БҮЛЭГ 1
Бурхан гэж хэн бэ?
1, 2. Хүмүүс юуны тухай асуудаг вэ?
ХҮҮХДЭД асуухгүй юм гэж байдаггүй. Асуултад нь хариулмагц «Яагаад?» гэж асуудаг. Учрыг нь тайлбарлахаар дахиад л «Яагаад тэгдэг юм бол?» гэж асуудаг.
2 Хүүхэд багачууд гэлтгүй бүх хүнд асуух юм гардаг. Жишээлбэл «Юу идэх вэ? Юу өмсөх вэ? Юу худалдаж авах вэ?» гэх мэтээр асуух зүйл бишгүй гардаг. Түүнээс гадна амьдрал, ирээдүйн тухай амин чухал асуултуудыг хүмүүс бодож явдаг. Зөв хариуг нь олж чадахгүй болохоороо хайхаа больдог.
3. Хүмүүс чухал асуултынхаа хариуг яагаад олж чаддаггүй вэ?
3 Тэгвэл амин чухал асуултуудын хариу Библид байдаг болов уу? Зарим хүн байдаг гэж боддог ч Библийг ойлгоход хэцүү ном гэж үздэг. Тэд номлогч, лам хуврагууд л иймэрхүү асуултын хариуг мэддэг гэж боддог. Нөгөө зарим нь юм асуухаасаа нэрэлхдэг. Харин та юу гэж боддог вэ?
4, 5. Та ямар чухал асуултуудыг бодож явдаг вэ? Яагаад хариуг нь олтлоо хайх хэрэгтэй вэ?
4 Та бас «Би ер нь юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Үхсэнийхээ дараа яах бол? Бурхан гэж байдаг болов уу?» гэсэн асуултын хариуг мэдэхийг хүсдэг биз ээ. Агуу Багш Есүс: «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ» гэж хэлжээ (Матай 7:7). Тийм учраас зөв хариугаа олтлоо хайгаарай.
5 Хэрэв та амин чухал асуултуудынхаа хариуг Библиэс «хайгаад байвал» олно (Сургаалт үгс 2:1–5). Библийн хариу энгийн, ойлгомжтой. Та Библиэс яавал аз жаргалтай амьдрахыг, ирээдүйд амьдрал ямар сайхан болохыг мэдэж авна. Одоо, хүмүүсийн мэдэхийг хүсдэг нэг асуултыг авч үзье.
БУРХАН ХАЙР ХАЛАМЖТАЙ ЮУ? ХАТУУ СЭТГЭЛТЭЙ ЮУ?
6. Зарим хүн яагаад Бурхан биднийг тоодоггүй гэж боддог вэ?
6 Бурхан биднийг тоодоггүй гэж олон хүн боддог. Бурхан үнэхээр санаа тавьдаг байсан бол, хүний амьдрал шал өөр байх байсан гэж тэд боддог. Дайн, үзэн ядалт, золгүй явдал хаа сайгүй гарч байна. Өвчин, үхэл, зовлон бидний хэнийг ч тойрдоггүй. Тийм ч учраас хүмүүс «Бурхан хүнд санаа тавьдаг юм бол яагаад зовлонг арилгахгүй байгаа юм бэ?» гэж асуудаг.
7. а) Хүмүүс яагаад Бурхныг харгис гэж боддог вэ? б) Муу юм болоход Бурхан буруугүй гэж яагаад хэлж болох вэ?
7 Шашны удирдагчид Бурхныг харгис гэж хүмүүст ойлгуулах нь бий. Тэд гай гамшиг, золгүй явдал тохиолдоход Бурхны хүслээр болсон гэж тайлбарлан Бурхныг буруутгадаг. Гэхдээ Бурхан ямар ч буруугүйг Яаков 1:13-т тодорхой бичсэн байдаг. «“Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан соригддоггүй бөгөөд хэнийг ч хорон санаагаар сорьдоггүй» гэжээ. Өөрөөр хэлбэл муу юм болохыг Бурхан болиулдаггүй бас учруулдаггүй гэсэн үг (Иов 34:10–12-ыг уншина). Үүнийг жишээгээр бодож үзье.
8, 9. Муу юм болоход Бурхныг буруутгах нь яагаад шударга биш вэ? Жишээгээр тайлбарлана уу.
8 Эцэг эхтэйгээ амьдардаг нэг залуу байжээ. Эцэг нь хүүгээ маш их хайрлаж, яаж зөв шийдвэр гаргахыг зааж өгдөг байв. Тэгтэл хүү эцгийнхээ үгэнд орохоо больж гэрээсээ явжээ. Буруу замаар орж, хүнд амьдрал туулав. Хүү зовлон үзсэн нь гэрээсээ явахыг болиулаагүй аавынх нь буруу юу? Яалаа гэж! (Лук 15:11–13). Дээрх жишээнд гарсан эцгийн адилаар Бурхан хүн төрөлхтнийг тэрсэлж, муу юм хийхэд нь хориглоогүй. Энэ бүхнээс дүгнэвэл муу юм болоход Бурхан учруулаагүйг мартаж болохгүй. Бурхныг буруутгах нь шударга биш.
9 Бурхан муу муухай юм болохыг болиулдаггүй нь цаанаа нарийн учиртай. Энэ тухай Библид юу гэж байдгийг 11 дүгээр бүлгээс үзнэ. Юутай ч, хүмүүс зовж зүдэрч байгаад Бурхан ямар ч буруугүй. Харин ч хүмүүсийг хайрладаг. Зөвхөн Бурхан л хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдэж чадна (Исаиа 33:2).
10. Бурхан муу бүхнийг үндсээр нь устгана гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
10 Бурхан бол ариун (Исаиа 6:3). Шударга, төгс, үргэлж сайн юм хийдэг учраас Бурханд бүрэн итгэж болно. Харин хүн үргэлж зөв юм хийж чаддаггүй. Хамгийн шударга удирдагч хүртэл муу хүмүүсийн учруулсан хор хохирлыг бүрмөсөн арилгаж чадахгүй. Харин Бурхан хэнтэй ч харьцуулшгүй хүчтэй. Тийм учраас муу муухай явдлын үр дагаврыг арилгаж чадна, арилгах ч болно. Удахгүй муу муухай бүхнийг үндсээр нь устгана (Дуулал 37:9–11-ийг уншина).
ХҮМҮҮСИЙН ЗОВЖ БАЙГААГ ХАРААД БУРХАН ЯАДАГ ВЭ?
11. Бурхан хүмүүсийн зовж байгааг хараад яадаг вэ?
11 Бурхан өнөөгийн нийгэм болон таны амьдралд болж буй бүхнийг хараад яадаг вэ? Тэрээр «шударга ёсыг хайрладаг» гэж Библид бичжээ (Дуулал 37:28). Эндээс Бурхан юу нь зөв, юу нь буруу болохыг маш чухалд үздэг нь харагдаж байна. Бурхан хүмүүсийн зовж байгааг хараад шаналдаг. Библид бичсэнээр, эрт үед дэлхий муу муухайгаар дүүрэхэд «сэтгэл зүрхэндээ гашууджээ» (Эхлэл 6:5, 6). Тэрээр одоо ч өөрчлөгдөөгүй (Малахи 3:6). Бурхан танд үнэхээр санаа тавьдгийг Библид бичсэн байдаг (1 Петр 5:7-г уншина).
Ехова бол орчлонт ертөнцийг бүтээсэн, хайр халамжтай Бурхан гэж Библид байдаг
12, 13. а) Хүн яагаад бусдыг хайрладаг вэ? Бусдын зовж байгааг хараад та яадаг вэ? б) Бурхан зовлон бэрхшээл, шударга бус явдлыг арилгана гэдэгт яагаад эргэлзэх хэрэггүй вэ?
12 Бас Библид Бурхан хүнийг өөрийнхөө «дүр төрхийн дагуу» бүтээсэн гэж байдаг (Эхлэл 1:26). Энэ нь хүнийг сайхан зан чанаруудыг нь илэрхийлэх чадвартай бүтээсэн гэсэн үг. Та гэмгүй хүний зовж байгааг хараад шаналдаг биз дээ? Тэгвэл Бурхан бүр ч их шаналдаг байж таарна! Яагаад ингэж хэлж болох вэ?
13 «Бурхан бол хайр» гэж Библид байдаг (1 Ёохан 4:8). Бурхан бүх юмыг хайрандаа хөтлөгдөн хийдэг. Бурхан хүнийг ч бас хайраа илэрхийлэх чадвартай бүтээсэн. Хэрэв та зовлон бэрхшээл, шударга бус явдлыг арилгах хүчтэй байсан бол яах вэ? Арилгалгүй яах вэ гэж хариулах байх. Яагаад гэвэл та хүнийг хайрладаг шүү дээ. Тэгвэл хүч чадалтай, хайр халамжтай Бурхан зовлон, шударга бус явдалд цэг тавих нь ойлгомжтой. Энэ номын 4, 5 дугаар хуудсанд байгаа Бурхны амлалт заавал биелнэ гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэх хэрэггүй. Гэхдээ амлалтад нь итгэдэг болохын тулд Бурхныг таньж мэдэх хэрэгтэй.
БУРХАН ТАНЫГ ӨӨРТЭЙ НЬ ТАНИЛЦААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
Хүнтэй найз болъё гэвэл эхлээд нэрээ хэлж танилцдаг шиг Бурхан Библиэр дамжуулан бидэнд нэрээ хэлдэг
14. Бурхныг хэн гэдэг вэ? Яагаад Бурхныг нэрээр нь дуудах ёстой вэ?
14 Та хэн нэгэнтэй найз болъё гэвэл эхлээд нэрээ хэлж танилцана биз дээ? Тэгвэл Бурхан нэртэй болов уу? Олон шашин Бурхны нэрийг «Бурхан» «Эзэн» гэж заадаг боловч эдгээр нь «хаан», «ерөнхийлөгч» гэдэг шиг цол хэргэм юм. Бурхны нэрийг Ехова гэдэг. 1838 онд монгол хэл рүү хөрвүүлсэн Библийн Дуулал 83:18-д «Таны нэрийг Ехова мөн хийгээд ... [та] бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж байдаг. Библийг бичигчид Бурхны нэрийг олон мянган удаа бичжээ. Энэ нь Ехова танаас нэрийг нь мэдэж, нэрээр нь дуудаасай гэж хүсдэгийг харуулдаг. Таныг найз нь болоосой гэсэндээ нэрээ мэдүүлдэг.
15. Ехова гэдэг нэр ямар утгатай вэ?
15 Ехова гэдэг нэр нь амласан бүхнээ биелүүлж, зорьсон болгоноо хийх чадалтай гэсэн гүнзгий утгатай. Санаа зорилгоо биелүүлэхэд нь Еховад хэн ч, юу ч саад болж чадахгүй. Энэ нэр зөвхөн Еховад л тохирно.a
16, 17. Ехова Бурхны а) «Төгс Хүчит», б) «Мөнхийн Хаан», в) «Бүтээгч» гэдэг цол ямар утгатай вэ?
16 Дээр дурдсан Дуулал 83:18-д Еховаг «Та бүх дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» гэжээ. Бас Илчлэл 15:3-т «Төгс хүчит Ехова Бурхан, таны үйл хэрэг агуу бөгөөд гайхамшигтай. Мөнхийн Хаан, таны зам шударга сайн бөгөөд үнэн» гэж бичжээ. Еховаг «Төгс хүчит» гэсэн нь ямар утгатай вэ? Орчлонт ертөнц дээрх хамгийн хүчтэй Нэгэн гэсэн үг. «Мөнхийн Хаан» гэдэг нь Еховаг эхлэл, төгсгөлгүй болохыг харуулдаг. Ехова мөнхөд оршин байдгийг Дуулал 90:2-оос мэдэж болно. Үүнийг бодохоор өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрж байгаа биз?
17 Ехова бол цорын ганц Бүтээгч Бурхан юм. Илчлэл 4:11-д «Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн» гэжээ. Тэнгэрийн элчүүд, од мичид, цэцэг жимс, загас жараахай гээд нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх бүх зүйл Ехова Бурхны бүтээл билээ.
ЕХОВАГИЙН АНД НАЙЗ БОЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?
18. Зарим хүн яагаад Бурхны найз болох боломжгүй гэж боддог вэ? Харин Библид юу гэж байдаг вэ?
18 Зарим хүн Ехова Бурхны олон сайхан зан чанарыг мэдээд сүрдэж, «Тэртээ алсад оршдог, хязгааргүй хүчтэй, дэндүү агуу Бурхан над шиг хүнийг юу гэж тоох вэ дээ!» хэмээн боддог. Гэхдээ ингэж бодох нь зөв үү? Яалаа гэж! Ехова бидэнтэй найз болохыг хүсдэг. «Бурхан хүн бүрд ойр байдаг» гэж Библид бий (Үйлс 17:27). Бурхан таныг өөртэй нь дотносоосой гэж хүсдэг. Бас тантай дотно болохоо ч амласан байдаг (Яаков 4:8).
19. а) Та яавал Бурхны найз болох вэ? б) Та Еховагийн аль зан чанарт хамгийн их татагдаж байна вэ?
19 Та яавал Бурхны найз болох вэ? Есүс: «Мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж хэлжээ (Ёохан 17:3). Ехова Есүс хоёрын тухай судлах тусам сайн мэддэг болно. Улмаар найз нь болж, мөнхийн амьтай болно. Жишээ нь «Бурхан бол хайр» гэдгийг та мэддэг болсон (1 Ёохан 4:16). Ехова бас өөр олон сэтгэл татам зан чанартай. Бурхныг «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» гэж Библид байдаг (Египетээс гарсан нь 34:6). Тэрээр «сайн бөгөөд уучлахад бэлэн» (Дуулал 86:5). Бас «тэвчээртэй», «үнэнч» (2 Петр 3:9; Илчлэл 15:4). Та Библиэс Еховагийн тухай уншихын хэрээр зан чанарыг нь илүү сайн мэддэг болно.
20-22. а) Бурхныг харж чадахгүй хэрнээ яаж дотно болох вэ? б) Хүмүүс таныг Библи судаллаа гээд эсэргүүцвэл яах хэрэгтэй вэ?
20 Бурхныг харж чадахгүй хэрнээ яаж дотно болох вэ? (Ёохан 1:18; 4:24; 1 Тимот 1:17). Библи судалбал Еховатай танилцаж, бодитой оршдог Нэгэн гэдгийг мэдэж авна (Дуулал 27:4; Ром 1:20). Мэдлэгтэй болохын хэрээр Еховаг хайрлаж, улам дотносно.
Эцэг хүн үр хүүхдээ хайрладгаас ч илүү Тэнгэрийн Эцэг маань биднийг хайрладаг
21 Бас Еховаг бидний тэнгэрийн «Эцэг» гэдгийг Библиэс мэдэж авна (Матай 6:9). Тэрээр хүмүүс бидэнд амь өгсөн. Хайр халамжтай эцэг хүний адилаар үр хүүхэд биднийгээ сайхан амьдраасай гэж хүсдэг (Дуулал 36:9). Библид бичсэнээр, та Еховатай найз болж чадна (Яаков 2:23). Орчлонт ертөнцийг бүтээсэн Ехова Бурхан таныг найзаа болгохыг хүсдэг гээд бод доо!
22 Зарим хүн таныг Библи судаллаа гээд эсэргүүцэж магадгүй. Шашин шүтлэгээ солих вий гэж санаа зовсондоо тэгж байж болох юм. Гэхдээ та хүнээс айж Еховагийн найз болох боломжоо битгий алдаарай. Ехова бол хамгийн сайн найз мөн!
23, 24. а) Ойлгохгүй зүйлээ яагаад санаа зоволгүй асуух хэрэгтэй вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
23 Библийг судалж байхад ойлгохгүй зүйл гардаг. Тийм үед санаа зоволгүй асууж байгаарай. Есүс бидэнд хүүхэд шиг даруу байхыг захисан (Матай 18:2–4). Хүүхэд асуулт асуухаасаа ичиж зовдоггүй. Ехова Бурхан таныг асууж сонирхдог зүйлийнхээ хариуг олоосой гэж хүсдэг. Сурч байгаа зүйлээ баттай үнэн гэдгийг мэдэхийн тулд Библийг сайтар судлаарай (Үйлс 17:11-ийг уншина).
24 Еховагийн тухай мэдэх хамгийн сайн арга бол Библи судлах юм. Библи бол хосгүй ном. Чухам юугаараа хосгүй болохыг дараагийн бүлгээс үзнэ.
a Танд байгаа Библийн орчуулгад Ехова гэдэг нэр байхгүй бол, мөн энэ нэрийн утга, дуудлагын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Тайлбар 1-ээс үзнэ үү.