЛЧЛЭХЭЭР ШИЙДСЭН БЭ?
10. а) Еховад үйлчилдгийн маань гол шалтгаан юу вэ? (Матай 22:37). б) Ехова танд хэрхэн ууч сэтгэлээр хандаж ирсэн бэ? (Дуулал 103:13, 14).
10 Есүсийн адилаар бид юуны түрүүнд Еховаг сэтгэлийнхээ угаас хайрладаг учраас түүнд үйлчилдэг (Матай 22:37-г уншина). Сайхан зан чанаруудыг нь мэдээд Еховад татагдсан. Жишээ нь бидэнд ууч сэтгэлээр ханддагийг нь бодъё. Дуулгаваргүй загнасан израйлчуудыг тэрбээр «олон жил ... тэвчин, ... зөнчдөөрөө ард түмэндээ анхааруулж байсан» (Нех. 9:30, ШЕ). Ехова биднийг төгс бус, тоос шороо гэдгийг санадаг (Дуулал 103:13, 14-ийг уншина). Ууч сэтгэл болон бусад сайхан зан чанаруудынх нь тухай эргэцүүлэн бодвол түүнд үүрд мөнх үйлчлэх хүсэл танд төрөхгүй гэж үү?
11. Бид өөр ямар шалтгаанаар тэнгэрийн Эцэгтээ үйлчлэхээр шийдсэн бэ?
11 Бас бид зөвийг нь мэддэг учраас Еховад үйлчилдэг (Мат. 4:10). Түүнээс гадна үнэнчээр үйлчилбэл олон сайн үр дүнд хүрэхийг мэддэг. Еховагийн нэрийг ариусгана, Диаволын худалчийг батална, Эцгийнхээ зүрхийг баярлуулна. Хэрэв бид өнөөдөр Еховад үйлчлэхээр шийдвэл үүрд мөнх үйлчлэх үүд хаалга нээгдэнэ! (Ёох. 17:3).
12, 13. Жен Пам хоёроос юу мэдэж авах вэ?
12 Хүүхдүүд ч Еховаг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадна. Том болохын хэрээр тэр хайр нь улам лавширна. Жен, Памa гэдэг төрсөн эгч дүүсийн тухай ярилцъя. Анх Библи судалж эхлэхдээ тэд 11, 10-тай байсан. Эцэг эх нь Библийн хичээл хийхгүй гэсэн ч амралтын өдөр сүмийн цуглаанд өмнөх шигээ хамт явах болзолтойгоор Гэрчүүдтэй хичээл хийхийг охиддоо зөвшөөрчээ. Жен: «Библиэс Гэрчүүдийн заасан зүйл ёс суртахуунгүй юм хийлгэх, хар тамхи татуулах гэсэн үеийнхнийхээ шахалтыг эсэргүүцэхэд тус болсон» гэжээ.
13 Хэдэн жилийн дараа эгч дүү хоёр хоёулаа дэлгэрүүлэгч болсон. Хожим нь нас ахиж яваа эцэг эхээ асрахын зэрэгцээ эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг дурсан Жен: «Ехова найзуудаа үнэнчээр хайрладгийг би ойлгосон. 2 Тимот 2:19-д “Ехова хүмүүсээ мэддэг” гэж байдаг нь үнэхээр үнэн» хэмээжээ. Ехова өөрийг нь хайрлаж, үйлчлэхээр шийдсэн хүмүүст санаа тавьдаг нь эргэлзээгүй!
14. Бид үг хэл, үйл хэргээрээ Еховагийн нэр хүндийг хэрхэн хамгаалах вэ? (Бас зургийг үзээрэй).
14 Бид Еховагийн тухай худал хуурмагийг няцаахыг хүсдэг. Дараах жишээг бодъё. Дотнын найз тань ууч, сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн. Гэтэл түүнийг харгис хэрцгий, худалч гэж гүтгэж байхыг нэг өдөр сонсжээ. Та яах вэ? Найзыгаа өмөөрнө биз дээ? Үүнтэй адилаар Сатан болон түүний нөлөөнд автсан хүмүүс Еховагийн нэр хүндийг унагах зорилгоор худал хуурмагийг тараахад бид түүний талаар үнэнийг ярьж нэр хүндийг нь хамгаална (Дуу. 34:1; Ис. 43:10). Бид үг хэлээрээ, бас үйл хэргээрээ Еховагийн тухай худал хуурмагийг няцаадаг бол бүхий л зүрх сэтгэлээрээ түүнд үйлчлэхийг хүсдэгээ харуулна.
Та Еховагийн нэр хүндийг хамгаалах уу? (14-р догол мөрийг үзээрэй)b
15. Элч Паул амьдралаа өөрчлөөд ямар ивээл хүртсэн бэ? (Филиппой 3:7, 8).
15 Бид Еховагийн сайшаалыг хүртэж, түүнд илүү их үйлчлэхийн тулд амьдралаа дуртайяа өөрчилдөг. Жишээлбэл элч Паул Христийг дагаж, Еховад үйлчлэхийн тулд нийгэмд эзэлж байсан өндөр байр сууриа орхисон (Гал. 1:14). Тэгсэн ч сэтгэл дүүрэн амьдарч, Есүстэй хамт тэнгэрээс захирах завшаан эдлэх болсон. Тэрбээр Еховад үйлчлэх шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсаагүй, бид ч хэзээ ч харамсахгүй (Филиппой 3:7, 8-ыг уншина).
16. Жулиагаас юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).
16 Бид Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болговол одоо ч, ирээдүйд ч ивээл хүртэнэ. Жулиа гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодъё. Үнэнийг мэдэхээсээ өмнө сүмийн найрал дуунд багаасаа явдаг байсан. Дуурийн нэг дуучин авьяастайг нь олж хараад түүнийг сургаж эхэлжээ. Жулиа удалгүй гоц авьяастан гэдгээрээ танигдаж, нэр хүндтэй театруудад дуулдаг болсон. Хөгжмийн алдартай сургуульд сурч байхад ангийнх нь нэг хүүхэд Бурхны тухай ярьж өгдөг болж, Ехова гэдэг нэртэйг нь хэлсэн. Жулиа долоо хоногт 2 удаа Библийн хичээл заалгаж эхлэв. Тэгээд хожим нь урлагийн мөр хөөхийн оронд амь амьдралаа Еховад үйлчлэхэд зориулахаар шийджээ. Ийм шийдвэр гаргах амар байгаагүй. Тэрбээр: «“Хайран авьяасаа гаргуунд нь хаях гэж үү?” гэж олон хүн халаглан хэлж байв. Гэхдээ би Еховад амь амьдралаа зориулж түүнд л үйлчлэхийг хүссэн» гэжээ. Ийнхүү шийдсэнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн. Тэрбээр одоо ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? «Би жаргалтай байгаа. Бас Ехова ирээдүйд миний бүх хүслийг биелүүлж өгнө гэдэгт бат итгэдэг» гэжээ (Дуу. 145:16).
Еховад үйлчлэхийг гол зорилгоо болговол хамгийн аз жаргалтай амьдарна (16-р догол мөрийг үзээрэй)c
ЕХОВАД ҮЙЛЧЛЭЭД Л БАЙГААРАЙ
17. Энэ тогтолцооны төгсгөл ойртож байгаа нь Бурханд үйлчлэхээр шийдсэн болон хараахан шийдээгүй байгаа хүмүүст ямар хамаатай вэ?
17 Энэ ертөнцийн төгсгөл хаяанд ирчихээд байгаа цаг үед бид амьдарч байна. Элч Паул: «Гэхдээ “тун удахгүй”. “Айсуй нэгэн заавал ирнэ, хоцрохгүй”» гэж бичжээ (Евр. 10:37). Энэ нь бидэнд ямар хамаатай вэ? Хүмүүст Еховад үйлчлэх эсэхээ шийдэхэд ахархан хугацаа үлджээ (1 Кор. 7:29). Бас Еховад үйлчлэхээр аль хэдийн шийдсэн бид сорилт тулгарна гэдгийг ойлгодог ч энэ нь «тун удахгүй» дуусна гэдгийг мэддэг.
18. Есүс болон Ехова биднээс юу хүсдэг вэ?
18 Есүс дагалдагчдадаа өөрийг нь дага гээд зогсохгүй үргэлж дагахыг захисан (Мат. 16:24). Тэгэхээр бид Еховад үйлчлээд олон жил болсон байлаа ч үргэлж үйлчлэхээр бат шийдэж, их хичээх шаардлагатай. Энэ нь амаргүй байж болох ч бид одоо, мөн ирээдүйд сэтгэл хангалуун амьдарч, ивээл хүртэнэ! (Дуу. 35:27).
19. Жийнд тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?
19 Зарим хүн Еховад үйлчлэхийн тулд олон юмаа золиослох хэрэгтэй гэж боддог. Хүүхэд залуус та нарт Еховад үйлчлэхээр сайн сайхан юмнаас хоцроод байгаа юм шиг санагддаг уу? Жийн гэдэг Гэрч залуу: «Еховагийн Гэрч байх нь эрх чөлөөгүй юм шиг санагддаг байсан. Үеийн маань хүүхдүүд үдэшлэгт явж, үерхэж, хүчирхийлэлтэй видео тоглоом тоглодог байхад би цуглаанд явж, дэлгэрүүлэх ёстой байв» гэжээ. Ийм бодол юунд хүргэсэн бэ? «Би хоёр нүүр гаргаж амьдардаг болсон. Нэг хэсэгтээ л хөгжилтэй, сайхан байсан ч, энэ нь удаан үргэлжлээгүй. Хөсөр хаясан Библийн үнэний тухай дахин боддог боллоо. Тэгээд Еховад бүхий л зүрхээрээ үйлчлэхээр шийдсэн. Тэр цагаас хойш Ехова миний залбирал болгонд хариулж байгаа» гэж ярьжээ.
20. Бид яахаар бат шийдэх учиртай вэ?
20 Дуулалч Еховад «Хашаанууддаа амьдруулахаар таны сонгож, дэргэдээ авсан хүмүүс жаргалтай» гэж дуулсан (Дуу. 65:4, ШЕ). Иошуагийн «Би ч, манай гэрийнхэн ч Еховад үйлчилнэ» гэж хэлсний адилаар Еховад үргэлж үйлчлэхээр бат шийдэцгээе (Иош. 24:15, ШЕ).
ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!
a Зарим нэрийг өөрчлөв.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Чуулган болж буй газрын гадна Гэрчүүдийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хажуугаар нэг эмэгтэй явж байна. Тэрбээр дугуйтай тавиурын дэргэд зогсож буй дэлгэрүүлэгчээс үнэний тухай сонсож байна.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Жулиа Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсныг зохиомж зурагт харуулжээ.