-
Библийг яагаад унших ёстой вэ?Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
Онцлох Сэдэв | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ
Библийг яагаад унших ёстой вэ?
«Би Библийг ойлгоход үнэхээр хэцүү ном гэж боддог байсан»—Жүүви
«Библийг сонирхолгүй, уйтгартай ном гэж би боддог байлаа»—Күини
«Библи зузаан ном болохоор унших хүсэл төрөөгүй»—Эзийкиэл
Танд энэ хүмүүсийнх шиг бодол төрж, Библи уншихаас хойш сууж байсан уу? Библи уншина гэхээс олон хүн зүрхшээдэг. Харин аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах ухааныг Библиэс олж болдог. Библийг шимтэн унших хэд хэдэн арга байдаг гэвэл танд ямар санагдаж байна вэ? Нээгээд уншмаар санагдахгүй гэж үү?
Библи уншаад ач тусыг нь хүртсэн хүмүүсийн яриаг хүргэе.
Хорь гарч яваа Эзийкиэл ийнхүү ярьжээ. «Урьд нь би ямар ч зорилгогүй машин барьж яваа юм шиг амьдарч байсан. Харин Библи уншаад амьдралын утга учрыг олсон. Одоо би Библийн ач тустай зөвлөгөөг өдөр бүр хэрэгжүүлж байна».
Мөн адил хорь гарч яваа Фрийда ингэж ярьсан юм. «Би их түргэн ууртай байсан. Гэхдээ Библи уншаад өөрийгөө хянаж сурсан. Тэгээд хүмүүстэй зөв боловсон харьцдаг болж, найз нөхдөөр хүрээлүүлсэн».
50-аад насны Юүнис ийнхүү ярьсан юм. «Библийн ачаар би илүү сайн хүн болж, бас базаахгүй зуршлуудаасаа салсан».
Энэ хүмүүсийн адилаар, сая сая хүн Библи уншаад амьдралын утга учрыг олж, баяр жаргалтай амьдарч байна (Исаиа 48:17, 18). Мөн түүнчлэн Библи 1) зөв шийдвэр гаргахад 2) жинхэнэ анд нөхөдтэй болоход 3) стрессээс салахад 4) хамгийн гол нь, Бурхны тухай үнэнийг мэдэхэд тусалдаг. Библид бичсэн Бурхны зөвлөгөөг дагавал та хэзээ ч алдахгүй. Яагаад гэвэл Бурхан хэзээ ч буруу юм зөвлөхгүй.
Тэгэхлээр Библийг уншиж эхлэх нь маш чухал. Уншиж эхлэхэд тустай ямар зөвлөгөө байдаг вэ?
-
-
Юунаас эхлэх хэрэгтэй вэ?Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ
Юунаас эхлэх хэрэгтэй вэ?
Библийг яаж уншвал ач тусыг нь хүртэх вэ? Олон хүнд үр өгөөжөө өгсөн таван арга байдаг.
Тохиромжтой орчинг бүрдүүлээрэй. Чимээгүй орчин олохыг хичээгээрэй. Уншиж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд саад болох зүйлээ багасгах хэрэгтэй. Мөн гэрэл сайтай, цэвэр агаартай орчинд уншвал үр дүнтэй.
Зөв үзэлтэй байгаарай. Библи бол тэнгэрийн Эцгийн маань өгсөн бэлэг юм. Тиймээс эцэгтээ дуулгавартай хүүхэд шиг байвал Библи уншихын ач тусыг үзнэ. Библийн тухай таагүй бодлоо орхин Бурхнаар заалгаарай (Дуулал 25:4).
Уншихаасаа өмнө залбираарай. Библийг Бурхан бичүүлсэн учраас ойлгож уншихын тулд түүнээс л тусламж авах хэрэгтэй. Бурхан «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс» өгөхөө амладаг (Лук 11:13). Бурхны үзэл бодлыг ойлгоход тэр л хүч танд тусална. Аажимдаа та ариун сүнсний ачаар «Бурханы гүн юмсыг ч» ухаардаг болно (1 Коринт 2:10).
Ойлгоё гэсэн сэтгэлтэй байгаарай. Хурдан уншиж дуусгах зорилгоор битгий уншаарай. Харин юу уншиж байгаагаа сайтар эргэцүүлж бодоорой. Дараах асуултыг өөрөөсөө асууж болно. «Энэ хэсэгт гарч байгаа хүн ямар зан чанар илэрхийлж байна бэ? Би амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?»
Тодорхой зорилго тавьж уншаарай: Амьдралаа жинхэнэ ёсоор сайжруулах зорилгоор Библи уншвал ач тусыг нь хүртэнэ. Дараах зорилгыг тавьж болох юм: «Би Бурхны тухай илүү ихийг мэдмээр байна, илүү сайн хүн болмоор байна, илүү сайн нөхөр болмоор байна, илүү сайн эхнэр болмоор байна». Тэгээд энэ зорилгодоо хүрэхэд тань туслах Библийн хэсгийг сонгож уншаарай.a
Библи уншиж эхлэхэд тань дээрх таван арга тус болно. Гэхдээ Библийг илүү шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээс уншаарай.
a Энэ тухай, Библийн аль хэсгээс сонгож уншихаа та сайн мэдэхгүй байвал Еховагийн Гэрчүүдэд хандана уу. Тэд танд дуртайяа тусална.
-
-
Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ
Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?
Библи унших нь танд ямар байдаг вэ? Уйтгартай юу? Сонирхолтой юу? Ямар аргаар уншихаас тань их зүйл шалтгаална. Библийг шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?
Орчин үеийн үг хэллэгтэй, үнэн зөв орчуулгыг сонгоорой. Хэрэв таны уншдаг Библи ойлгоход хэцүү, хуучирсан үг хэллэгтэй бол шимтэн уншихгүй нь лавтай. Тиймээс зүрх сэтгэлийн тань гүн рүү орохуйц, ойлгоход хялбар Библийг олж уншаарай. Гэхдээ үнэн зөв орчуулсныг нь сонгоорой.a
Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаарай. Өнөө үед Библи зөвхөн хэвлэсэн хувилбараар биш, электрон хувилбараар гардаг болсон. Зарим Библийг онлаинаар эсвэл компьютер, таблет, гар утсан дээрээ татаж аваад унших боломжтой. Холбоотой сэдвээр Библийн бусад зүйлийг үзэж болдог мөн хэд хэдэн орчуулгыг харьцуулж харах тохиргоотой Библи бас байдаг. Та Библийн сонсдог хувилбарыг нь илүү дээр гэж үзэж болох юм. Сонсдог Библи хэд хэдэн хэлээр бий. Олон хүн ийм Библийг нийтийн тээврээр зорчихдоо, юм угааж байхдаа, мөн өдөр тутмын бусад үйл хэрэгт оролцохдоо сонсдог. Та өөртөө тохирохыг нь туршиж үзээрэй.
Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Илүү сайн ойлгож уншъя гэвэл Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Библид гардаг нутаг орны газрын зургууд байдаг. Ийм газрын зургаас тухайн үйл явдлыг хаана болсныг мэдэж болно. Мөн Библийн зарим хэсгийг ойлгохгүй байвал энэ сэтгүүлийн өгүүллүүд эсвэл jw.org/mn саитын «Библийн сургаал» гэсэн хэсэгт байгаа өгүүллүүдээс үзэж болно.
Унших аргаа өөрчлөөрэй. Библийг эхнээс нь авхуулаад дуустал нь унших хэцүү байж болох юм. Тэгвэл дуртай хэсгээсээ эхэлж уншаарай. Библид гардаг алдартай хүмүүсийг мэдэхийг хүсэж байвал, тэдний тухай голлон бичсэн хэсгээс сонгож уншаарай. «Хүмүүстэй нь танилцаж, Библийг гүнзгий судлаарай» гэсэн хүснэгтэд жишээ дурдсан байгаа. Мөн Библийг сэдэвчилж, эсвэл үйл явдлын дарааллын дагуу уншиж болно. Аль нэг аргыг нь та туршаад үзээрэй.
a Олон хүн «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг үнэн зөв, найдвартай, уншихад хялбар болохыг олж мэджээ. 130 гаруй хэлээр унших боломжтой энэ Библийг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан. Энэ Библийг jw.org саитаас татаж авах юм уу JW Library аппликейшнийг татаж аваарай. Хэрэв та хэвлэснийг нь авахыг хүсвэл Еховагийн Гэрчүүд танайд хүргэж өгч болно.
-
-
Библи миний амьдралд ямар ач тустай вэ?Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ
Библи миний амьдралд ямар ач тустай вэ?
Библи бол жирийн ном биш ээ. Энэ бол Бүтээгчээс маань ирсэн заавар юм (2 Тимот 3:16). «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» гэж байдаг учраас Библи биднийг өөрчлөх хүчтэй (Еврей 4:12). Библи амьдралыг маань хэрхэн сайжруулдаг вэ? Нэгдүгээрт, өдөр бүр хэрэгжүүлж болох удирдлага заавар өгдөг. Хоёрдугаарт, Бурхны тухай, амлалтуудынх нь тухай мэдэхэд тусалдаг (1 Тимот 4:8; Иаков 4:8).
Өдөр бүр хэрэгжүүлж болох удирдлага заавар. Библи хувийн асуудлыг ч шийдэхэд тусалдаг. Хэрэгжүүлж болох дараах зөвлөгөө бий.
Бусадтай харьцахад —Ефес 4:31, 32; 5:22, 25, 28, 33
Сэтгэл санаа болон биеийн хувьд эрүүл байхад—Дуулал 37:8; Сургаалт үгс 17:22
Ёс суртахууны хэм хэмжээ баримтлахад —1 Коринт 6:9, 10
Мөнгө төгрөгний асуудлыг шийдэхэд —Сургаалт үгс 10:4; 28:19; Ефес 4:28a
Азид амьдардаг нэгэн залуухан хос Библийн зөвлөгөөг их үнэ цэнтэйд үздэг. Бусад залуу хосуудын адилаар тэдэнд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, бие биеийнхээ зан чанарыг таньж мэдэхэд амаргүй байжээ. Харин тэд Библиэс уншсан зүйлээ хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрсэн бэ? Нөхөр Висээнт нь: «Хосуудад тулгардаг төвөгтэй асуудлыг хайраар шийдэхэд Библиэс уншсан зүйл маань тусалсан. Библийн зарчмыг хэрэгжүүлснээр бид жаргалтай амьдарч байна» гэжээ. Түүний эхнэр Айналү: «Библид гардаг хүмүүсийн тухай уншсан маань бидэнд тус болсон. Би одоо жаргалтай байна. Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байж, зорилготой амьдарч явна» гэж ярьсан юм.
Бурхны тухай мэдлэг. Түүнээс гадна Висээнт: «Библи унших тусам би Еховатай улам дотно болж байна» гэсэн юм. Бурхантай танилцахад Библи тусалдаг нь Висээнтийн ярианаас харагдаж байна. Тиймээс Бурхныг зөвхөн ач тустай зөвлөгөө өгдөг төдийхнөөр ойлгож болохгүй. Та Бурхантай анд нөхөр болж болно. Мөн Бурхны амладаг «жинхэнэ амийг» буюу үүрд жаргалтай амьдрах сайхан ирээдүйг үзнэ (1 Тимот 6:19). Библи бол үнэхээр хосгүй ном.
Та Библийг нэг барьж аваад тогтмол уншдаг болчихвол ач тусыг нь хүртэнэ. Амьдрал тань одоо ч сайжирч, та Бурхны тухай мэдлэгтэй болно. Гэхдээ Библи уншаад танд олон асуулт гарч магадгүй. Тэгвэл 2 000 жилийн өмнө амьдарч байсан Етиопын түшмэлийн сайхан жишээг санаарай. Түүнд Судраас уншаад ойлгоогүй зүйл зөндөө байсан. Уншиж байгаагаа ойлгож буй эсэхийг нь асуухад «Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?» гэдэг.b Тэрбээр Есүсийн эртний шавь, туршлагатай багш Филипээс тусламж авсан (Үйлс 8:30, 31, 34). Та бас Библийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.pr2711.com/mn гэсэн хаягаар орж, онлаинаар хүсэлт гаргах эсвэл энэ сэтгүүлд байгаа хаягаар захидал бичиж болно. Мөн нутагт тань амьдардаг Еховагийн Гэрчүүдтэй холбоо барих юм уу, Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд зочлоорой. Библийг өнөөдрөөс эхлэн уншиж болохгүй нь юу билээ? Таныг хамгийн сайхан амьдрал уруу хөтөлнө.
Библи үнэхээр найдвартай ном уу гэж та бодож байж болох юм. Тэгвэл «Библид итгэж болохын учир юу вэ?» гэсэн богино хэмжээний видео үзээрэй. Та jw.org/mn саит уруу ороод «Хайх» товчийг даран уг видеоны гарчгийг оруулаарай.
a Библид байдаг бусад зөвлөгөөнүүдийг манай jw.org саитаас үзээрэй. БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ гэж орно.
b Энэхүү дугаарын «Зүгээр л нэг буруу ойлголт уу?» гэсэн гарчигтай хэсгийг мөн үзээрэй.
-