«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
5-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 36, 37
Эрдэнэс хайх нь
it-2 445
Уул толгод
Хөдөлшгүй тогтвортой бас сүрдэм. Хөдөлшгүй тогтвортой байдлыг уулаар зүйрлэх нь бий (Ис 54:10; Хаб 3:6; Ду 46:2-той харьцуулна уу). Тиймээс дуулалч Еховагийн зөвт байдлыг «уулстай адил» хэмээн бичжээ (Ду 36:6). Энэ үгээрээ Еховагийн зөвт байдал өөрчлөгддөггүй гэдгийг илэрхийлсэн бололтой. Эсвэл уулс өндөр сүрлэг байдгийн адил Бурхны зөвт байдал хүнийхээс хавьгүй өндөр байдгийг илэрхийлсэн байж ч болох юм (Ис 55:8, 9-тэй харьцуулна уу). Бурхны уур хилэнгийн долоо дахь «аяга» асгарахад «уулс алга болжээ» гэж Илчлэл 16:20-д бичсэн байдаг. Эндээс харахад сүрдмээр өндөр уулс ч Еховагийн уур хилэнг тэсвэрлэх боломжгүй юм (Ие 4:23–26-тай харьцуулна уу).
5-Р САРЫН 13–19
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 38, 39
Өөрийгөө буруутгах «ачааг» хаяарай
w02 11/15 20 ¶1-2
Таны өдрүүд хэрхэн өнгөрч байна вэ?
Хүний амьдрал богино бөгөөд түр зуурынх. Дуулалч Давид: «Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч. Хэр сул доройг минь надад мэдүүлээч. Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн, миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон» хэмээн залбирчээ. Ийнхүү тэрбээр залбиралдаа амьдралын ахар богиныг дүрсэлсэн байна. Үгээрээ ч, үйлсээрээ ч Еховагийн таалалд нийцүүлэн амьдрах нь Давидын хувьд хамгийн чухал байсан юм. Тиймдээ ч, «миний найдвар Танд л байна» хэмээн бичжээ (Дуулал 39:4, 5, 7). Ехова ч түүний залбирлыг сонсож Давидыг үйлсийнх нь дагуу ивээсэн.
Хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ нийгмийн завгүй амьдралын урсгалд хөл алдах амархан. Тиймээс ч хоногийн 24 цагт амжуулах ажил толгойтой үснээс их байна даа гэж санаашрах хүн олон. Танд бас Давидын нэгэн адил Бурхны таалалд нийцүүлэн амьдарч байгаа эсэхдээ санаа зовох үе гардаг уу? Ехова хийж байгаа бүхнийг тань анхааран хардаг. Бурхнаас эмээдэг нэгэн болох Иов: «Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахад би Түүнд юу гэж хариулах билээ?» хэмээн 3 600 жилийн тэртээ асуусныг Библид тэмдэглэн үлдээсэн байна. Эндээс харахад Ехова хүний алхам бүрийг анхаардгийг Иов ойлгодог байжээ (Иов 31:4–6, 14). Бид амьдралынхаа бүхий л өдрүүдийг Еховагийн мэлмийд үнэ цэнтэй байлгаж утга учиртай өнгөрүүлэх боломжтой. Ингэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бурхантай дотносохыг эн тэргүүнд тавьж, тушаалуудыг нь биелүүлж, цагаа ухаалаг зарцуулах хэрэгтэй. Эдгээрийг анхааралтай авч үзэцгээе.
5-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 40, 41
Эрдэнэс хайх нь
it-2 16
Ехова
Библийн гол сэдэв Еховагийн хэмжээлшгүй эрх мэдлийг зөвтгөх асуудалтай холбоотой. Эндээс өөрийнхөө нэрийг ариусах гэсэн түүний үндсэн санаа зорилго тодорхой харагддаг. Ариусгах гэдэг нь бүх гүтгэлэг доромжлолоос Бурхны сэвтсэн нэрийг цэвэрлэхийг хэлнэ. Мөн тэнгэр газар дээрх бүх оюун ухаант бүтээл Бурхны нэрийг хүндэтгэн, магтан алдаршуулах ч үүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, тэд бүгд Еховагийн хэмжээлшгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хүсэл таалалд нь нийцүүлэн амьдарч, чин сэтгэлийн хайрандаа хөтлөгдөн түүнд үйлчилнэ гэсэн үг. Дуулал 40:5–10-т Давид Еховад залбирахдаа нэрийг нь ариусгах тухай ийм санааг илэрхийлсэн байдаг (энэ дууллын зарим хэсэг Есүс Христтэй холбоотойг элч Паул Ев 10:5–10-т дурдсан).
5-Р САРЫН 27—6-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 42–44
Еховагаар заалгахын ач тус
w06 6/1 9 ¶4
«Дуулал» номын онцлох санаа, II
42:4, 5, 11; 43:3–5. Ямар нэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хуралдаа очиж чадахааргүй нөхцөл бүрдэхийг хэн байг гэх вэ. Тийм үед ах дүүстэйгээ хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжууд маань бидэнд хүч өгнө. Тэднийгээ бодохоор ганцаардаж байгаа мэт санагдаж болох ч, тэр л дурсамжуудыг санахлаар Бурхан биднийг тайвшруулдгийг, бас түүнийг хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгох болно.
Эрдэнэс хайх нь
it-1 1242
Цөөвөр чоно
Библид цөөвөр чоноор жишээ авсан тохиолдол хэд хэд байдаг. Иов уй гашууд автсан үедээ өөрийгөө «цөөвөр чононуудын ах дүү» хэмээн уулга алдсан үе бий (Иов 30:29). Бурхны ард түмэн гутамшигтайгаар ялагдахад дуулалч ихэд гашуудан: «Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж» хэмээн бичжээ (Ду 44:19). Үүнийг байлдааны талбарт тэдний цогцсыг идэхээр цөөвөр чононууд ирсэн хэмээн дүрсэлсэн бололтой (Ду 68:23-тай харьцуулна уу). МЭӨ 607 онд вавилончууд Иерусалимыг бүслэн авахад оршин суугчид нь айхтар өлсгөлөнд нэрвэгдсэн. Тэр үед эхчүүд хүртэл төрүүлсэн үрдээ харгис хэрцгий хандсан түүх бий. Тиймээс Иеремиа Бурхны ард түмнийг цөөвөр чононоос долоон дор харгис болсон хэмээн тэмдэглэсэн байдаг (Гаш 4:3, 10).
6-Р САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 45–47
Хааны хуримын дуу
it-2 1169
Дайн дажин
Энэ дайны эцэст газар дэлхийд амар амгалан 1 000 жилийн турш ноёлно. Ехова «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг» хэмээн дуулалч бичжээ (Ду 46:8–10). Эрт цагт Бурхан ард түмнийхээ дайснуудын зэр зэвсгийг устгаж, нутаг дэвсгэрт нь амар амгаланг авчирснаар энэ зөгнөл эхний удаа биелсэн юм. Хармагедоны үед Есүс Христ дайн дэгдээгчдийг үндсээр нь устгаж дэлхий дахинд амар амгаланг жинхэнэ утгаар нь тогтооно. Ивээл хүртэж мөнх амьдрах хүмүүс «илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтаж» дахин хэзээ ч дайтахад суралцахгүй. Учир нь «түмэн цэргийн ЭЗЭНий ам айлдав» (Ис 2:4; Ми 4:3, 4).
6-Р САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 48–50
Эцэг эхчүүд ээ, Еховагийн байгууллагад итгэдэг болоход нь хүүхдүүддээ туслаарай
w11 3/15 19 ¶5-7
Баяр хөөр авчирдаг зүйлс
«Сионоор алхаж, түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол. Түүний хэрмүүдийг тунгаан бод. Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв» (Дуу. 48:12, 13). Израйлчуудыг Иерусалимд очиж үзэхийг дуулалч уриалсан. Жил бүрийн баяр тэмдэглэхээр Иерусалимд гэр бүлээрээ очсон израйлчууд сүрлэг сайхан сүмийг нүдээр үзэн мартагдашгүй дурсамжтай болж байна гээд төсөөлөөд үз дээ. Тэд «хойч үедээ дамжуулан ярихыг» хүссэн нь лавтай.
Шебагийн хатан хааны тухай бодоод үзье. Соломон хааны гайхалтай удирдах чадвар, агуу мэргэн ухааны тухай тэр анх сонсоод эргэлзэж байсан. Харин сонссон зүйл нь үнэхээр үнэн байсан тул тэрбээр: «Би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм» хэмээн дуу алдсан байдаг (Ш.дэд 9:6). Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг өөрийн нүдээр үзсэн зүйл бидэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Еховагийн байгууллагын сайхныг нүдээрээ үзэж биеэр мэдрэхэд нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Оршин суудаг газрын тань ойролцоо Бетел байдаг бол зочлоорой. Жишээ нь, Мэнди Бетани хоёр Бетелд байнга зочилдог байжээ. Тэднийх Бетелээс 1 500 км зайтай амьдардаг байсан ч аав ээж нь тийшээ очихоор төлөвлөдөг байв. «Тэнд очиж үзэхээсээ өмнө дэг журамтай өндөр настай хүмүүс л байдаг байх гэж боддог байлаа. Харин залуус ч их олон байдаг юм билээ. Тэд Еховагийн төлөө шаргуу ажиллаж баяр хөөртэй байгаа нь илт. Еховагийн байгууллагыг амьдарч байгаа газраараа төсөөлж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Ямар гайхалтай гээч. Бетелд очих болгонд Еховад үйлчлэх хүсэл эрмэлзэл маань улам бүр бадардаг байлаа» гэж тэр хоёр ярив. Еховагийн байгууллагатай ингэж дотно танилцсан нь Мэнди Бетани хоёрыг эхлэгчээр үйлчлэхэд нь их түлхэц болжээ. Тэд бүр Бетелд үйлчлэх урилга хүлээн авсан байна.
Эрдэнэс хайх нь
it-2 805
Эд хөрөнгө
Израйлчууд элбэг дэлбэг баян чинээлэг үндэстэн байв (Х.дээ 4:20; Но 5:18, 19). Тийм учраас тэд ядуугийн зовлонг үзээгүй юм (Су 10:15; Но 7:12). Ехова тэднийг ажил хөдөлмөр эрхэлж, үр шимийг нь хүртэн дутах юмгүй сайхан амьдраасай гэж хүссэн (Су 6:6–11; 20:13; 24:33, 34-тэй харьцуулна уу). Түүнчлэн эд баялагтаа найдан энэ бүхнийг хэн өгснийг мартах аюул байгааг Ехова тэдэнд сануулж байжээ (Ху 8:7–17; Ду 49:6–9; Су 11:4; 18:10, 11; Ие 9:23, 24). Эд хөрөнгө түр зуурынх бөгөөд хэн ч түүгээр амь насаа зольж авч чадахгүй (Су 23:4, 5; Ду 49:6, 7). Хүний амьдрал эцэслэж насан өөд болохын цагт эд баялагтай байхын хэрэг гарахгүй (Ду 49:16, 17; Но 5:15). Эд хөрөнгөний хойноос хөөцөлдвөл шударга бус явдалд орооцолдох, цаашлаад Еховагийн тааллыг алдах ч аюул бий (Су 28:20; Ие 5:26–28; 17:9–11). Энэ бүхнийг Ехова дахин дахин сануулдаг байв. Харин «эд хөрөнгөөрөө [Еховаг] дээдлэх» учиртай байлаа (Су 3:9).
6-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 51–53
Эрдэнэс хайх нь
it-1 644
Доег
Саул хааны хоньчдын ахлагч Доег нь иудейн шашинтай болсон едом хүн байв (1Са 21:7; 22:9). Тангараг өргөснөөсөө болоод эсвэл уяман өвчин юм уу ямар нэг бузар зүйлийн улмаас Доег Нобт ирж «ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байсан» бололтой. Тэр үедээ тэргүүн тахилч Ахимелех Давидад ариусгасан талх болон Голиатын сэлмийг өгч байгааг харчихав. Тэгээд Саулыг зарц нараа хуйвалдаан зохиолоо гэж зэмлэж байх үед Доег Нобт харсан зүйлээ түүнд хэлж хов зөөдөг. Саул Нобт байсан тэргүүн болон бусад тахилчдыг дуудан Ахимелехийг байцаав. Дараа нь тэднийг хороохыг зарц нартаа тушаасан. Гэвч зарц нар нь хөнөөхийг хүсээгүй. Харин Доег уухайн тас Саулын тушаалыг биелүүлж 85 тахилчийн амийг хөнөөжээ. Харгис үйлдэл нь үүгээр зогссонгүй. Ноб хотын оршин суугчдыг эр эм, хүүхэд хөгшид гэж ялгалгүй, тэр бүү хэл мал сүргийг нь хүртэл хүйс тэмтэрчээ (1Са 22:6–20).
52-р дууллын оршлоос харахад Давид Доегийн талаар бичсэн нь тодорхой байна. Давид: «Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэл хурц тонгорог мэт сүйрлийг сэддэг. Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладаг. Үнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг. Зальт хэл ээ, чи хөнөөлт үг бүрийг хайрладаг» хэмээн түүнийг дүрсэлжээ (Ду 52:2–4).
6-Р САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 54–56
Бурхан чиний талд
cl 243 ¶9
Бурхан биднийг хайрлахад юу ч саад болохгүй
9 Ехова бидний тэвчээрийг ч бас үнэлдэг (Матай 24:13). Биднийг Еховагаас урваасай гэж Сатан хүсдэгийг байнга санаарай. Еховад үргэлж үнэнч байвал Сатанд хариу барьж байгаа нь тэр (Сургаалт үгс 27:11). Ингэх нь дандаа амар байдаггүй. Эрүүл мэнд хийгээд санхүүгийн бэрхшээл, сэтгэл санааны хямрал гээд амьдралд асуудал мундахгүй. Бас найдаж хүлээсэн зүйл биелэхгүй үед урам зориг хугардаг (Сургаалт үгс 13:12). Энэ бүх бэрхшээлийг тэвчдэг биднийг Ехова өндрөөр үнэлдэг. Тийм ч учраас Давид хаан: «Миний нулимсыг тулмандаа хийгээч» гэж Еховагаас гуйн залбирсан бөгөөд «Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?» хэмээн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ (Дуулал 56:8). Тийм ээ, өөрт нь үнэнч байх гэж зовлон бэрхшээлийг тэвчин унагасан нулимс бүрийг Ехова «тулмандаа хийж» нандигнан эрхэмлэдэг.
Эрдэнэс хайх нь
it-1 857-858
Урьдчилан мэдэх, урьдаас тогтоох
Зөгнөл биелж Искариот Юудас урвасан нь Ехова болон хүү Есүс нь аливааг урьдчилан мэдэх чадвартай гэдгийг харуулдаг (Ду 41:9; 55:12, 13; 109:8; Үй 1:16–20). Гэхдээ энэ нь Юудас урвагч болно гээд Бурхан урьдаас тогтоочихсон байсан гэсэн үг биш юм. Тэрхүү зөгнөлүүдэд Есүсийн дотнын хүмүүсээс хэн нэгэн нь урвагч болохыг хэлсэн болохоос биш чухам хэн гэдгийг тодорхой бичээгүй. Мөн Юудасын үйлдлийг Бурхан урьдчилан тогтоосон гэвэл Библийн зарчимд нийцэхгүй. Элч Паул: «Хэн нэг хүнийг томилох гэж бүү яар. Бусдын нүгэлд бүү оролц. Цэвэр ариун бай» гэж Бурхны тогтоосон зарчмыг бичжээ (1 Ти 5:22; 3:6-тай харьцуулна уу). Бас Есүс 12 элчээ зөв, ухаалаг сонгохын тулд Эцэгтээ шөнөжингөө залбирсан тухай ч Библид гардаг (Лу 6:12–16). Хэрэв Юудасыг урвагч болно гээд урьдчилаад тогтоочихсон байсан бол Бурхны удирдамж заавар нь хоорондоо зөрчилддөг, мөн Бурхан Библид бичүүлсэн зарчмаа өөрөө зөрчиж, нүгэлд оролцсон хэрэг болох байв.
Тийм учраас Юудас элчээр сонгогдох үедээ зүрх сэтгэл нь цэвэр, тэрслэгч болох шинж огт байгаагүй бололтой. Тэр зүрхэндээ өөрийгөө «бузарлах хортой үндэс» ургуулж Бурхны үгийг хүлээн авалгүй явсаар Сатаны замаар орсон. Ийнхүү тэр хулгайч, урвагч болов (Ев 12:14, 15; Ёох 13:2; Үй 1:24, 25; Яак 1:14, 15). Бурхнаас хөндийрсөөр буруу зам руу эргэлт буцалтгүй орсон Юудасыг Есүс анзаарч хожим өөрөөс нь урвахыг зөгнөн хэлжээ (Ёох 13:10, 11).