НАМТАР
«Суулгагдсан газраа соёолоход» маань Ехова тусалсан
«СУУЛГАГДСАН газраа соёолоорой» гэсэн зөвлөгөө сонин сонсогдож болох юм. Шведийн Матс, Анн-Катрин гэдэг хосыг олон удаа «суулгажээ». Яаж? Энэ зөвлөгөө тэдэнд хэрхэн тус болсон бэ?
Тэд 1979 онд Гилеад сургуульд суралцсан бөгөөд Иран, Маврики, Мьянмар, Танзани, Уганда болон Заирт томилогдсон буюу «суулгагдсан». Гилеад сургуулийн багш Жак Редфорд тэдэнд дээрх зөвлөгөөг өгчээ. Энэ зөвлөгөө тэдэнд олон удаа «суулгагдаж», «сугалагдаж», «шилжүүлэн суулгагдахад» тустай байсан. Энэ тухай тэднээс асууя.
Үнэнийг анх яаж мэдсэнээ ярьж өгөөч.
Матс: Манай аав дэлхийн ІІ дайны үеэр Польшид амьдарч байхдаа католик шашныхны хоёр нүүр гаргадгийг зөндөө харсан. Гэхдээ л «Үнэн хаа нэгтээ байх л ёстой!» гэж хэлдэг байв. Аавын үг үнэн байсныг би хожим нь ойлгосон. Би хуучин ном худалдаж авдаг байсан юм. Тэдгээрийн дунд «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг хөх хавтастай ном байв. Гарчиг нь анхаарлыг минь ихэд татаж, тэр шөнөдөө л уншаад дуусгачихсан. Би ч үнэнийг олсноо ойлгосон!
1972 оны 4-р сараас Еховагийн Гэрчүүдийн олон ном хэвлэлийг уншиж, Библийн тухай олон асуултынхаа хариуг авсан. Маш үнэтэй сувд олоод түүнийгээ худалдаж авахын тулд байгаа бүхнээ зарсан Есүсийн ярьсан жишээнд гардаг худалдаачин санаанд орж билээ. Би олсон үнэн хэмээх «сувдаа» худалдаж авахын тулд байгаа бүхнээ «зарсан» буюу их сургуульд сурч эмч болох зорилгоо хаясан (Мат. 13:45, 46). Тэгээд 1972 оны 12-р сарын 10-нд баптисм хүртсэн.
Нэг жилийн дотор аав ээж, эрэгтэй дүү минь үнэнийг сурч мэдээд баптисм хүртсэн. 1973 оны 7-р сараас би бүрэн цагаар үйлчилж эхэлсэн. Манай хурлын идэвх зүтгэлтэй эхлэгчдийн дунд Еховад маш их хайртай, сэтгэл татам Анн-Катрин гэдэг бүсгүй байв. Бид нэг нэгэндээ хайртай болж, 1975 онд гэрлэсэн. Тэгээд бид Шведийн Стрёмсунд гэдэг газар 4 жил үйлчилсэн. Тэнд Библийг сонирхдог хүн олон, бас байгаль нь ч сайхан.
Анн-Катрин: Миний аав Стокхолмын их сургуулийг төгсөх гэж байхдаа үнэнийг мэдэж авсан. Тэр үед би 3 сартай байсан ч аав минь намайг цуглаан, дэлгэрүүлэх ажилд авч явна. Энэ нь ээжид таалагдаагүй тул Гэрчүүд буруу юм заадгийг батлах гэж оролдсон боловч чадаагүй учир хожим нь баптисм хүртсэн. Би 13-тайдаа баптисм хүртэж, 16-тайгаасаа эхлэгчээр үйлчилж эхлэв. Тэгээд дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй Умео гэдэг хотод үйлчилж байгаад тусгай эхлэгч болсон.
Матс бид хоёр гэрлэснийхээ дараа хэд хэдэн хүнд үнэнийг мэдэхэд нь тусалсан. Тэдний нэг нь Майвор гэдэг өсвөр насны охин байв. Тэрбээр Еховад илүү их үйлчлэхийн тулд спортоо орхиж, миний эмэгтэй дүүтэй хамт эхлэгчээр үйлчлэх болсон. Тэд 1984 онд Гилеад сургуульд сурч, одоо Эквадорт миссионероор үйлчилж байна.
Олон газар миссионероор үйлчилж байхдаа «Суулгагдсан газраа соёолоорой» гэсэн зөвлөгөөг хэрхэн дагасан бэ?
Матс: Биднийг олон удаа «шилжүүлэн суулгах» буюу өөр өөр газарт томилж байлаа. Гэсэн ч Есүсийг, ялангуяа даруу занг нь дуурайж «Христ дотор үндэслэхийг» хичээж байв (Кол. 2:6, 7). Жишээ нь нутгийн Гэрчүүд бидэнд дасахыг хүлээж суулгүй, харин бид өөрсдөө тэдэнд дасах гэж чармайсан. Тэдний ахуй соёлыг танин мэдэж, үзэл бодлыг ойлгохыг хичээсэн. Есүсийг дуурайх тусам хаана ч томилогдсон «усны сувгуудын дэргэд суулгагдсан» ургамал шиг соёолж байгаагаа мэдэрсэн (Дуу. 1:2, 3, ШЕ).
Хол зам туулж хурлуудад эргэлт хийх нь амьдралын маань нэг хэсэг байв
Анн-Катрин: Шилжүүлж суулгасан мод ургахад нарны гэрэл хэрэгтэй. Ехова үргэлж бидэн дээр «нарны» гэрлээ тусгаж байсан (Дуу. 84:11, ШЕ). Хайр халамжтай олон ах дүүсийг өгсөн. Жишээлбэл Ираны Техран дахь жижиг хурлынхан маань Библи бичигдэж байх үеийнхэн шиг маш их зочломтгой. Бид Иранд байх дуртай байсан. Гэвч 1980 оны 7-р сард Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хорьж, бид 48 цагийн дотор эндээс гарах хэрэгтэй болов. Африкийн Заирт (одоогийн Конго) томилогдлоо.
Заирт жаргалтай үйлчилж байсан дурсамжаас, 1982
Африкт томилогдсоноо мэдээд би өөрийн эрхгүй уйлсан. Учир нь Африкт могой, өвчин их байдгийг сонсож байсан болохоор айсан юм. Харин тэнд удаан үйлчилсэн хоёр сайн найз минь: «Чи тэнд огт байж үзээгүй шүү дээ! Очвол чамд таалагдана» гэж хэлэв. Үнэхээр ч тийм байсан! Тэндхийн ах дүүсийнхээ хайранд умбаж байв. Гэвч 6 жилийн дараа манай үйл ажиллагааг хориглоход бид бас л явах хэрэгтэй болсон. Тэр үед «Африкт үлдэхэд маань туслаач» гэж Еховад залбирсан. Ингэж их өөрчлөгдсөнөө анзаараад инээд хүрч билээ.
Еховад олон жил үйлчлээд ямар ямар ивээл хүртсэн бэ?
Бидний «унтлагын өрөө» Танзанид, 1988
Матс: Яс үндэс, гарал үүсэл ялгаатай олон миссионертой дотносон нөхөрлөснөө дурдахгүй байхын аргагүй. Мөн зарим газар үйлчилж байхдаа Библийн олон хичээл, заримдаа бүр эхнэр бид хоёр тус тусдаа 20, 20 хичээл хийдэг байснаасаа үгээр илэрхийлшгүй аз жаргалыг мэдэрдэг байсан! Бас Африкийн ах дүүсийн маань хайр, зочломтгой зан сэтгэлд хоногшин үлдсэн. Бид Танзанийн хурлуудад эргэлт хийхдээ «унтлагын өрөө» болдог Фольксваген Комби машинаа ах дүүсийнхээ гэрийн гадаа тавьдаг байв. Тэд «чадах чинээ[нээсээ] илүүг өгч» бидэнд зочломтгой хандана (2 Кор. 8:3). Мөн эхнэр бид хоёр орой болгон тухлан суугаад өдрийн явдлаа ярилцаж, хамт байсан Еховадаа талархана. Энэ нь бид хоёрын хувьд их чухал зүйл байв.
Анн-Катрин: Миний хувьд дэлхий дахины ах дүүстэйгээ танилцах нь үнэхээр сайхан байсан. Бид перс, франц, луганда, свахили гээд олон хэл сурахын зэрэгцээ олон улсын янз янзын ахуй соёлтой танилцсан. Бид шинэхэн дагалдагчдыг дэмжиж, дотносон нөхөрлөж, тэдэнтэйгээ «мөр зэрэгцэн» үйлчилсэн (Зеф. 3:9, ШЕ).
Мөн Еховагийн гайхалтай, төрөл бүрийн бүтээлийг харж баясна. Шинэ газар томилогдох болгонд Ехова хөтөч болоод биднийг аялалд авч яваа юм шиг санагддаг байв. Өөрсдөө хэзээ ч сурч чадахгүй зүйлийг Ехова зааж өгсөн.
Танзанийн нутаг дэвсгэрт дэлгэрүүлж байгаа нь
Ямар бэрхшээл тулгарч байсан бэ? Хэрхэн даван гарсан бэ?
Матс: Бид хумхаа зэрэг халуун орны өвчнөөр заримдаа өвдөж байсан. Эхнэр минь хэд хэдэн удаа яаралтай хагалгаанд орсон. Бас нас ахиж буй эцэг эхдээ санаа зовно. Тэднийг асарсан төрсөн ах дүүстээ их талархдаг. Тэд тэвчээртэй, баяр хөөртэй, хайрын сэтгэлээр энэ үүргээ биелүүлсэн (1 Тим. 5:4). Хол амьдардаг бид чадахаараа дэмжиж тусалж байсан ч илүү ихийг хийх ёстой гэж бодогдон сэтгэл зовох үе байсан.
Анн-Катрин: 1983 онд Заирт үйлчилж байхдаа холер өвчин тусаад хүндэрсэн. Эмч нөхөрт минь «Яг өнөөдөр эхнэрээ аваад нутаг буц!» гэсэн. Бид маргааш нь олдсон ганц ачааны онгоцоор Швед рүүгээ ниссэн.
Матс: Ингээд миссионероор үйлчлэхээ больж байгаа юм байна гэж бодогдоод нулимс унагасан сан. Гэхдээ эмчийн хэлснээр болоогүй. Эхнэр минь эдгэв. Тэгээд бид жилийн дараа эргэж Заирт очсон. Харин энэ удаа Лубумбаши дахь свахили хэлний жижиг хуралд томилогдов.
Анн-Катрин: Лубумбашид байхдаа би жирэмсэлж, харамсалтай нь хэвлий дэх ураг минь зулбасан. Хэдийгээр бид хүүхэдтэй болъё гэж төлөвлөөгүй ч үрээ алдсан би тэвчихийн аргагүй шаналсан. Ийм хүнд хэцүү үед Ехова гэнэтийн бэлэг барьж, өмнө нь хэзээ ч байгаагүй олон хичээлтэй болсон. Жил хүрэхгүй хугацаанд манай хурлын дэлгэрүүлэгчийн тоо 35-аас 70, цуглаанд ирдэг хүмүүсийн тоо 40-өөс 220 болж өссөн. Бид зав чөлөөгүй дэлгэрүүлнэ, Ехова ч ивээж байгаа нь харагдахаар би ихэд тайвширсан. Гэсэн ч бид хайртай бяцхан үрийнхээ тухай байнга бодож, ярьдаг. Ехова сэтгэлийн шаналал зовуурийг бүрмөсөн арилгах тэр цагийг тэсэн ядан хүлээдэг.
Матс: Эхнэр минь их ядарч сульддаг болов. Би ч бүдүүн гэдэсний хорт хавдрын дөрөвдүгээр үе шаттай гэж оношлогдоод томоохон хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Гэхдээ одоо би сайн байгаа. Эхнэр минь ч Еховад үйлчлэхийн тулд чадахыгаа хийж байна.
Зөвхөн бидэнд сорилт тулгараад байгаа юм биш гэдгийг ойлгосон. 1994 онд Руандад нэг овгийнхныг хоморголон устгах явдал гарсны дараа бид дүрвэгсдийн хуаранд очиж ах дүүстэйгээ уулзсан. Тэдний итгэлтэй, тэвчээртэй, ерөөсөө өөрчлөгдөөгүй зочломтгой байгааг хараад ямар ч сорилт тулгарсан Ехова ард түмнээ дэмжих хүчтэй гэдгийг ойлгосон (Дуу. 55:22).
Анн-Катрин: 2007 онд Уганда дахь салбарыг зориулах ёслолд оролцсоны дараа нэг аймшигтай явдал болов. Миссионер, бетелчид бид 25-уулаа Кенийн Найроби руу явж байв. Хил хүрэхийн наана нэг ачааны машин урсгал сөрж өөдөөс орж ирээд манай машиныг мөргөсөн. Жолооч болон 5 ах дүү маань газар дээрээ, 1 Гэрч эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан. Эдгээр ах дүүтэйгээ дахин уулзахыг маш их хүсэж байна! (Иов 14:13–15).
Би бэртсэн ч эдгэрсэн. Гэхдээ нөхөр бид хоёр, бас өөр ах дүү маань сэтгэлийн гүн шархтай болсон. Үүнээс болж би шөнөөр цочиж сэрнэ, зүрхний шигдээс болсон юм шиг мэдрэмж төрнө. Үнэхээр аймшигтай! Гэхдээ Еховад шаргуу залбирч, Библийн дуртай зүйлээ уншаад тайвширна. Бас мэргэжлийн эмчийн тусламж авсан нь сайн байсан. Одоо тэгтлээ их түгшихээ больсон бөгөөд ийм зовлон амсаж буй хүмүүсийг тайвшруулахад минь туслаач гэж Еховад залбирдаг.
Бэрхшээлийг хэрхэн даван туулснаа ярихдаа Ехова та нарыг «түүхий өндөг шиг» барьж явсан гэж хэлсэн. Энэ нь ямар утгатай вэ?
Матс: «Tumebebwa kama mayai mabichi» гэдэг нь свахили хэлний зүйр үг бөгөөд «Биднийг түүхий өндөг шиг барьж явсан» гэсэн утгатай. Түүхий өндөг барьж яваа хүн хагалахгүйн тулд маш болгоомжтой байдаг шиг томилогдсон газар бүрд Ехова бидэнд сайхан сэтгэлээр тусалдаг. Бидэнд хэрэгтэй юм үргэлж, бүр илүү ч байдаг. Өрөвч сэтгэлтэй Удирдах Зөвлөлийн гишүүдээс Еховагийн хайр, дэмжлэгийг мэдэрсэн.
Анн-Катрин: Еховагийн хайрыг мэдэрсэн нэг жишээг дурдъя. Нэг өдөр Шведээс залгаж эрчимт эмчилгээнд байгаа аавын минь тухай хэлэв. Матс хумхаа өвчнөөс эдгэрээд удаагүй байлаа. Бас бид онгоцны тийз авах мөнгөгүй тул машинаа заръя гэж бодож байв. Тэгтэл хоёр дуудлага ирлээ. Эхнийх нь бидний нөхцөл байдлыг сонсоод нэг тийзний чинь үнийг төлье гэсэн нэг хос байсан. Дараа нь настай Гэрч эмэгтэй залгалаа. Тэрбээр «Хэрэгцээтэй хүнд» гэж хаягласан хайрцагтаа мөнгө цуглуулсан байв. Ийнхүү хэдхэн минутын дотор Ехова бидэнд тусалсан! (Евр. 13:6).
Та хоёр бүрэн цагаар 50 жил үйлчилжээ. Энэ хугацаанд сурч мэдсэнээсээ хуваалцахгүй юү?
Мьянмарт томилогдсон нь
Анн-Катрин: «Тайван байж [Еховад] найдвал» хүчтэй байхыг ойлгосон. Еховад итгэж найдвал тэрбээр бидний өмнөөс тулалддаг (Ис. 30:15, ШЕ; Ш.дэд 20:15, 17). Бид томилогдсон газар болгондоо чадах чинээгээрээ үйлчлээд өөр хаана ч, юу ч хийсэн хүртэхээргүй тийм их ивээлийг хүртсэн.
Матс: Би нэг чухал сургамж авсан. Ямар ч нөхцөлд Еховад найдаж, миний төлөө юу хийхийг нь хүлээх хэрэгтэй (Дуу. 37:5). Тэрбээр тусална гэж амласнаа дандаа биелүүлдэг. Үүний үнэнийг бид Мьянмарын Бетелд яг одоо үйлчилж байхдаа ч харж байна.
Ехова биднийг үнэнчээр хайрласан. Үйлчлэлээ өргөжүүлэх тухай бодож байгаа залуучууд энэ л хайрыг мэдрээсэй билээ. Хэрэв тэд Еховагийн тусламжид найдвал хаана ч томилогдсон аз жаргалтай байна гэдэгт бид бат итгэдэг.