«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2022 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
3-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭЭД 23–26
«Сүм дэх шүтлэг нарийн зохион байгуулалттай болсон нь»
it-2 241
Левичүүд
Давид левичүүдэд ажил үүрэг нарийн хуваарилж өгчээ. Харгалзагчид, түшмэд, шүүгчид, хаалгачид, эрдэнэсийн санг хариуцагчид болон сүм, хашаа, хоолны өрөөнд үйлчлэх тахилчдад туслах маш олон тооны хүмүүсийг томилдог. Тэд өргөл тахилыг жинлэж бэлдэх, ариусгасан эд зүйлсийг цэвэрлэх, харуул хамгаалалттай холбоотой янз бүрийн үүрэг хүлээдэг байсан. Леви хөгжимчид тахилчдын бүлгийн адилаар 24 бүлэг болж хуваагдаад ажлаа ээлжээр хийдэг байв. Тэд шавга хаяж ямар үүрэг хүлээхээ тогтоожээ. Хаалгачдын бүлгийнхэн бас хаана томилогдохоо ийм аргаар үзэж тогтоосон юм (Ш.дээ 23, 25, 26; Ш.дэ 35:3–5, 10).
it-2 686
Тахилч
Сүмд тахилчдын хийх ажлыг янз бүрийн түшмэл зохион байгуулдаг байжээ. Ямар ажил хийхийг шодож тогтоов. 24 бүлгийн нэг ээлж бүтэн долоо хоногоор, жилд хоёр удаа үйлчилдэг байсан. Баярын үеэр ард түмэн олон мянган тахил өргөдөг байсан учир тахилчдын бүх бүлэг үйлчилсэн бололтой. Сүмийг зориулахад бас тэгсэн (Ш.дээ 24:1–18, 31; Ш.дэ 5:11; бас Ш.дэ 29:31–35; 30:23–25; 35:10–19-тэй харьцуулаарай). Тахилч өөрийнхөө ээлж болоогүй үед ч ээлжит ажлаа хийж байгаа тахилчдад саад болохгүйгээр үйлчилж болдог байсан. Иудейн шашны уламжлалаар бол Есүсийг дэлхий дээр байх үед тахилчид маш олон байсан тул бүлэг дотроо гэр бүлүүдэд хуваагдаж тахилчийн ажил хийдэг байсан. Гишүүдийнхээ тооноос шалтгаалж нэг гэр бүл, нэг болон түүнээс олон өдөр ажилладаг байжээ.
it-2 451-452
Хөгжим
Давид Еховагийн сүмийн бэлтгэл ажилтай холбогдуулан 4 000 леви хүнийг хөгжимчин болгон томилсон (Ш.дээ 23:4, 5). Тэдний 288 нь «ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн» мэргэжлийн дуучид байв (Ш.дээ 25:7). Энэ бүх хүмүүсийг чадварлаг хөгжимчид болох Асаф Хеман Иедутун (Етан ч гэдэг бололтой) нар удирддаг байв. Тэд Левийн гурван хүү болох Гершом Кохат Мерари нарын удмын хүмүүс байсан учраас Левийн гурван том гэр бүлийг төлөөлөн сүмийн дуучид хөгжимчдийн бүлэгт багтдаг байсан гэсэн үг (Ш.дээ 6:16, 31–33, 39–44; 25:1–6). Тэдний 24 хүү, дээр дурдсан 288 чадварлаг хөгжимчдийн тоонд ордог байсан. Шавга хаяж тэр 24 хүүг хөгжмийн бүлэглэлийн удирдагчид болгосон. Бүлэг тус бүрд удирдагчийн дор ажилладаг 11 мэргэжлийн дуучид байв. Удирдагчид тэднийг өөрсдийнхөө хөвгүүд болон бусад левичүүдийн дундаас сонгосон ажээ. Ийнхүү 288 нь ([1 + 11] × 24 = 288) мэргэжлийн леви хөгжимчид, тахилчдын адилаар 24 бүлэгт хуваагдсан. Хэрэв үлдсэн 3 712 «сурагчийг» ийм маягаар хуваавал 24 бүлэг тус бүр дунджаар 155 сурагчтай байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хөгжимчин болгон хөгжмийн янз бүрийн боловсрол эзэмшсэн 13 орчим леви сурагчтай байсан гэсэн үг (Ш.дээ 25:1–31). Тахилчид бүрээ үлээдэг байсан учраас тэдний тоо леви хөгжимчдийн тоонд ороогүй юм (Ш.дэ 5:12; То 10:8-тай харьцуулаарай).
it-1 898
Хаалгач
Сүмд. Давид хаан нас барахаасаа өмнө левичүүд, сүмийн ажилчид болон тэдний дундах 4 000 хаалгачийг маш сайн зохион байгуулсан. Тэд бүлэгт хуваагдаж долоо хоног болгон ээлжээр ажилладаг байв. Еховагийн өргөөг хамгаалж, хаалгыг тогтсон цагт нээж хаах үүрэг хүлээсэн юм (Ш.дээ 9:23–27; 23:1–6). Харуул хамгаалалтын ажлаас гадна тэд сүмийн ажилд зориулж хүмүүсийн хандивласан мөнгийг хариуцдаг байжээ (Х.дэ 12:9; 22:4). Хожим нь тэргүүн тахилч Иехоиада, жаал хүү Иоашийг хаанаар өргөмжлөхдөө түүнийг хорон санаат хатан Аталиагаас хамгаалж сүмийн үүдэнд тусгай хамгаалагчдыг томилж тавьсан юм (Х.дэ 11:4–8). Иосиа хаан хуурамч шүтлэгийг устгах үед хаалгачид Баалд зориулсан эд хогшлыг сүмээс гаргаж хаях ажилд оролцсон. Тэдгээр эд хогшлыг хотын гадна шатаажээ (Х.дэ 23:4).
3-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 1–4
«Соломон хааны гаргасан шийдвэр ба түүний үр дагавар»
it-1 174 ¶5
Арми
Соломоныг хаан болоход Израйлын армийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн. Түүний захиргаан доор улс орон харьцангуй тайван байсан ч гэсэн тэрбээр морьд болон тэргүүдийнхээ тоог өсгөсөн. Тэдгээр морьдын ихэнхийг Египетээс худалдан авч оруулж ирдэг байсан. Шинэ тутам байгуулагдсан цэргийн ангиудыг байрлуулах олон хотыг улс даяар барьж босгох хэрэгтэй болсон (Х.дээ 4:26; 9:19; 10:26, 29; Ш.дэ 1:14–17). Соломоны гаргасан энэ шинэ санааг Ехова огтхон ч ивээгээгүй. Түүнийг нас барж хаант улс хуваагдахад Израйлын арми сүр хүчээ алдсан юм. Исаиа хожим нь «Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа» гэж бичжээ (Ис 31:1).
it-1 427
Тэрэг
Соломоны үеийг хүртэл Израйлд их хэмжээний тэрэгт их цэрэг байгаагүй. Яагаад гэвэл Бурхан морьт цэргийнхээ хүчинд найдан морьдынхоо тоо толгойг нэмж болохгүй гэж анхааруулж байсан. Морьдыг тэргэнд хөллөдөг байсан учраас тэрэгний тоо бас хязгаартай байсан (Ху 17:16). Самуел хүмүүн хаад ард олонд ямар их дарамт учруулахыг анхааруулж «Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулгана» гэж хэлсэн (1Са 8:11). Абсалом Адониа хоёрын хэн хэн нь хаан ширээг булааж авахыг оролдохдоо өөрсдөдөө зориулж тэрэг хийж, 50 хүнийг урдуураа гүйлгэдэг (2Са 15:1; Х.дээ 1:5). Давид Зобагийн хааныг ялаад 100 тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээсэн юм (2Са 8:3, 4; 10:18).
Соломон хаан Израйлын армийг бүрдүүлэхдээ морин тэрэгний тоог 1 400 болгож нэмсэн (Х.дээ 10:26, 29; Ш.дэ 1:14, 17). Иерусалимаас гадна тэрэгт цэргийн хотуудад дайны багаж зэвсгийг агуулдаг тусгай барилга байшин байжээ (Х.дээ 9:19, 22; Ш.дэ 8:6, 9; 9:25).
3-Р САРЫН 27—4-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 5–7
«Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно»
w02 11/15 5 ¶1
Хамтран цуглахаа болихгүй байх нь
Хожим нь Давид Иерусалимд хаан болоод Еховагийн нэр алдрын төлөө өргөө барихыг ихэд хүсэж байгаагаа илэрхийлдэг. Гэхдээ Давид их дайн хийсэн хүн учраас Ехова түүнд «Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй» гэсэн. Ехова түүний оронд хүү Соломоноор нь сүмээ бариулдаг (Ш.дээ 22:6–10). Барилгын ажил долоон жил хагас үргэлжилж МЭӨ 1026 онд Соломон сүмийг Еховад зориулсан. Ехова энэ барилгыг таалж байгаагаа илэрхийлж «Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно» гэж хэлсэн (Х.дээ 9:3). Израйлчуудыг үнэнч байвал Ехова энэ өргөөг таалалдаа багтаасаар байх байв. Харин зөвийг үйлдэхээ боливол Ехова энэ газрыг ивээхээ больж сүмийг «овоолсон нуранги» болгох байв (Х.дээ 9:4–9; Ш.дэ 7:16, 19, 20).
it-2 1077-1078
Сүм
Түүх. Энэ сүм МЭӨ 607 онд Вавилоны Небухаднезар хааны цэргүүд ирж устгах хүртэл оршин тогтносон (Х.дэ 25:9; Ш.дэ 36:19; Ие 52:13). Израйлчууд хуурамч бурхдыг шүтдэг болсон учраас Бурхан үндэстнүүдэд Иуда болон Иерусалим руу довтолж сүмийг тонон дээрэмдэхийг зөвшөөрч байжээ. Сүмийг арчилж тордолгүй орхисон үе ч байсан юм. Соломоны хүү Рехобоамын үед сүмийн зориулснаас хойш 33-хан жилийн дараа (МЭӨ 993 он) Египетийн Шишак хаан сүмийг тонон дээрэмдсэн (Х.дээ 14:25, 26; Ш.дэ 12:9). Аса хаан (МЭӨ 977–937 он) Еховагийн өргөөг эрхэмлэдэг байсан ч гэсэн Иерусалимыг хамгаалахын тулд Арамын хаан I Бен-хададаас Израйлын хаан Баашатай байгуулсан гэрээгээ цуцлаач гэж гуйн сүмээс алт мөнгө гаргуулан өргөл барьц барьж мунхаг зан гаргажээ (Х.дээ 15:18, 19; Ш.дэ 15:17, 18; 16:2, 3).
4-Р САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 8, 9
«Мэргэн ухааныг үнэлдэг хатан хаан»
w99 11/1 20 ¶4
Өгөөмөр сэтгэлээр бялхсан бол
Шебагийн хатан хаан Соломонтой уулзах гэж их ч цаг зориулсан, ихээхэн хүчин чармайлт ч гаргасан. Шеба гэдэг газар өнөөгийн Бүгд Найрамдах Йемен Улсад байсан бололтой. Тэгэхээр хатан хаан тэмээн жингийн цуваатайгаа 1 600 гаруй км зам туулсан байх нь ээ. Есүс: «Тэр хатан хаан ... газрын хязгаараас ирсэн» гэсэн. Яагаад тийм их хүчин чармайлт гаргасан бэ? Хамгийн гол нь «Соломоны мэргэн үгийг сонсох гэсэндээ» тэр юм (Лу 11:31).
w99 7/1 30 ¶4-5
Ивээл авчирсан холын аялал
Ямартай ч хатан хаан «асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирсэн» (Х.дээ 10:2а). Дагалдан явсан «асар олон зарц шивэгчингүүдийн» дунд зэвсэглэсэн хамгаалагчид байсан гэж зарим хүн үздэг. Хатан хаан учраас тэгэх нь ч аргагүй юм. Бас хэдэн арван сая долларын үнэтэй алт, эрдэнэс авч явсан шүү дээ.
Гэхдээ хатан хаан Соломоныг Еховагийн ачаар алдаршсан гэж сонссоныг санаарай. Тэгэхлээр худалдаа наймаа хийх зорилгоор ирсэн хэрэг биш байх нь ээ. Хамгийн гол нь Соломоны мэргэн ухааныг сонсох гэж ирсэн нь илт байна. Магадгүй Еховагийн тухай ч мэдэхийг хүсэж байсан биз ээ. Тэрбээр Еховаг шүтдэг байсан Шем эсвэл Хамаас гаралтай байж магадгүй учраас өвөг дээдсийнхээ шашин шүтлэгийг сонирхсон байж болох юм.
w99 7/1 30-31
Ивээл авчирсан холын аялал
Шебагийн хатан хаан Соломоны мэргэн ухаан болон хаант төрийнх нь цэцэглэн хөгжсөнийг хараад «хэлэх үггүй болтлоо» гайхширчээ (Хаадын дээд 10:4, 5, МБН, 2015). Зарим нь хатан хааныг «амьсгалгүй» болсон гэж тайлбарладаг. Нэг эрдэмтэн түүнийг бүр муурч унасан гэж үздэг! Ямартай ч хатан хаан харсан, сонссон зүйлдээ гайхан биширчээ. Бас түшмэдийг нь хааныхаа мэргэн ухааныг сонсдог ямар жаргалтай хүмүүс вэ гэж хэлдэг. Мөн Соломоныг хаанаар өргөмжилсөн Еховаг магтан алдаршуулдаг. Тэгээд хаанд үнэтэй бэлэг өгсөн. Зөвхөн алт л гэхэд өнөөгийн үнэлгээгээр 40 сая доллартай тэнцдэг. Соломон ч бэлэг, бас «түүний хүссэн бүхнийг» өгчээ (Хаадын дээд 10:6–13).
it-2 990-991
Соломон
Хатан хаан сүм болон Соломоны өргөөний сүрлэг сайхныг, хааны хоолны ширээнд засаж тавьсан зоог, үйлчилж байгаа зарц нарынх нь хувцаслалт, сүмд байнга өргөдөг шатаалт тахилыг үзээд дуу алдаж «хэлэх үггүй болтлоо» гайхширчээ (МБН, 2015). Тэгээд «Миний сонссон зүйлс энэ бүгдийн хагас нь л байж. Үнэндээ таны мэргэн ухаан, хөгжил цэцэглэлт миний сонсож дуулснаас үлэмж их ажээ» гэдэг. Бас ийм хаанд үйлчилдэг зарц нар жаргалтай гэж хэлсэн. Мөн Израйлыг хайрлаж, зөв шударгаар засаглуулахын тулд Соломоныг хаан болгосон Еховаг өөрийн эрхгүй магтан алдаршуулсан (Х.дээ 10:4–9; Ш.дэ 9:3–8).
Эрдэнэс хайх нь
it-2 1097
Сэнтий
Сэнтийний 6 гишгүүрийн тухай дурдсаны дараа «Түшлэг бүрийн хажууд тус тус арслангийн баримал байв. Зургаан гишгүүрийн хоёр захад хоёр арслангийн барималтай буюу нийт арван хоёр арслангийн баримал тавиастай байжээ» гэсэн байдаг (Ш.дэ 9:17–19). Захирах эрхийг арслангаар бэлгэдсэн нь тун оносон хэрэг байлаа (Эх 49:9, 10; Ил 5:5). 12 арслан нь Израйлын 12 овгийг, сэнтийд заларсан хаанаа дэмжиж түүнд захирагдахыг нь бэлгэдсэн бололтой.
4-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 10–12
«Мэргэн зөвлөгөөний ач тус»
it-2 768 ¶1
Рехобоам
Ард иргэдийнх нь ихэнх нь Рехобоамыг бардам ихэмсэг, дур зоргоороо авирладаг зангаас нь болоод орхиж явсан. Иуда болон Бениамины овог л Давидын гэрийг овгоороо дэмжиж байсан. Түүнээс гадна хоёр хаант улсын тахилчид, левичүүд, бас арван овгийн зарим хүн дэмжиж байсан (Х.дээ 12:16, 17; Ш.дэ 10:16, 17; 11:13, 14, 16).
Эрдэнэс хайх нь
it-1 966-967
Ямаа шиг дүрстэй чөтгөр
Иошуа 24:14-т бичсэн Иошуагийн үгнээс үзвэл израйлчууд Египетэд байхдаа нөлөөнд нь автаж, хуурамч бурхдыг ямар нэг байдлаар шүтдэг байсан бололтой. Түүнээс хойш ч энэ нөлөө олон зууны турш арилаагүйг Езекиелийн үг харуулдаг (Езе 23:8, 21). Бурхан цөлд байсан израйлчуудад «ямаан шүтээнүүдэд» тахил өргөж болохгүй гэж тушаасан (Ле 17:1–7). Бас Иеробоам «мөргөлийн өндөрлөгүүдэд болон өөрийн хийсэн ямаа, тугалын дүрснүүдэд зориулан хувийн тахилч нарыг бий болгов» (Ш.дэ 11:15). Эдгээр баримтад үндэслэн зарим эрдэмтэн Египет, ялангуяа Хойд Египетэд түгээмэл байсан ямааг шүтэх явдал израйлчуудын дунд байсан гэж үздэг. Грекчүүдийн шүтдэг байсан Паныг болон сатир гэгддэг, шунал тачаал ихтэй, ойн бурхдыг шүтэх шүтлэг нь египетчүүдийн ямаа шүтэх шүтлэгээс гаралтай гэж Геродот хэлсэн байдаг (II, х. 46). Тэр бурхдыг хожим нь эвэртэй, ямааных шиг сүүлтэй, хөлтэй дүрсэлдэг болжээ. Дундад зууны эхэн үеийн Христийн шашинтнууд Сатаныг сүүлтэй, эвэртэй, салаа туурайтай дүрсэлдгийг хагас хүн, хагас амьтны дүрст эдгээр хуурамч бурхдаас үүсэлтэй гэж зарим хүн үздэг.
Ихэнхдээ «ямаанууд» гэж орчуулдаг сеирим гэдэг еврей үгийг «ямааны дүрстэй чөтгөрүүд» гэж орчуулсан. Үгчилбэл «үсэрхэг» гэсэн утгатай энэ үгээр яг юу хэлсэн нь тодорхойгүй. Зарим нь жинхэнэ ямаа эсвэл ямааны дүрстэй шүтээн байсан гэж үздэг. Гэхдээ заавал тэгж ойлгох албагүй. Яг юу байсан нь Библид тодорхой бичээгүй. Энэ үгээр эдгээр хуурамч бурхныг шүтдэг хүмүүс бурхдыгаа ямаа шиг эсвэл үсэрхэг гэж төсөөлдөг байсныг илэрхийлсэн байж болох юм. Эсвэл «ямаа» гэсэн нь бүх хуурамч шүтээнийг доромжилсон үг байж болох юм. Библийн олон зүйлд шүтээн гэж орчуулсан үг «хоргол» гэсэн үгнээс гаралтай. Гэхдээ энэ нь шүтээнүүдийг хорголоор хийсэн гэсэн үг биш ээ (Ле 26:30; Ху 29:17).