«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
6-Р САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ГАЛАТ 4–6
«Бидэнд хамаатай бэлгэдлийн утгатай үйл явдал»
it-1 1018 ¶2
Хагар
Элч Паулын бичсэнээр Хагар нь Синаи уулын бэлд Еховатай гэрээ байгуулсан Израйлыг төлөөлж байв. Тэрхүү гэрээ нь энэ үндэстнийг «боол» болгосон. Ард түмэн нүгэлтэй байсан учраас гэрээний нөхцөлийг биелүүлж чадаагүй. Хуулийн гэрээ хүчинтэй байх үед израйлчууд эрх чөлөөгүй байсан. Үхвэл зохих нүгэлтнүүд хэмээн буруутгагдсан учраас боол байв (Ёох 8:34; Ро 8:1–3). Иерусалим нь Паулын үед Хагарыг төлөөлдөг байсан. Израйлыг төлөөлдөг энэхүү нийслэл хот хүүхдүүдтэйгээ хамт боолчлогддог байв. Харин Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрт байдаг Иерусалим болох бэлгэдлийн эмэгтэйн хүүхдүүд юм. Энэ Иерусалим нь хэзээ ч боолчлогдож байгаагүй, эрх чөлөөт эмэгтэй Сараг төлөөлдөг. Исаак Ишмаелд дооглуулж байсан шиг, Есүсийн ачаар чөлөөлөгдсөн «тэнгэрт байдаг Иерусалимын» хүүхдүүд, боолчлогдсон Иерусалимын хүүхдүүдийн гарт зовж байсан. Хагар хүүтэйгээ хамт хөөгдсөн шиг Ехова Израйл үндэстнийг бүхэлд нь тоохоо больсон (Гал 4:21–31; бас Ёох 8:31–40-ийг үзнэ үү).
Эрдэнэс хайх нь
w09 4/1 13
Таны мэдлэгт
Есүс залбирахдаа Еховаг яагаад «Абба» гэж дуудсан бэ?
Абба гэдэг арамей үг «аав» эсвэл «аав аа» гэсэн утгатай байж болох юм. Библид энэ үг гурван удаа гардаг бөгөөд үүнийг тэнгэрийн Эцэг Еховад хандан залбирахдаа хэрэглэжээ. Энэ үг ямар онцлогтой вэ?
Нэгэн нэвтэрхий тольд «Есүсийн үед абба гэдэг үгийг ярианд хэрэглэдэг байжээ. Хүүхэд эцгээ дотночлон бас хүндэтгэн дуудахдаа энэ үгийг хэрэглэдэг байсан» гэж бичжээ. Дотночлон дууддаг энэ үгийг хүүхэд анх хэлд орохдоо сурдаг. Есүс Эцэгтээ хандан шаргуу залбирахдаа энэ үгийг хэрэглэсэн. Үхэхийнхээ өмнөхөн Гетсеманийн цэцэрлэгт Есүс Еховаг «Абба, Эцэг минь» гэж дуудан залбирсан (Марк 14:36).
Дээр дурдсан нэвтэрхий тольд цааш нь «Грек-Ромын үед иудейн ном зохиолд Бурхныг абба гэж бичих нь маш ховор байсан. Учир нь Бурхныг ингэж дуудах нь хүндэтгэлгүй хандсан гэж бодогдохоор байсан нь эргэлзээгүй. Гэхдээ Есүс залбирахдаа энэ үгийг хэрэглэсэн. Энэ нь түүнийг Бурхантай онцгой дотно гэдгийг тодорхой харуулсан» гэж бичжээ. Абба гэдэг үгийг хэрэглэсэн удаах хоёр тохиолдол нь Паулын бичсэн хоёр захидалд гардаг. Эндээс нэгдүгээр зууны Христийн дагалдагчид залбирахдаа энэ үгийг хэрэглэдэг байсан нь харагддаг (Ром 8:15; Галат 4:6).
w10 11/1 15
Таны мэдлэгт
Элч Паулын, «Есүсийн боол гэдгийг таниулах тэмдэг биед минь олон бий» гэсэн нь ямар утга байсан бэ? (Галат 6:17).
▪ Нэгдүгээр зууны хүмүүс Паулын үгийг олон утгаар ойлгодог байсан бололтой. Жишээ нь эрт үед олзлогдогсод, сүмийг тонон дээрэмддэг хүмүүс, оргон зайлсан боолуудыг улайссан төмрөөр тамгалдаг байжээ. Хүнд ийм тэмдэг тавих нь гутамшигтай хэрэг байв.
Харин таних тэмдэг нь дандаа сөрөг зүйл байгаагүй. Эрт цагт олон хүн аль нэг овгийн эсвэл шашны гишүүн болохдоо тэмдэг тавиулдаг байжээ. Нэгэн толь бичигт «Сиричүүд Хадад, Атаргатис бурхдад өөрсдийгөө зориулж бугуй, хүзүүн дээрээ тэмдэг тавиулдаг байжээ ... Дионис бурхныг шүтдэг хүмүүс ороонгын навчин хэлбэртэй тэмдэг тавиулдаг байв» гэж тэмдэглэжээ.
Орчин үеийн Библи судлаачид Паулыг миссионерын аяллаар явж байгаад зодуулах юм уу ташуурдуулаад биедээ сорви олсон гэж таамагладаг (2 Коринт 11:23–27). Паул бодит утгаар тэмдэг тавиулсан юм биш ээ. Христийн дагалдагчийн ёсоор амьдардгаа тэмдэг тавиулахтай зүйрлэсэн бололтой.
6-Р САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭФЭС 1–3
Еховагийн зорилго ба авсан арга хэмжээ
it-2 837 ¶4
Ариун нууц
Мессиагийн Хаант төр. Паулын захидлаас Христийн ариун нууц илчлэгдэх талаар ерөнхий дүр зургийг харж болно. Эфэс 1:9–11-т Паул Бурхан санаа зорилгынхоо талаар «ариун нууцыг» илчилнэ гээд «Тэрхүү ариун нууц өөрт нь тааламжтай бөгөөд санаа зорилгод нь нийцдэг. Бурхан тэнгэр дэх юмс болон газар дахь юмсыг нэгтгэж, бүгдийг нь Христэд захируулах зорилготой. Тийм ээ, Христэд захируулах бөгөөд энэ явдал товлосон цагт нь болох ёстой. Бурхан бүх юмыг хүссэнээрээ үйлдэж, санаа зорилгынхоо дагуу хийдэг бөгөөд биднийг Христтэй хамт өв залгамжлагч болгохоо урьдаас шийдсэн» гэж хэлжээ. Энэхүү ариун нууц нь Мессиагийн Хаант төртэй хамаатай. «Тэнгэр дэх юмс» гэдэг нь Христтэй хамт тэнгэрийн Хаант төрийг өвлөх хүмүүс юм. «Газар дахь юмс» гэдэг нь дэлхий дээр амьдрах харьяат албатууд юм. Есүс шавь нартаа «Бурхны Хаант төрийн ариун нууц та нарт илчлэгддэг» гэж хэлээд ариун нууц нь Хаант төртэй хамаатайг харуулжээ (Мр 4:11).
Эрдэнэс хайх нь
cl 299 ¶21
«Христийн хайрыг мэдэх нь»
21 «Мэдэх» гэж орчуулсан грек үг нь «биеэрээ үзэх» гэсэн утгатай. Амин хувиа бодолгүй бусдыг гэсэн сэтгэлтэй, өрөвдөх сэтгэлээр хэрэгцээ шаардлагыг нь хангадаг, чин сэтгэлээсээ уучилдаг бол бусдыг Есүсийн адилаар хайрлана. Энэ нь Есүсийн хайрыг ойлгож байгаа хэрэг. Ийнхүү бид «мэдлэгээс давуу Христийн хайрыг» өөрийн биеэр үзэж байж л мэднэ. Бид Бурхныг төгс дуурайсан Есүсийг дуурайхын хэрээр хайр халамжтай Бурхан Еховатайгаа илүү дотно болно.
6-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭФЭС 4–6
«Бурхны өгдөг зэр зэвсгийг бүрэн агс»
Эрдэнэс хайх нь
it-1 1128 ¶3
Ариун байх
Агуу хүч. Еховагийн агуу хүч буюу үйлдэх хүч нь түүний эрхшээлд байдаг бөгөөд санаа зорилгыг нь үргэлж биелүүлдэг. Цэвэр, өө сэвгүй, ариун энэ хүч нь зөв зохистой зүйлийг хийхэд л зориулагдсан. Тийм болохоор үүнийг «агуу хүч», «ариун хүч» гэдэг (Ду 51:11; Лу 11:13; Ро 1:4; Эф 1:13). Агуу хүч хүнд нөлөөлж түүнийг цэвэр, ариун болгодог. Бузар булай, зохисгүй үйл хэрэг хийвэл агуу хүчийг «үл тоомсорлосон» буюу үгчилсэн орчуулгаар бол агуу хүчийг гомдоосон хэрэг болно (Эф 4:30). Хэдийгээр агуу хүч бодгаль биш ч гэсэн Бурхан ариун зан чанараа агуу хүчээрээ илэрхийлдэг учраас агуу хүч гомддог гэж эх бичигт бичсэн байдаг. Зохисгүй юм хийгээд байвал «Бурхны агуу хүч нөлөөлөхөд саад» болно (1 Те 5:19). Хэрэв хүн буруу үйлдлээ зогсоохгүй бол Бурхны агуу хүч нэг ёсондоо «гомдож», Бурхан тэр хүний дайсан болно (Ис 63:10). Агуу хүчийг гомдоосоор байвал доромжилдог болж мэднэ. Есүсийн хэлснээр, агуу хүчийг доромжилдог хүний нүгэл өнөө үед ч, ирэх үед ч уучлагдахгүй (Мт 12:31, 32 зүүлт; Мр 3:28–30).
it-1 1006 ¶2
Шунал
Үйл хэргээр илэрдэг. Хүний зохисгүй, ханадаггүй хүсэл буюу шунахай сэтгэл үйл хэргээс нь илэрхий харагддаг. Библийн бичигч Яаков зохисгүй хүсэл үр тогтоон нүглийг төрүүлдэг гэжээ (Яак 1:14, 15). Хүний шуналтай эсэхийг үйл хэрэг нь хэлээд өгдөг. Элч Паул шунахай хүнийг шүтээн шүтэгчээс өөрцгүй гэсэн (Эф 5:5). Хүн Бүтээгчээ шүтэж, түүнд үйлчлэхээс илүүтэйгээр аливаа зүйлийг шунаж хүсвэл, тэр хүссэн зүйл нь түүний бурхан болдог (Ро 1:24, 25).
6-Р САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ФИЛИППОЙ 1–4
«Юунд ч бүү санаа зов»
Эрдэнэс хайх нь
it-2 528 ¶5
Өргөл
Ундаан өргөл. Израйлчууд амласан газар суурьшсаныхаа дараа өргөдөг байсан өргөлийн нэг нь ундаан өргөл юм (То 15:2, 5, 8–10). Ундаан өргөл гэдэгт «хатуу ундаа» буюу дарс ордог бөгөөд тахилын ширээн дээр асгадаг байсан (То 28:7, 14-ийг Ег 30:9; То 15:10-тай харьцуулаарай). Элч Паул Филиппойд амьдардаг Христийн дагалдагчдад «Та бүхэн итгэлдээ хөтлөгдөн Бурханд тахил өргөж, Бурханд үйлчилдэг. Эдгээрийн дээр би өөрийгөө ундаан өргөл болгон өргөж байгаа ч баяртай байна» гэж бичжээ. Элч Паул итгэл нэгтнийхээ төлөө бүхнээ зориулахыг хүсдэгээ илэрхийлэхдээ ийнхүү ундаан өргөлөөр жишээ татжээ (Флп 2:17). Нас барахынхаа өмнөхөн Тимотод «Би өөрийгөө ундаан өргөл мэт аль хэдийн өргөсөн. Явах цаг минь боллоо» хэмээн бичсэн байдаг (2 Ти 4:6).