СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23
ДУУ 138 Таны нэр бол Ехова
Еховагийн нэр бидэнд маш чухал
«“Та нар бол Миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна» (ИС. 43:10).
ГОЛ САНАА
Ехова бол ариун, түүний тухай Сатаны ярьсан болгон худал гэдгийг бид хэрхэн батлах вэ?
1, 2. Еховагийн нэр Есүст чухал гэдгийг бид хэрхэн мэддэг вэ?
ЕСҮС Еховагийн нэрийг юу юунаас илүү чухалчилдаг байв. Тэрбээр Эцгийнхээ нэрийг хамгаалахын тулд хэн хүнээс ч илүү ихийг хийсэн. Өмнөх өгүүллээр бид Ехова бол ариун, хийдэг бүхэн нь зөв гэдгийг батлахын тулд Есүс амиа дуртайяа өгснийг үзсэн (Марк 14:36; Евр. 10:7–9). Эцгээ алдаршуулахыг хүсдэг тэрбээр мянган жил засаглаж дуусаад бүх эрх мэдлээ буцааж өгнө (1 Кор. 15:26–28). Түүний хийсэн бүхэн Еховад маш их хайртайг нь баталдаг.
2 Есүс Эцгийнхээ нэрийн өмнөөс дэлхий дээр ирсэн (Ёох. 5:43; 12:13). Дагалдагчдадаа нэрийг нь мэдүүлсэн (Ёох. 17:6, 26). Бас нэрийнх нь өмнөөс зааж, гайхамшиг үйлддэг байв (Ёох. 10:25). Түүнчлэн дагалдагчдынхаа талаар залбирахдаа «Өөрийнхөө нэрийн төлөө та тэднийг харж хандаач» гэж Еховагаас гуйсан (Ёох. 17:11). Тэгэхээр Есүсийн хувьд Бурхны нэр юу юунаас илүү эрхэм ажээ. Тэгвэл өөрийгөө Есүсийн жинхэнэ дагалдагч гэдэг хүн Еховагийн нэрийг мэдэхгүй, нэрээр нь дуудахгүй байна гэж байх уу?
3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
3 Есүсийн мөрөөр дагахыг хичээдэг Христийн дагалдагч бид Эцгийнх нь нэрийг маш их эрхэмлэдэг (1 Петр 2:21). «Хаант төрийн тухай ... сайн мэдээ» дэлгэрүүлдэг хүмүүс хэрхэн Еховагийн нэрээр дуудагдах болсныг энэ өгүүллээр ярилцана (Мат. 24:14). Бидний хүн нэг бүр Еховагийн нэрийг чухалд үздэгээ хэрхэн харуулахыг бас үзнэ.
«НЭРИЙНХ [НЬ] ТӨЛӨӨХ АРД ТҮМЭН»
4. а) Есүс тэнгэрт буцахаасаа өмнө шавь нартаа ямар даалгавар өгсөн бэ? б) Үүнээс үүдээд ямар асуулт гарах вэ?
4 Есүс тэнгэрт буцахынхаа өмнөхөн шавь нартаа «Бурхан агуу хүчээрээ дэмжихэд та нар намайг Иерусалим, Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар гэрчилнэ» гэж хэлжээ (Үйлс 1:8). Тэгэхээр сайн мэдээ Израйлд төдийгүй хаа сайгүй тунхаглагдах ажээ. Яваандаа, Есүсийн дагалдагч болох боломж бүх үндэстэнд бүрдэнэ (Мат. 28:19, 20). Гэхдээ Есүс: «Та нар намайг ... гэрчилнэ» гэжээ. Энэ нь шинэ шавь нар Еховагийн нэрийг мэдэх хэрэггүй гэсэн үг үү? Зөвхөн Есүсийн тухай гэрчилнэ гэсэн үг үү? «Үйлс» номын 15-р бүлгийг үзээд хариуг нь мэдье.
5. Иерусалим дахь элч нар болон ахлагчид бүх хүн Бурхны нэрийг мэдэх хэрэгтэйг хэрхэн ойлгуулсан бэ? (Бас зургийг үзээрэй).
5 МЭ 49 онд Иерусалим дахь элч нар болон ахлагчид цугларч, хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүд Христийн дагалдагч болохын тулд яах хэрэгтэйг ярилцав. Төгсгөлд нь Есүсийн эх нэгтэй дүү Яаков: «Бурхан нэрийнхээ төлөөх ард түмнийг харь үндэстнүүдийн дундаас сонгож авахын тулд тэдэнд анх хэрхэн анхаарлаа хандуулсан талаар [Петр] дэлгэрэнгүй ярилаа» гэжээ. Тэгээд зөнч Амосын «Ингэснээр үлдсэн хүмүүс нь миний нэрээр дуудагдсан хүмүүс буюу бүх үндэстэнтэй хамт намайг шаргуу хайх юм гэж ... Ехова айлдаж байна» гэснийг эш татсан (Үйлс 15:14–18). Шинэ шавь нар Еховагийн тухай мэдээд зогсохгүй «түүний нэрээр дуудагдах» юм. Энэ нь тэд Бурхны нэрийг авч явж, нэрээр нь танигдана гэсэн үг.
I зууны Удирдах Зөвлөл хуралдаж, Христийн дагалдагчид Бурхны нэрийн төлөөх ард түмэн байх ёстойг тодорхой ойлгожээ (5-р догол мөрийг үзээрэй)
6, 7. а) Есүс яагаад дэлхий дээр ирсэн бэ? б) Энэ нь илүү чухал ямар асуудалтай холбоотой вэ?
6 Есүсийн нэр «Ехова бол Аврал» гэсэн утгатай. Ехова өөрт нь болон Хүүд нь итгэдэг хүмүүсийг аврах гэж Есүсийг сонгосон. Есүс хүн төрөлхтний төлөө амиа өгөхийн тулд дэлхийд иржээ (Мат. 20:28). Золиос төлөгдсөнөөр хүн төрөлхтөн аврагдаж, мөнхийн амьтай болох үүд нээгдсэн (Ёох. 3:16).
7 Харин хүмүүсийг яагаад аврах хэрэгтэй болсон бэ? Еден цэцэрлэгт болсон явдалтай холбоотой. Өмнөх өгүүлэлд дурдсанаар бидний өвөг эцэг Адам Ева хоёр Еховад тэрсэлж, улмаар мөнх амьдрах боломжоо алдсан (Эх. 3:6, 24). Гэхдээ нүгэлт хүн төрөлхтнийг аврахаас илүү чухал асуудал гарч ирсэн. Сатан Еховагийн тухай аймшиггүйгээр худал ярьж нэр хүндийг нь гутаасан (Эх. 3:4, 5). Тиймээс Адам Евагийн үр удмыг аврах нь Еховагийн нэрийг ариусгах гэсэн илүү чухал асуудалтай холбоотой болсон. Есүс Еховаг төлөөлж, нэрийг нь авч явдаг байсан тул ариусгахад нь гол үүрэг гүйцэтгэсэн.
Өөрийгөө Есүсийн жинхэнэ дагалдагч гэдэг хүн Еховагийн нэрийг мэдэхгүй, нэрээр нь дуудахгүй байна гэж байх уу?
8. Есүст итгэдэг бүх хүн юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?
8 Иудей, харь үндэстэн гэлтгүй Есүст итгэдэг бүх хүн гол нь түүний Эцэг, Ехова Бурхан л Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан (Ёох. 17:3). Мөн Есүсийн адилаар Еховагийн нэрээр танигдана. Түүнчлэн нэрийг нь ариусгахын чухлыг ойлгох ёстой байв. Үүнээс тэдний аврагдах эсэх шалтгаална (Үйлс 2:21, 22). Тийм учраас Есүсийн бүх үнэнч дагалдагч түүний болон Еховагийн тухай мэдэх шаардлагатай. Ёохан 17-р бүлэгт бичсэнээр, Есүс: «Та намайг хайрласны адил тэд бусдыг хайрлаасай гэж, би тэдэнтэй эвтэй байх гэж таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно» хэмээн залбирлаа төгсгөсөнд гайхах зүйл үгүй (Ёох. 17:26).
«ТА НАР БОЛ МИНИЙ ГЭРЧ НАР»
9. Еховагийн нэр бидэнд чухал гэдгийг хэрхэн харуулах вэ?
9 Тэгэхээр Есүсийн жинхэнэ дагалдагч болгон Еховагийн нэрийг ариусгах учиртай (Мат. 6:9, 10). Тэд энэ нэрийг хамгийн чухалд үзэх ёстой. Үүнийгээ үйл хэргээрээ харуулна. Тэгвэл бид Сатаны үгс худал болохыг баталж, Еховагийн нэрийг ариусгахын тулд яах хэрэгтэй вэ?
10. «Исаиа» номын 42–44-р бүлэгт бэлгэдлийн ямар шүүх хурлыг дүрсэлсэн бэ? (Исаиа 43:9; 44:7–9). (Бас зургийг үзээрэй).
10 Бид Еховагийн нэрийг ариусгахад ямар чухал үүрэгтэй гүйцэтгэдгийг «Исаиа» номын 42–44-р бүлэгт онцолсон. Эдгээр бүлэгт, хэн нь жинхэнэ бурхан бэ гэдэг асуудлаар болсон бэлгэдлийн шүүх хурлыг дүрсэлжээ. Өөрсдийгөө бурхад хэмээдэг бүгдээс жинхэнэ гэдгээ батлахыг Ехова шаарддаг. Бас өөрсдийг нь гэрчлэх гэрчүүдийг дуудахыг шаардана. Гэвч ямар ч гэрч байхгүй! (Исаиа 43:9; 44:7–9-ийг уншина).
Бид бэлгэдлийн шүүх хуралд оролцдог буюу үг хэл, үйл хэргээрээ Еховагаас өөр Бурхан байхгүйг гэрчилдэг (10, 11-р догол мөрийг үзээрэй)
11. Исаиа 43:10–12-т бичсэнээр Ехова ард түмэндээ юу гэж тунхагласан бэ?
11 Исаиа 43:10–12-ыг уншина. Ехова ард түмэндээ хандан «Та нар бол Миний гэрч нар. ... Би бол Бурхан» гэж тунхагласан. Тэрбээр: «Надаас өөр Бурхан байдаг уу?» хэмээн тэднээс асуудаг (Ис. 44:8). Бид энэ асуултад хариулах завшаантай. Үг хэл, үйл хэргээрээ Ехова бол цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг гэрчилдэг. Түүний нэр хамгийн агуу нь билээ. Сатан бидэнд ямар ч дарамт учруулсан Еховаг чин сэтгэлээсээ хайрладгаа, түүнд үнэнч гэдгээ бид амь амьдралаараа баталдаг. Ийнхүү бид нэрийг нь ариусгахад хувь нэмэр оруулдаг.
12. Исаиа 40:3, 5-д бичсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ?
12 Исаиа бас «ЭЗЭНд зориулан зам засах [эсвэл бэлдэх]» нэгэн ирэхийг зөгнөсөн (Ис. 40:3). Энэ зөгнөл хэрхэн биелсэн бэ? Баптисм хүртээгч Ёохан Еховагийн нэрээр ирж, түүнийг төлөөлөх Есүсийн замыг бэлдсэн (Мат. 3:3; Марк 1:2–4; Лук 3:3–6). Мөн «ЭЗЭНий алдар илэрхийлэгдэнэ» гэж зөгнөсөн байдаг (Ис. 40:5). Энэ нь хэрхэн биелсэн бэ? Есүс дэлхий дээр байхдаа Еховаг төгс төлөөлсөн тул Ехова өөрөө дэлхий дээр ирснээс өөрцгүй байлаа (Ёох. 12:45). Бид ч Еховагийн нэрийг алдаршуулахад хувь нэмрээ оруулдаг бол Есүсийг дуурайж буй хэрэг.
13. Бид Есүсийг хэрхэн дуурайх вэ?
13 Есүсийн адилаар бид бол Еховагийн гэрч нар. Тиймээс Еховагийн нэрийг нэр төртэйгөөр авч явж, уулзсан хүн болгонд гайхалтай үйлсийнх нь тухай ярьдаг. Харин Еховаг сайтар гэрчлэхийн тулд Есүс нэрийг нь хэрхэн ариусгасныг бас хүмүүст мэдүүлэх хэрэгтэй (Үйлс 1:8). Тэрбээр Еховаг хэнээс ч илүү гэрчилдэг байсан бөгөөд бид түүний жишээг дагадаг (Илч. 1:5). Бид Еховагийн нэрийг чухалд үздэгээ өөр яаж харуулах вэ?
ЕХОВАГИЙН НЭРИЙГ ЧУХАЛД ҮЗДЭГЭЭ ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?
14. Дуулал 105:3-т бичсэнээр Еховагийн нэр бидэнд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
14 Еховагийн нэрийн тухай бахархан ярих (Дуулал 105:3-ыг уншина). Нэрийг нь сайрхан ярихад Ехова маш их баярладаг (Иер. 9:23, 24; 1 Кор. 1:31; 2 Кор. 10:17). «Еховагаар сайрхана» гэдэг нь өөрийн Бурхан гэдгээрээ бахархана гэсэн үг. Ехова бол ариун, үйлс бүхэн нь шударга гэдгийг хүмүүст ярих нь бидний хувьд үнэхээр завшаан билээ. Ажлынхан, ангийнхан, хөршүүд болон бусад хүнд Еховагийн Гэрч гэдгээ хэлэхээсээ хэзээ ч ичих ёсгүй! Еховагийн нэрийн тухай бусдад ярихыг маань Диавол болиулахыг хүсдэг (Иер. 11:21; Илч. 12:17). Үнэндээ Сатан болон түүний худал яриаг тараагчид Еховагийн нэрийг мартуулахыг зорьдог (Иер. 23:26, 27). Харин Еховагийн нэрийг хайрладаг бид боломж бүрийг ашиглан түүнийг магтан алдаршуулдаг (Дуу. 5:11; 89:16).
15. Еховагийн нэрийг дуудна гэдгийг юу гэж ойлгох вэ?
15 Еховагийн нэрийг дуудах (Иоел 2:32; Ром 10:13, 14). Энэ нь түүний нэрийг мэдэж, хэрэглэдэг байхаас илүүг хэлнэ. Бид чухам ямар Бурхан гэдгийг нь мэддэг болж, түүнд найдаж, тусламж, удирдлага зааврыг нь гуйдаг (Дуу. 20:7; 99:6; 116:4; 145:18). Мөн нэр болон олон сайхан зан чанарынх нь тухай хүмүүст ярьж, Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд гэмшиж, өөрчлөгдөхөд нь тэдэнд тусалдаг (Ис. 12:4; Үйлс 2:21, 38). Еховагийн нэрийг дуудна гэдгээр энэ бүхнийг хэлнэ.
16. Бид Сатаны худалчийг хэрхэн батлах вэ?
16 Еховагийн нэрийн төлөө зовоход бэлэн байх (Яак. 5:10, 11). Бид зовлон амсах байсан ч Еховад үнэнч байвал Сатаны худалчийг илчилнэ. Иовын үед Сатан: «Хүн өөртөө байгаа бүхнээ амийнхаа төлөө өгдөг» гэж Еховагийн үйлчлэгчдийг буруутгасан (Иов 2:4, ШЕ). Зөвхөн зовлонгүй үедээ Бурханд үйлчилж, бэрхшээл тулгарахад нүүрээ буруулна гэж хүмүүсийг гүтгэсэн. Гэхдээ үнэнч Иов энэ үгийн худлыг баталсан. Иовын адилаар, бидэнд ямар ч бэрхшээл учирсан эсвэл Сатан сэтгэлээр унагах гэж яаж ч оролдсон бид Еховагаасаа хэзээ ч урвахгүй байж Сатаны худалчийг батлах боломжтой. Ехова нэрийнхээ төлөө биднийг харж хандана гэдэгт бат итгээрэй (Ёох. 17:11).
17. 1 Петр 2:12-т бичсэнээр бид Еховагийн нэрийг хэрхэн алдаршуулах вэ?
17 Еховагийн нэрийг алдаршуулахын тулд бүхнийг хийх (Сур. 30:9; Иер. 7:8–11). Еховаг төлөөлж, нэрийг нь авч явдаг бид нэг бол нэрийг нь алдаршуулна, нэг бол гутаана (1 Петр 2:12-ыг уншина). Тиймээс үг хэл, биеэ авч явах байдлаараа Еховаг алдаршуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Бид төгс бус хэдий ч Еховагийн нэрийг ийнхүү алдаршуулж чадна.
18. Еховагийн нэр бидэнд чухал гэдгийг өөр яаж батлах вэ? (Бас зүүлтийг үзээрэй).
18 Өөрийнхөө нэр хүндээс илүү Еховагийн нэрийг бодох (Дуу. 138:2). Ингэх нь яагаад чухал вэ? Еховад таалагдах юм хийдэг бидэнд хүмүүс ихэнхдээ дургүйцэж, муугаар ярьдаг.a Есүс Еховагийн нэрийг алдаршуулахын тулд гэмт хэрэгтнээр яллагдаж гутамшигтайгаар үхэхэд бэлэн байсан. Хүмүүс өөрийг нь юу гэж бодох бол гэдгийг үл тоон «гутамшиг болохоос ичээгүй» (Евр. 12:2–4). Бурхны хүслийг биелүүлэхийг л анхаарсан (Мат. 26:39).
19. Танд Еховагийн нэр хэр чухал вэ? Яагаад?
19 Бид Еховагийн нэрийн тухай бахархан ярьдаг бөгөөд Гэрч нь гэж дуудуулдгаа завшаанд тооцдог. Тиймээс хүмүүс биднийг дорд үзсэн ч тэвчдэг. Өөрсдийнхөөсөө илүү Еховагийн нэр хүндийг чухалчилдаг. Тэгэхээр Сатан ямар ч бэрхшээл учруулсан, Еховагийн нэрийг үргэлж алдаршуулахаар бат шийдэцгээе. Ийнхүү Есүс Христийн адилаар Еховагийн нэр бидэнд хамгийн чухал гэдгээ батална.
ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!
a Гурван найз нь буруутгахад үнэнч Иов хүртэл өөрийнх нь талаар хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдэгт хэтэрхий их анхаарсан. Үр хүүхдүүд, бүх өмч хөрөнгөө алдахад Иов «нүгэл үйлд[ээ]гүй, Бурхныг ч буруутгаагүй» (Иов 1:22; 2:10, ШЕ). Гэхдээ өөрийг нь буруутгахад «бодлогогүй үг» хэлчхээд байсан. Бурхны нэрийг ариусгаж, нэр хүндийг нь хамгаалахын оронд өөрийн нэр хүндийг хамгаалахыг илүүд үзсэн (Иов 6:3; 13:4, 5; 32:2; 34:5, ШЕ).