Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 4 сар х. 2-7
  • Хойд зүгээс довтолж байна!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хойд зүгээс довтолж байна!
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ДӨРВӨН ШАЛТГААН
  • ЯМАР УТГАТАЙ ВЭ?
  • САЙН МЭДЭЭ
  • ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
  • Зөнчдийг дууриагтун —Иоел
    Христиан үйлчлгл 2013
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 4 сар х. 2-7

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

Хойд зүгээс довтолж байна!

«Үндэстэн миний нутгийг эзлэн авчээ» (ИОЕЛ 1:6).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

ТОЙМa

1. Рассел ба түүний нөхөд ямар аргаар судалдаг байсан бэ? Яагаад үр дүнтэй арга гэж хэлж болох вэ?

ОДООГООС 100 гаруй жилийн өмнө Ч. Т. Рассел хэдэн нөхөдтэйгөө хамт Бурхны Үгийг судлахаар цугладаг болжээ. Тэд Ехова Бурхан, Есүс Христ, үхэгсэд, золиосны талаар Библид чухам юу гэж байдгийг мэдэхийг хүссэн. Судлах арга нь энгийн байлаа. Нэг нь асуулт асууна. Дараа нь бүгдээрээ тэр сэдэвтэй холбоотой Библийн зүйл бүрийг нарийвчлан судална. Эцэст нь, судалж мэдсэн зүйлээ бичиж тэмдэглэнэ. Чин сэтгэлтэй энэ эрчүүд Библийн үндсэн сургаалуудыг Еховагийн ивээлээр ойлгож авсан юм. Тэр сургаалууд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй.

2. Юунаас болоод Библийн зөгнөлийг буруу ойлгож мэдэх вэ?

2 Гэхдээ тэдгээр Библи Судлаач удалгүй нэг зүйлийг ухаарчээ. Библийн зөгнөлийн утгыг зөв ойлгох нь Библийн үндсэн сургаалыг ойлгохоос ч илүү ярвигтай ажээ. Яагаад? Зөгнөлийг биелэхээс нь өмнө ойлгох хэцүү. Харин биелж байхад нь юм уу, эсвэл биелснийх нь дараа ойлгоход хялбар байдаг. Түүнээс гадна, зөгнөлийг зөв ойлгохын тулд бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Хэрэв тухайн зөгнөлийн нэг л талыг анхаараад, бусдыг нь орхигдуулбал буруу дүгнэлтэд хүрч мэднэ. Бид «Иоел» номд бичсэн зөгнөлийг судлахдаа иймэрхүү алдаа гаргасан бололтой. Энэ зөгнөлийг дахин судалж, одоогийнхоо ойлголтыг залруулах болсны учрыг ярилцъя.

3, 4. Бид өнөөг хүртэл Иоел 2:7–9-д байдаг зөгнөлийг юу гэж ойлгож ирсэн бэ?

3 Иоел 2:7–9-ийг уншина. «Голио [«царцаа», ШЕ]» Израйлын нутгийг цөлмөнө гэж Иоел зөгнөсөн. Айхавтар ховдог энэ шавж харсан болгоноо арслангийнх шиг шүдээрээ, эрслэнгийнх шиг соёогоороо идэж цөлмөх ажээ! (Иоел 1:4, 6). Бид өнөөг хүртэл Иоелийн зөгнөлийг Еховагийн ард түмний дэлгэрүүлэх ажилтай холбож үздэг байсан. Гэрчүүд дэлгэрүүлэх ажилд оролцохдоо зогсолтгүй давших царцаан сүрэгтэй адил байдаг. Бид дэлгэрүүлэх ажлаараа «нутгийг» цөлмөх буюу шашны удирдагчдын эрхшээлд байдаг хүмүүсийг зовоодог гэж ойлгож байсан.b

4 Хэрэв зөвхөн Иоел 2:7–9-ийг уншвал энэ тайлбар зөв юм шиг санагдана. Гэхдээ уг зөгнөлийг бүхэлд нь авч үзвэл ойлголтоо залруулах шаардлагатай гэдэг нь тодорхой болно. Дөрвөн шалтгааныг авч үзье.

ДӨРВӨН ШАЛТГААН

5, 6. а) Иоел 2:20-ийг; б) Иоел 2:25-ыг уншсан хүн юу гэж асуух бол?

5 Юуны өмнө, Ехова царцаануудыг яана гэж амласныг анхаараарай. «Би хойд зүгийн цэргийг [царцаануудыг] та нараас алс холдуулна» гэжээ (Иоел 2:20). Хэрэв царцаанууд нь Еховагийн Гэрчүүд юм бол дэлгэрүүл, шавь бэлд хэмээсэн Есүсийн тушаалыг биелүүлдэг тэднийг яагаад холдуулах гээд байгаа юм бэ? (Езе. 33:7–9; Мат. 28:19, 20). Ехова үнэнч үйлчлэгчдээ холдуулахгүй. Харин ард түмэнд нь дайсагнадаг хүн ба юмыг холдуулах нь тодорхой.

6 Хоёрдугаарт, Иоел 2:25-д бичсэн Еховагийн үгийг анхаараарай. «Та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө» гэжээ. Ехова царцаануудын учруулсан хохирлыг «нөхөн төлнө» гэж амласан байна. Хэрэв царцаанууд нь Еховагийн ард түмэн юм бол тэд Хаант төрийн тухай мэдээ тунхаглаад улс амьтанд хохирол учруулдаг гэсэн үг болно биз дээ? Гэтэл тэд амь аврах мэдээ тунхаглаж, олон түмэнд гэмших боломж олгодог (Езе. 33:8, 19). Гэмшсэн хүмүүс хохирдоггүй, харин ивээл хүртдэг!

7. Иоел 2:28, 29-д «түүний дараа» гэж бичсэнээс юу ойлгож болох вэ?

7 Иоел 2:28, 29-ийг уншина. Гуравдугаарт, зөгнөлд гарч буй үйл явдлын дарааллыг анхаараарай. «Түүний дараа [өөрөөр хэлбэл, царцаануудыг ажлаа дуусгасны дараа] Би Өөрийн Сүнсийг ... цутгана» гэж Еховагийн хэлснийг та анзаарсан уу? Хэрэв царцаанууд нь Хаант төрийн тунхаглагчид юм бол яагаад дэлгэрүүлж байхад нь биш, дэлгэрүүлж дууссаных нь дараа агуу хүчээ цутгадаг билээ? Үнэн хэрэгтээ, Бурхан хүчирхэг агуу хүчээ өгсөн учраас л тэд эсэргүүцэл, хоригийг үл тоон хэдэн арван жил дэлгэрүүлж чадсан шүү дээ.

Зургууд: Дэлгэрүүлэх ажлын түүхэн зураг. 1. Энэ эмэгтэй хоёр дугуйтай чемоданаа номоор дүүргэжээ. 2. Ухуулах хуудас зүүж, лоозон барьсан ах эгч нар. 3. Чанга яригчтай машин. 4. Сэтгүүл барьсан эрэгтэй. 5. Жосеф Рүтэрфорд чуулган дээр илтгэл тавьж байна. 6. Айлын хоёр хүнд пянз тоглуулагчаар бичлэг сонсгож буй Гэрч эрэгтэй.

Удирдах үүрэг гүйцэтгэж байсан Ж. Ф. Рүтэрфорд нарын тослогдогсод өнөөгийн бузар муу тогтолцоог устгах Бурхны шүүлтийн талаар зоригтой тунхагласан (8-р догол мөрийг үзнэ үү)

8. Илчлэл 9:1–11-д дүрслэн бичсэн царцаанууд хэнийг төлөөлдөг вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

8 Илчлэл 9:1–11-ийг уншина. Одоо дөрөвдүгээр шалтгааныг үзье. Бид урьд нь Иоелийн зөгнөлд гардаг царцааны учруулсан сүйтгэлийг дэлгэрүүлэх ажилтай холбож ойлгодог байсан. Учир нь «Илчлэл» номд төстэй зөгнөл байдаг. Уг зөгнөлд хүний нүүртэй, толгой дээрээ «алтан титэм мэт» юмтай царцаанууд гардаг (Илч. 9:7). Тэр царцаанууд дунджаар таван сар наслахдаа «духан дээрээ Бурхны тамгагүй хүмүүсийг [Бурхны дайснуудыг]» тарчлаах ажээ (Илч. 9:4, 5). Яах аргагүй Еховагийн тослогдсон үйлчлэгчдийг дүрслэн бичжээ. Тэд өнөөгийн бузар муу тогтолцоог Бурхан шүүнэ гэсэн мэдээг зоригтой тунхагладгийн улмаас энэ ертөнцийг дэмждэг хүмүүс эвгүйцдэг.

9. Иоел болон Ёоханы үзсэн царцаанууд юугаараа ялгаатай вэ?

9 «Илчлэл» болон «Иоел» номын зөгнөлүүд зарим талаараа төстэй. Гэхдээ ялгаатай зүйл ч бий. Жишээ нь Иоелийн үзсэн царцаанууд ургамал ногоог сүйтгэдэг (Иоел 1:4, 6, 7). Харин Ёоханы үзсэн царцаанууд «дэлхийн өвс ногоонд» «хор учруулахгүй байх» тушаал авсан (Илч. 9:4). Иоелийн үзсэн царцаанууд хойд зүгээс ирсэн (Иоел 2:20). Ёоханы үзсэн царцаанууд ёроолгүй нүхнээс гарч ирдэг (Илч. 9:2, 3). «Иоел» номд гардаг царцаануудыг холдуулсан. «Илчлэл» номд гардаг царцаануудыг холдуулаагүй, харин ажлаа хийж дуусгахыг нь зөвшөөрсөн. Ехова тэдэнд дургүйцсэн тухай огт байдаггүй («Царцаануудын тухай зөгнөлүүд—Төстэй ч ялгаатай» гэсэн хавсралтыг үзээрэй).

Царцааны тухай зөгнөлүүд—Төстэй ч ялгаатай

Иоел 1:4; 2:7–9, 20

  • Илд, жад барьсан Вавилоны цэргүүд. Ард нь царцаа язганаж байна.

    Хойд зүгээс ирнэ

  • Ургамал ногоог сүйтгэнэ

  • Тэднийг холдуулна

  • Тэд бол МЭӨ 607 онд Иерусалим руу довтолсон Вавилоны их цэрэг юм

Илчлэл 9:1–11

  • Ухуулах хуудас, лоозонтой ах эгч нар. Доор нь царцаа язганаж байна.

    Ёроолгүй нүхнээс гарч ирнэ

  • Ургамал ногоонд хор учруулахгүй

  • Ажлаа дуусгана

  • Тэд бол шүүх мэдээг зоригтой тунхагладаг, Еховагийн тослогдсон үйлчлэгчид юм

10. Иоелийн үзсэн царцаа нь Ёоханы үзсэн царцаа биш гэдгийг Библийн жишээгээр тайлбарлана уу.

10 Энэ хоёр зөгнөлийн ялгааг бодож үзвэл хоорондоо холбоогүй гэсэн дүгнэлт гарч байна. Иоелийн үзсэн царцаа болон «Илчлэл» номд гардаг царцаагаар нэг юмыг хэлээгүй гэсэн үг үү? Тийм ээ. Библид заримдаа эсрэг тэсрэг зүйлийг нэг л юмаар төлөөлүүлэх нь бий. Жишээлбэл Илчлэл 5:5-д Есүсийг «Иуда овгийн Арслан» гэсэн байхад, 1 Петр 5:8-д Диаволыг «архирах арслан» гэжээ. Бидний авч үзсэн дөрвөн шалтгаан болон үүнтэй холбоотой асуултуудыг бодож үзвэл Иоелийн зөгнөлийг өөрөөр ойлгох хэрэгтэй нь тодорхой байна.

ЯМАР УТГАТАЙ ВЭ?

11. Иоел 1:6 болон 2:1, 8, 11-ээс үзвэл «Иоел» номд гардаг царцаанууд хэн бэ?

11 Иоелийн зөгнөлийг бүхэлд нь авч үзвэл цэргийн довтолгооны тухай бичсэн нь харагддаг (Иоел 1:6; 2:1, 8, 11). Ехова дуулгаваргүй израйлчуудыг шийтгэхийн тулд «агуу их цэргүүдийг» (Вавилоны армийг) илгээнэ гэж хэлсэн (Иоел 2:25). Тэдгээр булаан эзлэгчдийг «хойд зүгийн цэрэг» гэсэн нь зөв юм. Учир нь вавилончууд Израйлын хойд зүгээс довтолжээ (Иоел 2:20). Вавилоны армийг маш сайн зохион байгуулалттай царцаан сүрэгтэй зүйрлэсэн. «Тэд [цэргүүд] ... өөр өөрсдийнхөө замаар алхана. ... Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж, гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно» гэж Иоел бичжээ (Иоел 2:8, 9). Танд төсөөлөгдөж байна уу? Хаа сайгүй цэргүүд. Нуугдах газар алга. Вавилончуудын илднээс хэн ч зугтах аргагүй!

12. Царцааны тухай Иоелийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?

12 МЭӨ 607 онд вавилончууд (халдейчууд) Иерусалим хот руу царцаан сүрэг мэт дайран орсон. Библид «Халдеичуудын хаан ... тэдний залуусыг ... илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан» гэж бичжээ (Ш.дэд 36:17, 19). Вавилончууд Израйлыг бүрмөсөн устгажээ. Хүмүүс: «Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдейчуудын гарт тушаагджээ» гэлцдэг болжээ (Иер. 32:43).

13. Иеремиа 16:16, 18-ын утгыг тайлбарлана уу.

13 Иоелийн зөгнөлөөс хойш 200 орчим жилийн дараа Ехова энэ довтолгоотой холбоотой өөр нэг зөгнөлийг Иеремиагаар хэлүүлсэн. Эзлэн түрэмгийлэгчид бузар мууг үйлдэж буй израйлчуудыг хайж олоод бүгдийг нь барьж авах ажээ. «“Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэд тэднийг загасчилна. Дараа нь би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана. Тэд Миний газар нутгийг бузарласан тул Би ... тэдний гэм буруу болон нүглийг давхар төлнө». Гэмшдэггүй израйлчуудыг далайд нуугдсан ч, ойд нуугдсан ч вавилончууд барьж авах ажээ (Иер. 16:16, 18).

САЙН МЭДЭЭ

14. Иоел 2:28, 29 хэзээ биелсэн бэ?

14 Иоел бас сайн мэдээ хүргэсэн. Израйл нутагт дахин үр жимс ургах ажээ (Иоел 2:23–26). Алсдаа, Бурхантай дотносоход хэрэгтэй бүхэн элбэг дэлбэг болно. «Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүл[нэ]. ... Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана» гэж Ехова хэлжээ (Иоел 2:28, 29). Энэ зөгнөл израйлчуудыг Вавилоноос буцаж ирсэн даруйд биелээгүй. Түүнээс хойш хэдэн зууны дараа буюу МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар биелсэн. Яагаад тэгж хэлж болох вэ?

15. Үйлс 2:16, 17-г үзвэл элч Петр «Иоел» номын 2-р бүлгийн 28-р зүйлээс эш татахдаа юуг өөрчилсөн бэ? Энэ нь юу гэсэн үг вэ?

15 Элч Петр Тавь дахь өдрийн баяраар болсон гайхалтай үйл явдлыг Иоел 2:28, 29-тэй холбож тайлбарлажээ. Өглөөний 9 цаг болж байтал Бурхан агуу хүчээ хүмүүс дээр цутгах нь тэр! Агуу хүчийг авсан хүмүүс «Бурхны хүчирхэг үйлсийн талаар» ярьж эхэлжээ (Үйлс 2:11). Элч Петр Иоелийн зөгнөлөөс эш татахдаа Еховагийн агуу хүчээр удирдуулж зарим үгийг өөр үгээр сольсон. Ямар үгийг өөрчилснийг та анзаарсан уу? (Үйлс 2:16, 17-г уншина). «Түүний дараа» гэхийн оронд «Эцсийн өдрүүдэд» гэдэг үгээр яриагаа эхэлжээ. Энэ нь Иудейн тогтолцооны эцсийн өдрүүд юм. Тэр үед Бурхан агуу хүчээ «янз бүрийн хүнд» өгөх ажээ. Иоелийн зөгнөл олон жилийн дараа биелнэ гэсэн үг байлаа.

16. Бурхны агуу хүч I зууны дэлгэрүүлэх ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? Өнөөдөр ямар байна вэ?

16 Бурхан агуу хүчээ нэгдүгээр зууны дагалдагчдын дээр цутгасны дараа дэлгэрүүлэх ажил эрчимжсэн. Элч Паул МЭ 61 оны орчим Колосай хотынхонд бичсэн захидалдаа сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» гэжээ (Кол. 1:23). «Бүх бүтээл» гэдгээр Паул болон бусад дагалдагчийн очиж дэлгэрүүлдэг байсан газар нутгийн оршин суугчдыг хэлдэг. Дэлгэрүүлэх ажил өнөөдөр бүр ч өргөн далайцтай буюу «дэлхийн хязгаар хүртэл» өрнөж байгаа нь Еховагийн хүчирхэг агуу хүчний илрэл юм (Үйлс 13:47; «Би Өөрийн Сүнсийг ... цутгана» гэсэн хавсралтыг үзээрэй).

«Би Өөрийн Сүнсийг ... цутгана»

МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар 3 000 орчим хүн баптисм хүртэж Есүс Христийн шавь болсон даруйдаа хүмүүст Есүсийн тухай үнэнийг ярьж эхэлсэн. Ехова хичээл зүтгэлтэй тэдний ажил үйлсийг ивээсэн болов уу? Ивээсэн! «Олон мянган хүн» Христийн шавь болжээ (Үйлс 2:41; 21:20).

Хэдэн хүн Христийн шавь болсон бэ? Библид тодорхой бичээгүй. Гэхдээ I зуун дуусах дөхөж байхад итгэгчдийн тоо 144 000 болох яагаа ч үгүй байсан. Тэр үед Ехова Хаант төрийн өв залгамжлагчид болгохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийг сонгож байсан ч тослогдогсдын дийлэнх нь өнөө үед сонгогдсон. Гэсэн хэдий ч I зуунд Христийн дагалдагч болсон хүн олон байсан нь Ехова агуу хүчээ цутгасныг баталдаг (Үйлс 2:16–18).

Ехова өнөөгийн үйлчлэгчдэдээ агуу хүчээ цутгаж байгаа юу? Тийм ээ, цутгаж байна! Дараах баримтыг бодоод үз дээ. Одоо байгаа тайлан мэдээгээр бол, 1919 онд дэлхий дахинд 6 000 хүрэхгүй дэлгэрүүлэгч сайн мэдээ тунхаглаж байсан. Тэглээ ч гэсэн Ехова дэлгэрүүлэх ажлыг дэмжсэн. 1983 оноос хойш жил бүр 144 000-аас олон хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч болж байна! Ехова: «Би Өөрийн Сүнсийг ... цутгана» гэж амласнаа биелүүлж буйн нотолгоо биш гэж үү? (Иоел 2:28, 29).

ЮУ ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

17. Царцааны тухай Иоелийн зөгнөлийг одоо бид юу гэж ойлгодог болсон бэ?

17 Юу өөрчлөгдсөн бэ? Одоо бид Иоел 2:7–9-д байдаг зөгнөлийг зөв ойлгодог боллоо. Товчхон хэлбэл, энэ нь Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажлын тухай биш, харин вавилончуудын довтолгооны тухай зөгнөл юм. Вавилоны арми МЭӨ 607 онд Иерусалим руу довтолсон билээ.

18. Юу өөрчлөгдөөгүй вэ?

18 Юу өөрчлөгдөөгүй вэ? Еховагийн ард түмэн боломжтой бүхий л аргыг хэрэглэн газар сайгүй сайн мэдээ дэлгэрүүлсээр байна (Мат. 24:14). Засгийн газрууд яаж ч хориглож, яаж ч хязгаарлалаа гээд дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэх гэсэн бидэнд саад учруулж чадахгүй. Ехова ивээдгийн ачаар бид Хаант төрийн тухай сайн мэдээг бүр ч идэвхтэй, зоригтой тунхаглаж байна! Библийн зөгнөлийг ойлгоход Ехова хойшид ч тусална. Цаг нь болохоор «үнэнийг бүрэн гүйцэд ойлгуулна»! (Ёох. 16:13).

ТАЙЛБАРЛАНА УУ

  • Библийн зөгнөлийн талаарх зарим ойлголтыг яагаад залруулах шаардлага гардаг вэ?

  • Иоел 2:7–9-д юуны тухай зөгнөл байдаг вэ?

  • Хуучин ойлголтоо залруулахаар яагаад итгэл батаждаг вэ?

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

a Бид «Иоел» номын 1, 2 дугаар бүлэгт байдаг зөгнөлийг орчин үеийн дэлгэрүүлэх ажилтай холбоотой гэж олон жил ойлгож ирсэн. Гэвч энэ ойлголтоо залруулах шаардлагатай болоод байна. Яагаад? Дөрвөн шалтгааныг ярилцана.

b Жишээлбэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2009 оны 4-р сарын 15-ны дугаарт нийтэлсэн «Еховагийн мэргэн ухааныг бүтээл нь илчилдэг» өгүүллийн 14–16-р догол мөрийг үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах