«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
5-Р САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 36, 37
«Иосеф атаархуу ах нараасаа болж зовсон»
w14 8/1 12-13
«Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу»
Библид энэ тухай «Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 37:4). Иосефын ах нарын сэтгэлийг ойлгож болох ч тэд атаархуу зандаа дийлдсэн нь ухаалаг хэрэг биш байв (Сургаалт үгс 14:30; 27:4). Хүмүүс таныг биш, өөр хүнийг анхаарч, хүндэлж байгааг хараад та атаархаж байсан уу? Иосефын ах нарыг санаарай. Тэд атаархсандаа хожим нь гүнээ харамсах хэрэг хийсэн. Христийн дагалдагчид тэднээс, «баярлаж буй хүмүүстэй хамт баярлах» нь илүү ухаалаг гэсэн сургамж авдаг (Ром 12:15).
Ах нар нь өөрт нь атаархан хорсож байгааг Иосеф лав мэдэрсэн байх. Тийм учраас ах нарынхаа дэргэд байхдаа нөгөө тансаг дээлээ тайлж, нүднээс далд газар тавьсан уу? Тэгмээр санагдсан байж магадгүй. Гэхдээ Иаков хайр энэрлийнхээ тэмдэг болгон уг хувцсыг өгснийг санаарай. Иосеф эцгийнхээ итгэлийг хөсөрдүүлэхийг хүсээгүй учраас уг хувцсыг үнэнчээр өмсөж явсан. Энэ нь бидэнд сургамжтай. Тэнгэрийн Эцэг маань хэзээ ч нүүр тал хардаггүй ч заримдаа үнэнч үйлчлэгчдэдээ хайр энэрлээ онцгойлон үзүүлдэг. Түүнээс гадна Бурхан тэднээс энэ бузар, ёс суртахуунгүй ертөнцийнхнөөс ялгарахыг шаарддаг. Иосефын тусгай хувцастай адил Христийн жинхэнэ дагалдагчдын үйлс эргэн тойрных нь хүмүүсийн үйлсээс ялгарч харагддаг. Ийм үйлсээс болж атаархал болон өс хонзонгийн бай болох үе байдаг (1 Петр 4:4). Тэглээ гээд Христийн дагалдагчид Бурхны үйлчлэгч гэдгээ нуух хэрэгтэй юу? Үгүй. Энэ нь Иосеф хувцсаа нуух ёсгүй байсантай адил юм (Лук 11:33).
w14 8/1 13 ¶2-4
«Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу»
Ехова ийм зүүд зүүдлүүлсэн. Зүүд нь зөгнөлийн утгатай бөгөөд Бурхан Иосефыг уг зүүдэнд буй мэдээг хүмүүст мэдэгдээсэй гэж хүссэн. Иосеф нэг ёсондоо хожмын үед Бурхны зөрүүд ард түмэнд Бурхны мэдээ болон шүүлтийг тунхагласан бүх зөнчтэй адилхан ажил хийх хэрэгтэй байв.
Иосеф ах нартаа эелдэг зөөлнөөр «Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу» гэж хэлжээ. Ах нар нь уг зүүдний учрыг ойлгоод ихэд дургүйцсэн. Тэд: «Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү?» гэцгээсэн. Тэгээд Библид цааш нь «Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ» гэж бичсэн байдаг. Иосеф хоёр дахь зүүдээ зөвхөн ах нартаа биш, аавдаа хэлэхэд аав нь ч сайнаар хүлээж аваагүй. Библид ингэж бичсэн байдаг. «Эцэг нь түүнийг зэмлэж, “Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү?” гэв». Гэхдээ Иаков энэ зүүдний талаар бодсоор байжээ. Бурхан энэ хүүхдээр дамжуулан мэдээ хүргэж байгаа юм биш биз? (Эхлэл 37:6, 8, 10, 11).
Еховагийн зарим үйлчлэгч хүмүүсийн дургүйг хүргэх, зөгнөлийн утгатай мэдээг дамжуулах хэрэгтэй байсан бөгөөд заримдаа үүнээс болж хавчигдаж явсан. Иосеф тийм хүмүүсийн анхных нь ч биш, сүүлийнх нь ч биш. Есүс тийм мэдээ дамжуулсан хүмүүсийн хамгийн агуу нь байв. Тэрбээр шавь нартаа «Тэд намайг хавчсан бол та нарыг ч хавчина» гэж хэлсэн (Ёохан 15:20). Хөгшин залуу гэлтгүй Христийн бүх дагалдагч залуу Иосефын итгэл, эр зоригоос их юм сурч болно.
Эрдэнэс хайх нь
it-1 678
Едом
(Едом) [Улаан], Едомчууд (Едомчууд).
Иаковын ах Есав, Едом гэсэн нэр авсан (Эх 36:1). Тэрбээр ууган хүү байх эрхээ улаан шөлөөр худалдсан учраас ийм нэртэй болжээ (Эх 25:30–34). Нэртэй нь хамаагүй ч, түүнийг төрөхөд бие нь улаан байсан (Эх 25:25), бас Есав болон хожим нь үр удмынх нь амьдарсан газрын зарим хэсгээс улаан өнгө их харагддаг.
it-1 561-562
Хариуцан хамгаалах
Хоньчин юм уу малчин хонин сүрэг юм уу мал сүргийг хариуцан хамгаална гэж хэлсэн бол энэ нь уг сүргийг хамгаалж хариуцах хууль ёсны үүргийг хүлээн авч байгаагаа хэлсэн гэсэн үг байлаа. Бас мал сүргийг тэжээж, хулгайд алдахгүй байхаа, мөн хулгайд алдсан бол нөхөж төлнө гэдгээ сүргийн эзэнд баталсан гэсэн үг байв. Гэхдээ тэрбээр хязгааргүй хариуцлага хүлээгээгүй. Зэрлэг араатан дайрах гэх зэргээр хүний зохицуулж чадахааргүй асуудал гарсан тохиолдолд нөхөн төлөх шаардлагагүй байжээ. Гэхдээ хариуцлага хүлээхгүйн тулд эзэнд нь урагдсан малын цогцос гэх мэтийн баримт нотолгоо үзүүлэх хэрэгтэй байлаа. Эзэн нь баримт нотолгоог шалгасныхаа дараа сүрэг хариуцагчийг буруугүй гэж дүгнэн хэлэх ёстой байв.
Аливаа эд хөрөнгөд, бүр гэр бүлийн хүмүүст бас ижил зарчим үйлчилдэг байжээ. Жишээ нь, ууган хүү нь дүү нарынхаа хууль ёсны хамгаалагч байсан. Тиймээс Эхлэл 37:18–30-д, бусад ах нь Иосефыг алъя гэхэд ууган хүү Реубен яагаад Иосефын амийн төлөө санаа зовсныг ойлгож болно. Библид «Реубен ... “Бид түүний амь насыг хорлохоо больцгооё”. ... “Цус бүү урсга. ... Түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ» гэж бичсэн байдаг. Реубен Иосефыг алга болсныг мэдээд гүнээ шаналж «хувцас хунараа тасар татан» чангаар «Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ?» гэж хэлсэн. Иосефыг алга болсонд хариуцлага хүлээхээ Реубен мэдэж байв. Хариуцлагаас мултрахын тулд Иосефын ах нар Иосефыг зэрлэг араатанд алуулсан мэт харагдуулах баримт зохиосон. Тэд Иосефын судалтай дээлийг ямааны цусанд дүржээ. Тэгээд энэ баримт нотолгоог өөрсдийнхөө эцэг буюу эцгийн эрхт ёс захирч байх үеийн шүүгч Иаковт үзүүлсэн бөгөөд Иаков Реубенийг ямар ч хариуцлагад татаагүй. Учир нь Иосефын ах нарын үзүүлсэн баримт нотолгоонд үндэслэн Иосефыг алуулсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж (Эх 37:31–33).
5-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 38, 39
«Ехова Иосефыг хэзээ ч орхиогүй»
w14 11/1 12 ¶4-5
«Би яаж ийм их муухай хэрэг үйлдэх ... билээ?»
«Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ» (Эхлэл 39:1). Библид гардаг энэ цөөн хэдэн үгийг уншихлаар залуу Иосеф дахин худалдагдаж хэчнээн их ичгүүрт орсон нь төсөөлөгдөж байна. Түүнийг зүгээр нэг эд бараа мэт үзжээ! Египетийн ордны түшмэл Потифарыг дагаж, худалдаа наймаа хийж буй хүмүүсээр дүүрсэн хотын гудамжаар шинэ гэр лүүгээ явж буй Иосефыг төсөөлөөд үз дээ.
Иосеф шинэ гэртээ ирлээ. Гэхдээ Иосефын мэддэг гэр орон гээчээс шал өөр байв. Иосеф ойр ойрхон нүүж хонио хариулдаг нүүдэлчин айлд өсөж, майханд амьдарч байсан. Гэхдээ Потифар шиг баян египетчүүд гэгээтэй өнгөөр ханаа будсан тансаг байшинд амьдардаг байв. Археологичдынхоор бол эртний египетчүүд ханаар хүрээлэгдсэн шигүү цэцэрлэгт дуртай байжээ. Цэцэрлэгт нь папирус, лянхуа цэцэг болон бусад усны ургамлууд байсан. Зарим байшин цэцэрлэгийн дотоод хэсэгт байсан бөгөөд салхи салхилдаг тагттай, агааржуулах зориулттай өндөр цонх, олон өрөө, хоолны том өрөө, зарц нарт зориулсан өрөөнүүдтэй байсан.
w14 11/1 14-15
«Би яаж ийм их муухай хэрэг үйлдэх ... билээ?»
Тэр үеийн Египетийн шорон ямар байсан талаар бид бараг мэддэггүй. Археологичдын олсон балгасыг үзвэл хорих өрөөнүүд болон газар доорх өрөөнүүдтэй том цайз мэт байшин байсан. Иосеф хожим нь тийм шоронгийн тухай үгчилбэл «нүх» гэсэн утгатай үг хэлсэн. Энэ нь тэр газарт ямар ч гэрэл, найдвар байгаагүйг илэрхийлдэг (Эхлэл 40:15). Дуулал номд «Тэд түүний хөлийг дөнгөлсөн. Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн» гэж бичсэнээс үзэхэд Иосеф илүү их зовлон амсжээ (Дуулал 105:17, 18). Египетчүүд заримдаа хоригдлын хоёр гарыг ард нь тохойгоор нь хүлж байсан бөгөөд зарим хоригдлын хүзүүнд нь төмрөөр гинжилдэг байсан. Шоронд хоригдох хэрэг үйлдээгүй Иосеф ийн хоригдоход хэчнээн их шаналсан бол оо!
Түүнээс гадна, Иосеф шоронд богино хугацаагаар хоригдоогүй. Библид түүнийг шоронд «хоригдож [«хоригдсоор», ШЕ] байсан» гэж бичсэн байдаг. Тийм аймшигт газарт олон жил байсан ажээ! Иосеф суллагдах эсэхээ ч мэдэхгүй байсан. Тийм цочирдмоор шоронд хэдэн хоног, 7 хоног, сар болж байхдаа Иосеф хэрхэн найдвараа алдахгүй байж, цөхрөөгүй вэ?
Биднийг зоригжуулам мэдээ Библид бий. «ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлсэн» гэж бичсэн байдаг (Эхлэл 39:21). Шоронгийн хана ч, гинж ч, газар доорх харанхуй өрөө ч үйлчлэгчдээ үнэнчээр хайрлахад Еховад саад болж чадахгүй (Ром 8:38, 39). Иосеф тэнгэрийн Эцэгтээ зовсон сэтгэлээ уудлан залбирч, «ямар ч үед тайвшруулдаг Бурхны» л өгч чаддаг амар амгаланг мэдэрч буйг төсөөлөөд үз дээ (2 Коринт 1:3, 4; Филиппой 4:6, 7). Ехова Иосефын төлөө өөр юу хийсэн бэ? Библид бичсэнээр Иосефт «шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ».
w14 11/1 15 ¶2
«Би яаж ийм их муухай хэрэг үйлдэх ... билээ?»
Биднийг зоригжуулам мэдээ Библид бий. «ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлсэн» гэж бичсэн байдаг (Эхлэл 39:21). Шоронгийн хана ч, гинж ч, газар доорх харанхуй өрөө ч үйлчлэгчдээ үнэнчээр хайрлахад Еховад саад болж чадахгүй (Ром 8:38, 39). Иосеф тэнгэрийн Эцэгтээ зовсон сэтгэлээ уудлан залбирч, «ямар ч үед тайвшруулдаг Бурхны» л өгч чаддаг амар амгаланг мэдэрч буйг төсөөлөөд үз дээ (2 Коринт 1:3, 4; Филиппой 4:6, 7). Ехова Иосефын төлөө өөр юу хийсэн бэ? Библид бичсэнээр Иосефт «шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ».
Эрдэнэс хайх нь
it-2 555
Онан
(Онан) [«бэлгийн хүч, эрч хүч» гэсэн үгний язгуураас үүсэлтэй]
Канаан хүн Шуагийн охины төрүүлсэн, Иудагийн хоёр дахь хүү (Эх 38:2–4; Ш.дээ 2:3). Онаны ах Ер нүгэл үйлдээд Еховагаар шийтгүүлж үр удмаа үлдээлгүй үхсэний дараа Иуда Онанд Ерийн бэлэвсэн эхнэр Тамартай гэрлэ гэж хэлсэн. Хүү төрвөл Онаны гэр бүлийн өв залгамжлагч болохгүй, ууган хүүгийн өвийг Ерийн өв залгамжлагч болох эрэгтэй хүүхэд авах байсан. Гэхдээ Ерийн өв залгамжлагч төрөхгүй бол Онан өөрөө уг өвийг авах байсан. Онан Тамартай бэлгийн харьцаанд орохдоо үрээ Тамарт өгөлгүй «үрээ газарт асгав». Энэ нь Онан гар хангалга хийсэн гэсэн үг биш. Учир нь Библид «ахынхаа эхнэртэй унтах үедээ» үрээ газарт асгасан гэж бичсэн байдаг. Энэ нь нэг ёсны жирэмслэхээс хамгаалах арга байсан бололтой. Ийнхүү Онан санаатайгаар үрийн шингэнээ Тамарын бэлгийн эрхтэнд хүргэхээс сэргийлсэн. Онан гар хангалга хийснээс болоод биш, харин эцэгтээ дуулгаваргүй байсан, шунасан, Бурхны тогтоосон гэрлэлтийн арга хэмжээг зөрчсөнөөс болоод Еховагаар шийтгүүлж, ахынхаа адилаар үр удмаа үлдээгүй амиа алдсан (Эх 38:6–10; 46:12; То 26:19).
w04 1/15 30 ¶4-5
Уншигчдын асуулт
Иуда амласан ёсоороо хүү Шелагаа Тамарт өгөөгүй нь буруу байсан. Бас тэрбээр сүмийн янхан мэт харагдсан эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Энэ нь Бурхны санаа зорилгод нийцээгүй. Бурхны санаа зорилгын дагуу зөвхөн гэр бүл болсон хоёр бэлгийн харьцаанд ордог (Эхлэл 2:24). Гэхдээ үнэн хэрэгтээ Иуда янхантай бэлгийн харьцаанд ороогүй. Харин ч өөрийн мэдэлгүй хүү Шелагийнхаа оронд Тамартай гэрлэсэн. Тэдний дундаас төрсөн хүүхэд хууль ёсны үр удам нь болжээ.
Тамарын тухай юу хэлж болох вэ? Тэрбээр садар самуун үйлдээгүй. Тамарын ихэр хөвгүүдийг садар самууны хүүхдүүд гэж бичээгүй. Бетлехемийн Боазыг моаб эмэгтэй Руттэй гэрлэхэд Бетлехемийн ахлагчид Тамарын хүү Перезийг сайнаар дурсаж, Боазад «ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай» гэж хэлцгээсэн (Рут 4:12). Мөн Перез нь Есүс Христийн өвөг дээдсийн нэрсийн жагсаалтад орсон (Матай 1:1–3; Лук 3:23–33).
5-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 40, 41
«Ехова Иосефыг аварсан нь»
w15 2/1 14 ¶4-5
«Тайлал нь Бурханд байгаа биш үү?»
Сөнч Иосефыг мартсан байж болох ч Ехова огт мартаагүй. Нэгэн шөнө Ехова фараонд мартагдашгүй хоёр зүүд зүүлдүүлсэн. Хаан эхний зүүдэндээ тарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирэхийг, мөн араас нь туранхай, муухай долоон үхэр гарч ирэхийг үзсэн. Тэгтэл туранхай үхрүүд тарган үхрүүдийг иддэг. Фараон хоёр дахь зүүдэндээ тарианы нэгэн ишнээс долоон сайхан түрүү гарч ирэхийг харсан. Тэгтэл дорнын салхинд хатаж хорчийсон, өвчтэй долоон түрүү гарч ирээд сайхан түрүүнүүдийг залгичихдаг. Өглөө нь сэрээд фараоны сэтгэл санаа хямарч ухаантан мэргэд, мэргэч төлөгчдийг бүгдийг дуудаж, зүүд тайлахыг шаардсан ч хэн ч зүүдийг нь тайлж чадсангүй (Эхлэл 41:1–8). Тэд ямар ч тайлал дэвшүүлж чадаагүй юү, эсвэл бие биенээсээ зөрсөн янз бүрийн тайлал дэвшүүлсэн үү гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан фараон сэтгэлээр унасан бөгөөд оньсого мэт энэ зүүдний тайллыг мэдэх гэж тэсэж ядан байлаа.
Эцэст нь, мөнөөх сөнч Иосефыг санажээ! Гэм буруугаа ухаарсан тэрбээр 2 жилийн өмнө шоронд байхад нь өөрийнх нь болон талхчны зүүдийг яг таг тайлж өгсөн гайхалтай залуугийн тухай фараонд хэлдэг. Фараон тэр даруй Иосефыг шоронгоос гаргаж ирүүлсэн (Эхлэл 41:9–13).
w15 2/1 14-15
«Тайлал нь Бурханд байгаа биш үү?»
Ехова даруу, бат итгэлтэй хүмүүсийг хайрладаг. Тийм ч учраас Египетийн мэргэд болон тахилчдын тайлж чадаагүй зүүдийг тайлахад Иосефт тусалсанд гайхах хэрэггүй. Иосеф фараоны хоёр зүүд хоёулаа ижил утгатай гэж тайлсан. Ехова хоёр ч удаа мэдэгдсэн нь хийх гэж байгаа зүйлээ «хатуу шийдсэн» буюу заавал ийм юм болно гэсэн утгатай. Тарган үхэр болон сайхан түрүү нь Египетэд долоон жил өнтэй сайхан болохыг бэлгэдэж, туранхай үхэр болон өвчтэй түрүү нь араас нь долоон жил өлсгөлөн болохыг бэлгэддэг. Өлсгөлөн нь өнтэй сайхан жилүүдийг мартуулахаар айхтар байх ажээ (Эхлэл 41:25–32).
w15 2/1 15 ¶3
«Тайлал нь Бурханд байгаа биш үү?»
Фараон хэлсэндээ хүрсэн. Иосефт нэн даруй сайн чанарын маалинган хувцас өмсгөж, алтан зүүлт, тамгат бөгж, хааны морин тэргийг өгч, Египет нутгаар хөндлөн гулд явж төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрхийг өгсөн (Эхлэл 41:42–44). Ганцхан өдрийн дотор Иосеф шоронгийн амьдралаас ордонд шилжсэн. Өглөө нь хоригдол байсан хүн орой нь фараоны дараа орох захирагч болжээ. Иосеф Еховад итгэсэн нь тун оносон хэрэг байв. Үйлчлэгчийнхээ олон жил туулсан бүх шударга бус явдлыг Ехова харж байсан. Тэгээд энэ асуудлыг яг цагийг нь олж, оновчтой аргаар шийдсэн. Ехова Иосефт тохиолдсон шударга бус явдлыг шийдэхээс гадна ирээдүйд Израйл үндэстэн болох хүмүүсийн амийг аврахыг зорьсон юм. Энэ тухай энэ цувралын дараагийн өгүүллээс үзнэ.
5-Р САРЫН 25–31
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 42, 43
«Иосеф асар ихээр биеэ барьжээ»
w15 5/1 13 ¶5
«Би яахин Бурханыг орлох билээ?»
Иосеф яасан бол? Тэрбээр ах нараа шууд таньсан. Түүнээс гадна, ах нар нь ирж, өөрт нь өвдөг сөгдөхийг хараад багынхаа явдлыг санасан. Библид «Иосеф [«тэр даруй», ШЕ] ... зүүдээ санасан» гэж бичсэн байдаг. Ехова Иосефыг зүүдлүүлж, ах нар нь түүнд сөгдөх цаг ирэхийг урьдчилан мэдүүлсэн. Одоо тэр зүүдний дагуу болж байна (Эхлэл 37:2, 5–9; 42:7, 9). Одоо Иосеф яах вэ? Тэднийг тэвэрч авах уу? Эсвэл өшөө авах уу?
w15 5/1 14 ¶1
«Би яахин Бурханыг орлох билээ?»
Бидэнд ийм явдал бараг тохиолдохгүй биз ээ. Гэхдээ өнөөгийн ертөнцөд нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо маргалдан, талцан хуваагдах нь ердийн хэрэг болчихоод байна. Ийм асуудал тулгарахад зүрх сэтгэлээ дагаж, төгс бус зөндөө хөтлөгдөх хүсэл төрж магадгүй. Гэхдээ Иосефыг дуурайж, Бурхан энэ асуудлыг яаж шийдээсэй гэж хүсэж байгааг мэдэхийгг хичээх нь илүү ухаалаг хэрэг юм (Сургаалт үгс 14:12). Гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэх нь чухал. Гэхдээ Ехова болон Хүүтэй нь эвтэй байх нь бүр илүү чухал гэдгийг санаарай (Матай 10:37).
w15 5/1 14 ¶2
«Би яахин Бурханыг орлох билээ?»
Иосеф ах нарынхаа зүрх сэтгэлд юу байгааг мэдэхийн тулд хэд хэдэн янзаар шалгаж үзэхээр болов. Эхлээд орчуулагчаар дамжуулан ах нараа ширүүн байцааж, тэднийг гадаадаас ирсэн туршуул хэмээсэн. Ах нар нь өөрсдийгөө өмгөөлж, гэр бүлийнхээ тухай хэлсэн бөгөөд нэг дүүгээ гэртээ үлдээсэн гэсэн чухал мэдээлэл өгсөн. Иосеф баярласнаа нуув. Гэхдээ төрсөн дүүгийнхээ амьд мэндийг яаж мэдэх вэ? Иосеф тэрийг магадлахаар болов. Тэрбээр: «Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье» гэж хэлээд отгон дүүтэй нь заавал уулзана гэдэг. Дараа нь отгон дүүг нь авчруулахаар тэднийг гэр лүү нь явуулдаг. Гэхдээ нэг нь үлдэх ёстой байв (Эхлэл 42:9–20).
it-2 108 ¶4
Иосеф
Хэрэг явдал яаж эргэж байгааг харсан Иосефын ах нар олон жилийн өмнө Иосефыг боол болгон худалдсаны төлөө Бурхан шийтгэж байгааг ухаарч эхэлсэн. Дүүгээ хараахан таниагүй учраас түүний өмнө гэм нүглийнхээ тухай ярилцсан. Гэмшиж байгаа нь үгээс нь харагдахад, сэтгэлээ барьж чадаагүй Иосеф тэднийг орхин явж, уйлж гарав. Тэрбээр эргэж ирээд Симеоныг хүлж, бусад ах нарыг нь отгон дүүгээ дагуулж иртэл нь хорьсон (Эх 42:21–24).
Эрдэнэс хайх нь
it-2 795
Реубен
Реубен Иосефыг алахын оронд нүхэнд хая гэж есөн дүүгээ ятгасан нь дараа нь өөрөө сэмээрхэн буцаж ирээд нүхнээс татаж гаргах гэснийх байжээ. Энэ явдлаас Реубений хэд хэдэн сайхан зан чанар харагдаж байна (Эх 37:18–30). 20 гаруй жилийн дараа тэд нар Египетэд ирээд туршуул хэмээн гүтгүүлсэн нь дүү Иосефтоо муу юм хийснээс болсон гэж ярилцдаг. Реубен Иосефыг алах гэж хуйвалдахад нь оролцоогүйгээ сануулсан (Эх 42:9–14, 21, 22). Бениамины ах нарыг Египет рүү хоёр дахь удаагаа явахад Иаков Бениаминыг ах нартай нь явуулахгүй гэж байхад мөн л Реубен хоёр хүүгээ барьцаанд өгч «Хэрэв би [Бениаминыг] танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай» гэж хэлдэг (Эх 42:37).
w04 1/15 29 ¶1
Эхлэл номын онцлох санаа—II
43:32—Египетчүүд еврейчүүдтэй хамт хооллохыг жигшдэг байсны учир юу вэ? Ер нь шашнаас үүдсэн өрөөсгөл үзэл юм уу үндэсний бахархлаас болсон бололтой. Бас египетчүүд хоньчныг жигшдэг байв (Эхлэл 46:34). Яагаад? Зүгээр л Египетийн нийгэмд хоньчид бараг доод зиндааных байсан учраас тэгсэн байж болох юм. Эсвэл тариалангийн газар хязгаартай байсан учраас бэлчээр хайж явдаг хоньчдод дургүй байсан байж магадгүй.