«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
4 САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 КОРИНТ 7–9
«Ганц бие байх нь Бурхны өгсөн бэлэг»
w08 7/15 27 ¶1
Коринт дахь Христийн дагалдагчдад бичсэн захидлуудын онцлох санаа
7:33, 34—Гэрлэсэн эрэгтэй эмэгтэйн анхаардаг «ертөнцийн үйл хэрэг» гэж юу вэ? Паул гэрлэсэн Христийн дагалдагчдын анхаарах хэрэгтэй жирийн зүйлсийн тухай хэлсэн. Үүнд хоол хүнс, хувцас хунар, орон байр ордог ч Христийн дагалдагчдын зайлсхийх ёстой энэ ертөнцийн бузар муу зүйлс ордоггүй (1 Ёохан 2:15–17).
w96 10/15 12-13 ¶14
Ганц бие байвал юунд ч сатаарахгүй үйлчилнэ
14 Ганц бие байгаагаа хувийн ашиг сонирхлын төлөө ашиглавал гэрлэсэн хүнээс «бүр ч сайн» гэж хэлэх аргагүй. Тийм хүн «Хаант төрийн төлөө» биш, өөрийнхөө төлөө ганц бие байдаг (Матай 19:12). Гэрлээгүй эрэгтэй эсвэл эмэгтэй «Эзний тааллыг олох гэж Эзний үйл хэргийг анхаарч», «анхаарлаа сарниулахгүйгээр Эзэнд тууштай үйлчлэх» ёстой. Энэ нь Ехова Бурхан болон Христ Есүст үйлчлэхийг голлон анхаарна гэсэн үг. Ингэж байж л гэрлээгүй дагалдагчид гэрлэсэн дагалдагчдаас «бүр ч сайн» байна.
Эрдэнэс хайх нь
w00 7/15 31 ¶2
Ёс журамгүй ертөнцөд цэвэр ариун байх нь
Тийм учраас залуучууд бэлгийн дур хүслээ хүчтэй болж эхэлсэн үедээ яаран гэрлэх ёсгүй. Гэрлэлтийн тангаргаа сахиж амьдаръя гэвэл төлөвшсөн байх ёстой (Эхлэл 2:24). «Хэтэрхий залуу» буюу бэлгийн дур хүсэл нь их хүчтэй болж, аливааг зөвөөр шийдэж чадахгүй байж болзошгүй үеийг өнгөртөл хүлээх нь дээр (1 Коринт 7:36). Мөн гэрлэх хүсэлтэй том хүн хань болох хүн олдохгүйгээс болоод садар самуун явдалд орооцолдох нь хэчнээн мунхаг хэрэг вэ!
4 САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 КОРИНТ 10–13
«Ехова үнэнч билээ»
Эрдэнэс хайх нь
w04 4/1 29
Уншигчдын асуулт
1 Коринт 10:8-д, садар самуун явдлаас болж ганцхан өдрийн дотор 23 000 хүн үхсэн гэж бичсэн байхад Тооллого 25:9-д 24 000 хүн үхсэн гэж бичсэн байдаг нь ямар учиртай вэ?
Энэ хоёр зүйлд гардаг тоо өөр байхад нөлөөлсөн байж болох хэд хэдэн хүчин зүйл байдаг. Хамгийн энгийн нь нас барсан хүмүүс барагцаалбал 23 000-аас 24 000-ын хооронд байсан байж болох юм.
Өөр нэг магадлалын тухай ярилцъя. Элч Паул садар самуун явдлаараа алдартай байсан эртний Коринт дахь Христийн дагалдагчдад захидал бичихдээ, Шиттимд байсан израйлчуудад болсон явдлыг анхааруулга болгожээ. Тэрээр: «Садар самуун явдалд орооцолдохгүй байцгаая. Тэдний зарим нь садар самуун явдалд орооцолдоод ганцхан өдрийн дотор 23 000 хүн үхсэн» гэж бичжээ. Садар самуун үйлдсэн учраас Еховагийн гарт үхсэн хүмүүсийг тусад нь дурдаж, тоо нь 23 000 байсан гэж бичсэн (1 Коринт 10:8).
Гэхдээ Тооллого 25-р бүлэгт «Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн. ЭЗЭН Израилийн эсрэг хилэгнэж байв» гэж жаахан өөрөөр бичсэн байдаг. Ехова Мосед «ард түмний бүх удирдагчдыг» цаазлахыг тушаасан. Мосе шүүгчдэд цаазыг гүйцэтгэхийг тушаасан. Эцэст нь Финехас шуурхай арга хэмжээ авч, хуаранд мидиан эмэгтэйг авчирсан хүнийг алахад «гамшиг зогсов». Энэ явдлын тухай сүүлд нь «Гамшгаар үхэгсэд нь хорин дөрвөн мянга байлаа» гэж бичсэн байдаг (Тооллого 25:1–9).
Тооллого номд гардаг тоо баримтад, цаазлагдсан «ард түмний бүх удирдагчид» болон Еховагийн учруулсан гамшигт үхсэн хүмүүсийн тоог нийлүүлсэн бололтой. Шүүгчдэд алагдсан удирдагчид 1 000 байж болох ба үхсэн хүний нийт тоо нь 24 000-д хүрсэн бололтой. Удирдагчид садар самуун үйлдсэн ч бай, баярт оролцсон ч бай, ийм үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн ч бай тэд «өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлсэн» (Тооллого 25:1–9).
«Нийлүүлэх» гэсэн үгний тухай Библийн нэгэн тайлбар номд «өөрийгөө хэн нэгэнтэй уяж холбох» гэсэн утга бас илэрхийлж болно гэж байдаг. Израйлчууд Бурханд өөрсдийгөө зориулсан ард түмэн байсан ч «өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлснээрээ» Бурхантай тогтоосон харьцаагаа тасалсан. Ехова 700 орчим жилийн дараа зөнч Хосеагаар «Тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ» гэж хэлүүлсэн (Хосеа 9:10). Ийм хэрэг үйлдсэн бүх хүн Бурхнаар шийтгүүлбэл зохих ажээ. Тиймээс Мосе израйлчуудад «Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан бүх хүмүүсийг устгасан билээ» гэж сануулсан (Дэд хууль 4:3).
4 САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 КОРИНТ 14–16
«Бурхан бүхнийг захирна»
w98 7/1 21 ¶10
«Үхэл үгүй болно»
10 «Эцэс» гэдгээр Христийн Мянган жилийн засаглалыг заадаг бөгөөд тэр үед Есүс даруухнаар, үнэнчээр Хаант төрийг Бурхан Эцэгтээ өгнө (Илчлэл 20:4). «Бүгдийг нь Христэд захируулах» Бурхны санаа зорилго биелсэн байх болно (Эфэс 1:9, 10). Гэхдээ Христ эхлээд Бурхны хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцдэг «бүх засгийн газар, эрх мэдэлтнийг» устгасан байх ёстой. Үүнд Хармагедоноор бузар мууг устгахаас илүү их юм хамаатай (Илчлэл 16:16; 19:11–21). Паул «[Христ] бүх дайсныг нь Бурхан эрхшээлд нь оруултал хаанчилна. Тэгээд сүүлчийн дайсан буюу үхэл үгүй болно» гэж хэлжээ (1 Коринт 15:25, 26). Тийм ээ, Адамаас уламжилж ирсэн нүгэл болон үхэл ул мөргүй арилна. Бас Бурхан нас барагсдыг амилуулахад «дурсамжийн булш» хоосорно (Ёохан 5:28).
kr 237 ¶21
Хаант төр Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлнэ
21 Тэгвэл нүглийн салшгүй хор уршиг, өвчин эмгэгийн тарьдаг гай буюу үхэл яах вэ? Үхэл бол бидний «сүүлчийн дайсан» бөгөөд төгс бус бүх хүн хэзээ нэгэн цагт энэ дайсанд дийлддэг (1 Кор. 15:26). Тэгвэл үхэл Еховагийн хувьд ч дийлдэшгүй дайсан уу? Исаиа юу гэж зөгнөснийг анхаараарай. «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» (Ис. 25:8). Энэ зөгнөл биелж байгааг та төсөөл дөө! Оршуулах ёслол, оршуулгын газар, уй гашуугийн нулимс үгүй болно! Харин ч Ехова нас барагсдыг амилуулна гэсэн амлалтаа биелүүлэхэд бид баярын нулимс унагана! (Исаиа 26:19-ийг уншина). Үхлийн авчирсан тоо томшгүй шарх сорви ул мөргүй арилна.
Эрдэнэс хайх нь
w12 9/1 9, хавсралт
Элч Паул эмэгтэйчүүдийн ярихыг хориглосон уу?
«Эмэгтэйчүүд цуглааны үеэр чимээгүй байг» гэж Элч Паул бичжээ (1 Коринт 14:34). Энэ нь ямар утгатай вэ? Паул эмэгтэйчүүдийн оюуны чадамжийг дутуу үнэлсэн үү? Үгүй. Харин ч сайныг заадаг эмэгтэйчүүдийн тухай олон удаа бичжээ (2 Тимот 1:5; Тит 2:3–5). Паул Коринт дахь Христийн дагалдагчдад бичсэн захидлаараа зөвхөн эмэгтэйчүүдэд биш, харь хэлээр ярьсан хүмүүс болон зөгнөсөн хүмүүст ч бусад итгэгчийг ярьж байхад «чимээгүй болог» гэж зөвлөсөн (1 Коринт 14:26–30, 33). Христийн дагалдагч болсон зарим эмэгтэй шинээр олж авсан итгэл үнэмшилдээ хэт улайран, тухайн үеийн заншлын дагуу илтгэгчийг ярьж байхад дундуур нь орж асуулт асуусан бололтой. Паул ийм замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилж эмэгтэйчүүдэд «гэртээ байхдаа нөхрөөсөө асууг» хэмээн зөвлөсөн (1 Коринт 14:35).
it-1 1197-1198
Ялзрахгүй байх
Есүсийн адилаар амилж, түүнтэй нийлэх хамтран өв залгамжлагчид бас тэнгэрийн биетэй болж, мөнх амьтай болохоос гадна үхэшгүй, ялзаршгүй болно. Тэд Бурханд үнэнчээр үйлчилж амьдарч байгаад ялзардаг хүмүүн биетэй үхэж ялзардаггүй, тэнгэрийн биеийг хүлээн авна гэж Паул 1 Коринт 15:42–54-т тодорхой бичсэн байдаг. Үхэшгүй байх гэдгээр тэдний эдлэх амьдралын чанарыг буюу дуусашгүй, устгагдашгүй байдлыг заасан байхад ялзардаггүй гэдгээр Бурхны тэдэнд өгөх эрхтэн эсвэл биеийг буюу үндсэн чанар нь ялзаршгүй, үгүй болшгүй, усташгүй биеийг заасан бололтой. Тиймээс Бурхан тэдэнд бусад махан биетэй бүтээл юм уу тэнгэрийн элчүүдэд байхгүй чадвар буюу бусдаас эрч хүч авахгүйгээр өөрөөрөө амьдрах чадварыг өгдөг бололтой. Энэ нь Бурхан тэдэнд бүрэн итгэдгийн гайхалтай баримт юм. Гэхдээ тэд өөрөөрөө амьдрах чадвартай, усташгүй байдаг гээд Бурхны эрхшээлээс ангид байна гэсэн үг биш. Тэд тэргүүн нь болох Есүсийн адилаар Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж, удирдамж зааврыг нь дагадаг (1Ко 15:23–28; Үхэшгүй байх; амь гэснийг үзнэ үү).
4 САРЫН 29—5 САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 КОРИНТ 1–3
«Ехова бол ямар ч үед тайвшруулдаг Бурхан»
Эрдэнэс хайх нь
w10 8/1 23
Таны мэдлэгт
Элч Паул «ялалт байгуулаад ... жагсаж явах» гэдгээр юуг хэлсэн бэ?
▪ Паул: «Бурхандаа талархъя. Учир нь ялалт байгуулаад Христтэй хамт жагсаж яваа цэрэг биднийг Бурхан удирддаг бөгөөд биднээр өөрийнхөө тухай анхилуун үнэртэй зүйрлэм мэдлэгийг газар сайгүй түгээлгэдэг. Бурхны хувьд бид ч, Христийн тухай мэдээ ч анхилуун үнэрт тооцогддог. Энэ үнэр аврагдах хүмүүст ч, устгагдах хүмүүст ч үнэртдэг. Устгагдах хүмүүст бол үхэл рүү хөтлөх үхлийн үнэр, аврагдах хүмүүст бол амь руу хөтлөх амийн үнэр юм» гэж бичжээ (2 Коринт 2:14–16).
Элч Паул дайснаа даран ялалт байгуулаад ирсэн жанжныг магтан алдаршуулж ёслолын жагсаал хийдэг байсан ромын заншлыг дурдсан юм. Тийм жагсаалын үеэр жанжин болон цэргүүд ард олны магтаал сайшаалыг хүлээж, олз омог, олзлогдсон хүмүүсийг олны өмнө харуулж, тахил болгох бухуудыг авч явдаг байв. Жагсаал дуусахад бухуудаар тахил өргөж, олзлогдсон хүмүүсээс олныг цаазалдаг байсан бололтой.
«Анхилуун үнэрт тооцогддог» «Христийн тухай мэдээ» зарим хүнд амийг бэлгэдэж, зарим хүнд үхлийг бэлгэддэг. Энэ зүйрлэлийг «жагсан явах зам дагуу анхилуун утлага уугиулдаг байсан Ромын заншлаас авсан бололтой. Уг үнэр ялагчийн хувьд ялалтыг санагдуулж, олзлогдсон хүмүүст удахгүй цаазлуулахыг нь санагдуулдаг байв» гэж «Олон улсын стандарт Библийн нэвтэрхий толь»-д («The International Standard Bible Encyclopedia») тэмдэглэжээ.