«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
9 САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 1, 2
«Есүс анхны гайхамшгаа үйлдсэн нь»
jy 41 ¶6
Анхны гайхамшгаа үйлдсэн нь
Энэ нь Есүсийн үйлдсэн анхны гайхамшиг юм. Шинээр Есүсийн шавь болсон хүмүүс энэ гайхамшгийг үзээд улам их итгэх болжээ. Дараа нь Есүс, ээж нь, дүү нар нь Галил нуурын баруун хойд эрэг дээр байдаг Капернаум руу явсан.
Эрдэнэс хайх нь
nwtsty Ёох 1:1-ийн тайлбар
Үг: Эсвэл «Логос». Грекээр, хо логос. Энэ үгийг цолоор хэрэглэсэн бөгөөд Ёох 1:14; Ил 19:13-т бас хэрэглэсэн байдаг. Есүс ийм цолтойг Ёохан тэмдэглэсэн. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрийн бүтээл байхдаа ч, төгс хүн болж дэлхий дээр үйлчлэхдээ ч ийм цолтой байсан, бас тэнгэрт гарсныхаа дараа ч ийм цолтой байгаа. Бурхны Үг буюу төлөөлөгчийнхөө хувьд Есүс, Бүтээгчийн бусад тэнгэрийн бүтээл болон хүмүүст мэдээлэл, заавар дамжуулдаг байсан. Тийм учраас Есүсийг дэлхий рүү ирэхээс өмнө Ехова энэ Үг буюу тэнгэрийн төлөөлөгчөөрөө дамжуулан хүмүүстэй ярилцсан гэж үзэх нь зүйтэй (Эх 16:7–11; 22:11; 31:11; Ег 3:2–5; Шү 2:1–4; 6:11, 12; 13:3).
хамт: Үг., «зүг рүү». Грек угтвар үг прос нь энэ хам сэдэвт ойрхон, дотно гэсэн санаа илэрхийлнэ. Бас энэ үгийг хэрэглэсэн бол хоёр өөр зүйл байх ёстой учраас энэ зүйлд гардаг Үг болон цорын ганц жинхэнэ Бурхан өөр өөр бодгаль байж таарна.
Үг нь бурхан байсан: Эсвэл «Үг нь бурхан шиг нэгэн байсан». Ёохан энэ өгүүлбэрээр Үг (грекээр хо логос; энэ зүйлд буй Үг гэдгийн тайлбарыг үзнэ үү) буюу Есүс Христийн чанар, онцлогийг хэлсэн. Үг нь Бурхны ууган Хүүгийн хувьд өндөр байр суурь эзэлдэг бөгөөд Бурхан бүх юмыг түүгээр дамжуулан бүтээсэн учраас «бурхан, бурхан шиг нэгэн» гэж хэлүүлэх эрхтэй. Олон орчуулагч түүнийг Төгс хүчит Бурхантай адилтган «Үг нь Бурхан байсан» гэж орчуулдаг. Гэхдээ хэд хэдэн зүйлийг авч үзвэл Ёохан «Үгийг» Төгс хүчит Бурхантай адилтгаж хэлээгүйг ойлгож болно. Эхлээд, энэ өгүүлбэрийн өмнөх хэсэг болон дараагийн хэсэгт хоёр удаа «Үг нь» «Бурхантай хамт байсан» гэж тодорхой бичсэн байдаг. Түүнчлэн, 1, 2-р зүйлд теос гэдэг грек үг гурван удаа гардаг. Эхний удаа болон гурав дахид нь тухайлах ялгац гишүүн тавьсан ч хоёр дахид нь ялгац гишүүн тавиагүй. Олон эрдэмтэн хоёр дахид нь тухайлах ялгац гишүүн тавиагүйг анхаарууштай гэдэг. Энэ хам сэдэвт ялгац гишүүн тавьсан теос нь Төгс хүчит Бурхныг хэлдэг. Харин ялгац гишүүн тавиагүй тохиолдолд дүрмийн хувьд теос нь «Үгийн» чанарыг хэлдэг. Тийм учраас англи, франц, герман хэлээрх Библийн олон орчуулгад энэ хэсгийг «Шинэ ертөнц орчуулга»-тай адилаар «Үг нь» «бурхан байсан; бурхан шиг нэгэн байсан» гэх мэтээр орчуулсан. Ёоханы бичсэн сайн мэдээг копт хэлний аялга болох сахиди, бохаир хэлээр орчуулсан номууд энэ үзлийг дэмждэг. МЭ III, IV зууных бололтой энэ орчуулгуудад Ёох 1:1-д гардаг эхний теос болон хоёрдугаар теос-ийг өөр өөрөөр орчуулсан байдаг. Эдгээр орчуулга «Үгийг» Бурхантай адилхан мөн чанартайг онцолсноос биш, түүнийг Эцэг нь болох Төгс хүчит Бурхантай ижилсүүлээгүй. Энэ зүйлд бичсэнтэй адилаар Кол 2:9-д «Христэд Бурхны зан чанар бүрэн дүүрэн бий» гэж бичсэн байдаг. Бас 2 Пе 1:4-ийг үзвэл Христтэй хамтран өвлөгчид ч «Бурхан шигээ зан байдалтай болно» гэсэн байдаг. Бас нэг анхаарууштай зүйл бий. «Септуагинт» орчуулгад эл болон элохим гэдэг еврей үгийг ер нь теос гэдэг грек үгээр орчуулдаг. Эл болон элохим гэдэг үгийг «Бурхан» гэж орчуулдаг бөгөөд үндсэн санаа нь «хүчирхэг нэгэн» юм. Эдгээр еврей үгээр зөвхөн Төгс хүчит Бурхныг биш, бусад бурхан болон хүмүүсийг бас хэлдэг. Үгийг «бурхан» буюу «хүчирхэг нэгэн» гэсэн нь Ис 9:6-гийн зөгнөлтэй нийцдэг. Тэнд Мессиа «Хүчит Бурхан» (Төгс хүчит Бурхан биш) гэж дуудуулж, бүх ард түмнийхээ «Мөнхийн Эцэг» болно гэсэн байдаг. Түүний Эцэг «Түмэн цэргийн [Ехова]» энэ зөгнөлийг биелүүлнэ (Ис 9:7).
nwtsty Ёох 1:29-ийн тайлбар
Бурхны Хургыг: Есүсийг баптисм хүртээд Диаволд соригдсоны дараа өөр дээр нь ирэхэд Баптисм хүртээгч Ёохан түүнийг «Бурхны Хурга» гэж танилцуулсан. Зөвхөн энэ зүйл болон Ёох 1:36-д энэ үг гардаг (бүс 4-ийг үзнэ үү). Есүсийг хургатай зүйрлэсэн нь оносон хэрэг юм. Ер нь нүгэлтэйгээ ухаарсан хүн Бурханд хандахын тулд хонь өргөдөг гэж Библид их гардаг. Энэ нь Есүс төгс хүмүүн амиа хүн төрөлхтний төлөө тахил болгон өргөхийг бэлгэдэж байжээ. «Бурхны Хурга» гэдэг үг нь Бурхны агуу хүчээр удирдуулан бичсэн Библийн янз янзын зүйлтэй холбоотой. Баптисм хүртээгч Ёохан Еврей Судрыг сайн мэддэг байсан учраас дараахаас нэг юм уу түүнээс олон зүйлийг бодож «Бурхны Хурга» гэдэг үгийг хэрэглэсэн бололтой: Абрахам хүү Исаакийнхаа оронд өргөсөн эр хонь (Эх 22:13); Египетэд боолчлогдож байсан израйлчууд амиа аврахын тулд нядалсан, Дээгүүр өнгөрөх баярын хурга (Ег 12:1–13); Иерусалимд байдаг Бурхны тахилын ширээнд өглөө орой бүрд өргөсөн хоёр эр хурга (Ег 29:38–42). Бас Еховагийн «Миний зарц» гэж хэлсэн нэгэн «алагдахаар хөтлөгдөх хурга шиг» байна гэснийг Ёохан бодсон байж болох юм (Ис 52:13; 53:5, 7, 11). Элч Паул коринтчуудад эхний захидлаа бичихдээ Есүсийг «бидний Дээгүүр өнгөрөх баярын хурга» гэж бичжээ (1 Ко 5:7). Элч Петр «үнэт цус буюу өөгүй, толбогүй хурга мэт Христийн цусны» тухай бичсэн (1 Пе 1:19). Мөн түүнчлэн «Илчлэл» номд сүр жавхлантай болсон Есүсийг 25 гаруй удаа бэлгэдлийн утгаар «Хурга» гэсэн байдаг. (Зарим жишээг Ил 5:8; 6:1; 7:9; 12:11; 13:8; 14:1; 15:3; 17:14; 19:7; 21:9; 22:1-ээс үзнэ үү.)
9 САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 3, 4
«Есүс самари эмэгтэйтэй ярьсан нь»
nwtsty Ёох 4:6-гийн тайлбар
ядарсан: Есүсийг «ядарсан» гэж зөвхөн энэ зүйлд бичсэн байдаг. Өдөр 12 цагийн орчим байсан бөгөөд өглөө нь Есүс Иудей дахь Иорданы хөндийд байж байгаад түүнээс 900 метр гаруй өндөр газар болох Самарийн Сухар хүртэл огцом өгсүүр замаар аялсан бололтой (Ёох 4:3–5; бүс 4-ийг үзнэ үү).
Эрдэнэс хайх нь
nwtsty Ёох 3:29-ийн тайлбар
Сүйт залуугийн найз: Библи бичигдэж байх үед сүйт залуугийн дотнын найзуудын нэг нь хууль ёсны төлөөлөгч нь болж хуримд бэлдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг байжээ. Уг хүн сүйт бүсгүй сүйт залуу хоёрыг холбодог гэж хүмүүс үздэг байжээ. Хуримын өдөр, сүйт бүсгүйн талын хүмүүс сүйт залуугийн гэр юм уу эцгийнх нь гэрт ирэхэд яг тухайн газарт хурим болдог байсан. Хуримын явцад сүйт залуугийн найз нь сүйт бүсгүйтэйгээ ярьж буй сүйт залуугийн яриаг нь сонсохдоо үүргээ амжилттай биелүүлснээ ойлгоод баяртай байсан байх. Баптисм хүртээгч Ёохан өөрийгөө «сүйт залуугийн найзтай» зүйрлэсэн. Энэ нь Есүсийг сүйт залуутай, шавь нарыг нийтэд нь сүйт бүсгүйтэй зүйрлэсэн хэрэг. Мессиагийн замыг бэлдсэн баптисм хүртээгч Ёохан «сүйт бүсгүйн» бүлгийн эхний бүрэлдэхүүнийг Есүс Христэд танилцуулсан (Ёох 1:29, 35; 2 Ко 11:2; Эф 5:22–27; Ил 21:2, 9). «Сүйт залуугийн найз» ийнхүү танилцуулах үүргээ амжилттай биелүүлсний дараа гол хүн гэж тооцогдохоо болино. Үүнтэй адил, Ёохан бас өөрийгөө Есүстэй харьцуулан «Түүний ажил үйлс өргөжиж, минийх хумигдах учиртай» гэж хэлжээ (Ёох 3:30).
nwtsty Ёох 4:10-ийн тайлбар
амь өгөх усыг: Үгч., «амийн ус, амьд ус». Уг грек үгийг шууд утгаар хэрэглэхдээ урсгал ус, булгийн ус, эсвэл булгаас эх авдаг худгийн усыг хэлдэг. Усан санд байдаг тогтсон усны эсрэг үг. Ле 14:5-д «урсгал ус» гэж орчуулсан еврей үгийг үгчилбэл «амийн ус, амьд ус» юм. Ие 2:13; 17:13-т Еховаг «амийн усны ундарга» гэсэн байдаг. Энэ амийн ус бэлгэдлийн утгатай бөгөөд амь өгөх усыг хэлдэг. Есүс самари эмэгтэйтэй ярихдаа «амь өгдөг ус» буюу «амийн ус» гэдэг үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн ч уг эмэгтэй шууд утгаар ойлгосон бололтой (Ёох 4:11).
9 САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 5, 6
«Та ямар учраас Есүсийг дагадаг вэ?»
nwtsty Ёох 6:10-ийн тайлбар
хүмүүс сууцгаав. Эрчүүд нь 5 000 орчим: Энэ гайхамшгийн тухай бичихдээ зөвхөн Матай «хүүхэд эмэгтэйчүүдээс гадна» гэж нэмж тайлбарласан (Мт 14:21). Уг гайхамшгаар хооллосон хүний нийт тоо нь 15 000 хол давсан байж болох юм.
nwtsty Ёох 6:14-ийн тайлбар
өнөөх Зөнч: МЭ I зууны иудейчүүд Ху 18:15, 18-д гардаг Мосе шиг зөнч нь Мессиа байх болно гэж бодож байсан. Хүн төрөлхтөн рүү ирэх гэдэг нь энэ хам сэдэвт хүмүүсийн хүлээж байсан Мессиа тодрохыг хэлсэн бололтой. Зөвхөн Ёохан энэ зүйлд гардаг явдлыг тэмдэглэсэн.
nwtsty Ёох 6:27, 54-ийн тайлбар
Мууддаг хоолны ... мөнх амьтай болгох хоолны: Зарим хүн зөвхөн бие махбодын хэрэгцээгээ хангахын тулд өөрийг нь болон шавь нарыг нь дагадгийг Есүс мэдэж байв. Бодит хоол хүнийг өдөр бүр амь зуухад тусалдаг ч Бурхны Үгэнд байдаг «хоол» хүнд мөнх амьдрах боломж олгодог. Есүс цугласан хүмүүст «мөнх амьтай болгох хоолны» төлөө ажиллаарай, өөрөөр хэлбэл Бурхантай дотно байх хэрэгцээгээ хангаж, сурсан зүйлдээ итгэж, итгэлээ үйл хэргээрээ харуулахын тулд чадах бүхнээ хийгээрэй гэж захисан (Мт 4:4; 5:3; Ёох 6:28–39).
Махыг минь идэж, цусыг минь уудаг: Хам сэдвийг үзвэл Есүсийн махыг идэж цусыг ууна гэдэг нь бэлгэдлийн утгатай бөгөөд Есүс Христэд итгэхийг хэлсэн гэж ойлгож болно (Ёох 6:35, 40). Есүс энэ үгээ МЭ 32 онд хэлсэн учраас Эзний оройн зоогийн тухай хэлээгүй. Учир нь Эзний оройн зоогийг 1 жилийн дараа зохион байгуулжээ. Есүс энэ үгээ «Иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр» болохоос хэсэг хугацааны өмнө хэлсэн (Ёох 6:4). Тиймээс Есүсийн үгийг сонссон хүмүүс удахгүй болох баярын тухай бодож, Израйлчуудыг Египетээс гарах өдөр хурганы цус хүмүүсийн амийг аврах чухал үүрэгтэй байсныг санасан бололтой (Ег 12:24–27). Тэр хурганы цустай адилаар өөрийнх нь цус шавь нарыг нь мөнх амьтай болоход чухал үүрэгтэйг Есүс онцлон хэлжээ.
Эрдэнэс хайх нь
nwtsty Ёох 6:44-ийн тайлбар
татахгүй л бол: Энд хэрэглэсэн «татах» гэсэн утгатай грек үгээр торонд орсон загасыг татахыг хэлж болох ч (Ёох 21:6, 11) энэ нь Бурхан хүмүүсийг хүчээр татдаг гэсэн санаа биш. Энэ үг «сонирхол юм уу анхаарлыг нь татаж, ирүүлэх» гэсэн санааг бас илэрхийлдэг. Есүс Ие 31:3-ыг бодож энэ үгийг хэлсэн байж болох юм. Уг зүйлд Ехова эртний ард түмэндээ «Би чамайг хайр энэрлээр татсан» гэж хэлдэг. («Септуагинт» орчуулгын энэ зүйлд энэ грек үйл үгийг бичсэн байдаг.) Ёох 12:32-т Есүс мөн түүнчлэн янз янзын хүнийг өөртөө татна гэж бичсэн. Библийг үзвэл, Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн. Тийм учраас бүх хүн Еховаг шүтэх эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой (Ху 30:19, 20). Ехова зөв хандлагатай хүмүүсийг өөр лүүгээ алгуурхан татдаг (Ду 11:5; Су 21:2; Үй 13:48). Тэрээр Библийн мэдээ болон агуу хүчээрээ хүмүүсийг татдаг. Ёох 6:45-д эш татсан Ис 54:13-ын зөгнөлд гардаг хүмүүс бол Эцэгт татагдсан хүмүүс юм (Ёох 6:65-тай харьцуулна уу).
nwtsty Ёох 6:64-ийн тайлбар
Есүс ... хэн өөрөөс нь урвахыг ... мэдэж байв: Есүс, Искариот Юудасын тухай хэлжээ. Тэрээр 12 элчээ сонгохоосоо өмнө шөнөжингөө Эцэгтээ залбирсан (Лу 6:12–16). Тиймээс Юудас эхэндээ Бурханд үнэнч хүн байв. Гэхдээ Есүс Еврей Сударт бичигдсэн зөгнөлөөс дотнынх нь хүн урвахыг мэдэж байсан (Ду 41:9; 109:8; Ёох 13:18, 19). Юудасыг хорон санаатай болж эхлэхэд, хүний сэтгэл болон бодлыг мэддэг Есүс үүнийг анзаарсан (Мт 9:4). Ирээдүйд болох явдлыг мэдэх чадвартай Ехова, Есүсийн итгэдэг дотнын найз нь урвагч болохыг мэдэж байв. Гэхдээ Бурхны зан чанар болон хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцаж ирснийг нь бодвол Юудасыг урвагч болгохоор урьдаас тогтоосон гэж үзэх нь учир дутагдалтай.
анхнаасаа: Энэ үгээр Юудасын төрөх үеийг хэлээгүй. Есүс шөнөжингөө залбирсны дараа элчүүдээ сонгосон учраас элчээр сонгогдсон үеийг ч хэлээгүй (Лу 6:12–16). Харин Юудасыг тэрслүү загнаж эхлэх үеийг хэлсэн бөгөөд Есүс үүнийг шууд анзаарчээ (Ёох 2:24, 25; Ил 1:1; 2:23). Бас сэтгэл нь гэнэт өөрчлөгдөөд биш, харин төлөвлөж байгаад урвасныг энэ үг харуулдаг. Анх гэж орчуулсан архе гэдэг грек үгийн утга нь хам сэдвээс шалтгаална. Жишээ нь, 2 Пе 3:4-т гардаг «эхэнд» гэдэг үг бүтээлийн эхлэлийг заадаг. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ үгийг илүү нарийн утгаар хэрэглэдэг. Тухайлбал, Петр «Бурхан агуу хүчээ анх бидэнд өгсөн шигээ» харь үндэстнүүдэд бас өгсөн гэж хэлсэн (Үй 11:15). Петр өөрийнхөө төрсөн үе юм уу элч болгон сонгогдсон үеийг хэлээгүй. Харин МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяр буюу Бурхан тусгай зорилгоор агуу хүчээ «анх» өгсөн үеийг хэлжээ (Үй 2:1–4). «Анх» гэдэг үг хам сэдвээс шалтгаалан янз янзын утга илэрхийлдгийг харуулдаг өөр жишээг Лу 1:2; Ёох 15:27; 1Ёо 2:7-гоос үзэж болно.
9 САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 7, 8
«Есүс Эцгээ алдаршуулсан»
cf 100-101 ¶5-6
«Бичигдсэн байдаг»
5 Есүс тунхагладаг мэдээнийхээ эх булгийг хүмүүс мэдээсэй гэж хүссэн. Тэрээр «Би өөрийнхөө биш, намайг илгээсэн нэгний сургаалыг заадаг» гэж хэлжээ (Ёохан 7:16). Бас өөр нэг тохиолдолд «санаан зоргоор юу ч хийдэггүйг [минь] ойлгоно. ... Эцгийнхээ сургасны дагуу би энэ бүхнийг ярьдаг» гэж хэлсэн (Ёохан 8:28). Түүнчлэн, «Та нарт ярьдаг юмаа би санаан зоргоор ярьдаггүй. Харин надтай санаа нийлдэг Эцэг ажлаа хийж байгаа юм» гэж хэлжээ (Ёохан 14:10). Есүс Бурхны бичүүлсэн Үгнээс дахин дахин эш татсанаараа хэлсэн үгээ баталдаг.
6 Есүсийн хэлсэн үгийг нарийн судалж үзвэл Еврей Судрын талаас илүү олон номоос эш татсаныг мэдэж болно. Анх үүнийг сонсоод сэтгэл хөдлөхгүй байж магадгүй. Харин ч, гурван жил хагас олон нийтэд дэлгэрүүлж, заахдаа яагаад тухайн үед олдож байсан бүх Судраас эш татаагүй юм бол гэж санагдаж болох юм. Үнэндээ, Есүс бүх Судраас эш татсан бололтой. Есүсийн хэлсэн үг, хийсэн зүйлийн багахан нь л бичигдсэнийг санаарай (Ёохан 21:25). Библид бичигдсэн Есүсийн үгийг хэдхэн цагийн дотор унших боломжтой. Хэдхэн цагийн дотор Еврей Судрын талаас илүү номоос эш татаж Бурхны тухай, Хаант төрийнх нь тухай хэлнэ гэж төсөөлөөд үз дээ! Түүнээс гадна, ихэнх тохиолдолд хуйлмал бичээс Есүст байгаагүй. Уулан дээр сургаал айлдахдаа Еврей Судраас олон арван удаа эш татсан. Бүгдийг нь цээжээрээ хэлсэн.
Эрдэнэс хайх нь
w07 2/1 6 ¶4
Яагаад үнэнийг ярих ёстой вэ?
Энэ талаар Есүс Христ ямар жишээ үлдээсэн бэ? Есүс, аяны төлөвлөгөөг нь сонирхсон хүмүүстэй ярилцаж байжээ. Тэд Есүст Галилаас гарч Иудейд очихыг зөвлөжээ. Есүс юу гэж хариулсан бэ? «Та нар [Иерусалим руу] яваад баяр тэмдэглэ. Харин би одоохондоо явахгүй. Миний хувьд, товлосон цаг хараахан болоогүй байна» гэжээ. Удалгүй Есүс Иерусалимд очиж баяр тэмдэглэсэн. Тэгвэл Есүс яагаад дээрх хариуг хэлсэн бэ? Учир нь тэд Есүсийг хаана байх талаар нарийн ширийн мэдэх эрхгүй байлаа. Тиймээс Есүс худал хэлээгүй ч өөрт нь болон шавь нарт нь хор хөнөөл учирч болзошгүй гэж үзээд бүхнийг хэлээгүй. Энэ нь худлаа биш байв. Учир нь Христийн тухай элч Петр: «Тэр нүгэл үйлдээгүй, хуурч мэхэлсэн үг хэлж байгаагүй» гэж бичжээ (Ёохан 7:1–13; 1 Петр 2:22).
nwtsty Ёох 8:58-ын тайлбар
Би ... байсан: Есүсийн эсэргүүцэгчид Есүсийг «50 ч хүрээгүй байж Абрахамыг харсан» гээд түүн рүү чулуу нүүлгэх гэж байв (Ёох 8:57). Тэгэхэд Есүс, Абрахамыг төрөхөөс өмнө тэнгэрт хүчирхэг бүтээл байснаа хэлсэн. Зарим хүн энэ зүйлд Есүс өөрийгөө Бурхантай адилтгасан гэж мэтгэдэг. Тэд энд байдаг эго эими (зарим Библид «Би байдаг» гэж орчуулсан) гэдэг грек үг нь «Септуагинт» орчуулгын Ег 3:14-т гардаг үгтэй адил учраас түүнтэй адилаар орчуулах хэрэгтэй гэдэг. Гэхдээ энэ хам сэдэвт, эими гэдэг грек үйл үгийн заадаг үйл нь «Абрахамыг төрөхөөс өмнө» эхэлсэн байдаг. Тийм учраас «Би ... байдаг» биш, «Би ... байсан» гэж өнгөрсөн цагаар орчуулах нь зүйтэй. Эртний болон орчин үеийн олон орчуулга үүнийг дэмждэг. Ёох 15:27-д Есүсийн хэлсэн үг нь эими гэдэг грек үгтэй адилаар одоо цаг дээр байгаа бөгөөд үүнийг «сайн мэдээ тунхаглаж эхлэхэд минь та нар надтай хамт байсан» гэж орчуулсан байдаг. Ихэнх орчуулгад үүнтэй төстэй аргаар хөрвүүлсэн байдаг. Үүнээс харахад эими гэдэг үгийг хам сэдэвт нийцүүлэн өнгөрсөн цагаар орчуулах нь дүрмийн хувьд буруу биш гэдгийг мэдэж болно. (Одоо цаг дээр буй грек үйл үгийг өнгөрсөн цагаар орчуулсан өөр жишээнүүд Лу 2:48; Ёох 5:6; 15:27; 1Ёо 3:8-д байдаг.) Мөн түүнчлэн, Ёох 8:54, 55-д бичсэн Есүсийн үгийг үзвэл Есүс өөрийгөө Эцэгтэйгээ нэг бодгаль гэсэн утгаар хэлээгүйг ойлгож болно.