Дэлгэрүүлэх ажлын сониноос
◼ Австрали: Мэдлэг боловсролтой Жон гэдэг эрэгтэй бага байхдаа сүмд явдаг байсан ч бурхангүй үзэлтэй болжээ. Нэг эхлэгч түүнд «Тохиолдлоор бий болсон уу?» товхимлыг, дараа ирэхдээ «Амьдралын үүсэл» товхимлыг өгсөн аж. Эхлэгч сэтгүүлийн сүүлд гарсан дугаарыг авчирж, бүтээлийн тухай юм уу Библийн зөгнөлийн талаар тайлбарласан өгүүллийг үзүүлэн сонирхлыг нь дэмждэг байв. Тэрбээр тохиромжтой гэж үзсэн үедээ «Библи Бурхны үг үү, хүний үг үү?» гэдэг номыг өгчээ. Жон уг номыг уншиж үзээд Бурхан байдаг байж болох юм гэж боджээ. Эхлэгч дараа нь «Библийн сургаал» номын 20-р хуудасны 8-р догол мөр, 23, 24-р хуудасны 13–16-р догол мөрийг үзүүлжээ. Тэнд бичсэн Библийн зүйл түүний сэтгэлийг их хөдөлгөжээ. Жон: «Би Библийг судалж үзэх хэрэгтэй юм байна» хэмээн хэлжээ.
◼ Мексик: Нэг эрэгтэй Библийг Бурхны бичүүлсэн ном гэдэгт итгэдэггүйгээ нэг дэлгэрүүлэгчид хэлжээ. Дэлгэрүүлэгч Библийг Бурхны бичүүлсэн ном гэдгийг батлах баримт үзүүлье гэхэд нь тэрбээр зөвшөөрсөн аж. Хэд хэдэн удаа уулзаж ярилцаад Библиэс мэдэж авсан зүйл сэтгэлийг нь хөдөлгөжээ. Ялангуяа, Бурхны хэм хэмжээний талаарх зөвлөгөө их таалагджээ. Тэрбээр дэлгэрүүлэгчид «Библийг анх тантай уншихад, зөвлөгөө нь бусад номынхтой адилхан санагдаж байсан. Харин одоо Библийг уншихад, ялангуяа, ёс суртахууны талаарх зөвлөгөө нь зүрх сэтгэлд минь хүчтэй нөлөөлдөг» гэж хэлсэн юм.
◼ Америкийн Нэгдсэн Улс: Нэгэн хос, хүн ам ихтэй хотод нийтэд дэлгэрүүлэх тусгай арга хэмжээнд оролцож байгаад Тайвань улсаас ирсэн, Бурханд итгэдэг ч Библийг барууны ном гэж боддог нэг эмэгтэйтэй таарчээ. Тэр эмэгтэй тэдний хэвлэл тавьсан тавиурт хүрч очсон аж. Учир нь тэрбээр дутах юмгүй амьдардаг байсан ч амьдрал нь утга учиргүй санагддаг байж. Тэгээд Библиэс амьдралын утга учрыг олж болох байх гэж боджээ. Гэр бүлийн хос тэр эмэгтэйтэй «Библийн сургаал» ном, «Үүрдийн амар тайван, аз жаргалтай амьдралыг хэрхэн олох вэ?» товхимлоор Библийн хичээл эхэлсэн бөгөөд номын 2-р бүлгээс биш, товхимлын «Хүн төрөлхтөнд ивээл хүртээх ном» гэсэн хэсгээс ярилцжээ. Уг хэсгийн эхний зургаан догол мөрийг үзсэний дараа, эмэгтэй Библийг шашны бусад номтой харьцуулахын аргагүй хосгүй ном болохыг ойлгоод гайхан биширчээ. Бас Библийн зөгнөлүүд биелснийг ярилцаад тэрбээр: «Ингэж үнэн зөв бичсэн ном Библиэс өөр байхгүй!» хэмээн ярьжээ.
◼ Япон: Айлын хүн Бурханд итгэдэггүй байсан ч дэлгэрүүлэгч «Сэрцгээ!» сэтгүүлийн «Санамсаргүй бий болсон уу?» гэсэн булангаас товчхон ярьдаг байж. Яваандаа тэр эрэгтэй үзэл бодлоо өөрчилж, Бүтээгч байдаг байж магадгүй гэжээ. Одоо тэрбээр Бурхан байдагт итгэдэг бөгөөд «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлоор хичээл хийж байгаа аж.
◼ Канад: Нэг Гэрч эмэгтэй, гэрээсээ гарч машин руугаа явж байсан нэг эмэгтэйд сэтгүүлийн сүүлийн дугаарыг өгчээ. Гэрчийг дараагийн удаа ирж уулзахад нь тэр эмэгтэй сонирхохгүй байгаагаа, Бурханд итгэдэггүйгээ хэлжээ. Тэгсэн ч Гэрч «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» гэдэг товхимлыг аваачиж өгье гэж боджээ. Тэгээд гэрт нь очиж уулзаад, Бурханд итгэдэггүй гэдгийг нь мэдэж байгаа ч үр хүүхдээ ганцаараа өсгөдөг түүнд тус болох гэсэндээ ирснээ хэлжээ. Хаанаас тустай зөвлөгөө олж болох вэ гэсэн асуултыг хөндсөн уг товхимлын 4-р хуудасны 6-р догол мөрийг үзүүлээд 2-р хичээлд бичсэн хүүхэд өсгөх талаарх зөвлөгөөг уншуулсан аж. Эмэгтэй уг товхимлыг аваад их баярлажээ.