«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
9-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 79–81
Эрдэнэс хайх нь
it-2 111
Иосеф
Иосефын нэрийг онцолсон нь. Иаковын хөвгүүдийн дунд Иосеф онцгой нэр хүндтэй байжээ. Израйлыг бүхэлд нь (Ду 80:1) эсвэл хойд хаант улсад харьяалагддаг овгийг түүний нэрээр төлөөлөн хэлдэг байсан нь үүнийг илтгэдэг (Ду 78:67; Ам 5:6, 15; 6:6). Энэ нэр Библийн зөгнөлд ч гардаг. Езекиелийн үзсэн үзэгдэлд «Иосеф хоёр хувийг авах ёстой» гэж байдаг (Езе 47:13). Мөн «Эзэн энд байна» хэмээх хотын нэгэн дааман хаалга Иосефын нэрээр нэрлэгджээ (Езе 48:32, 35). Ехова ард түмнээ дахин нэгтгэх талаар хэлэхдээ нэг хэсгийнх нь тэргүүнийг Иосеф харин нөгөө хэсгийнхийг нь Иуда хэмээн нэрлэсэн (Езе 37:15–26). «Есавын гэрийг» сүйрүүлэхэд «Иосефын гэр» оролцоно гэж Обадиа зөгнөсөн (Об 18). Харин Зехариагийн зөгнөлд Ехова «Иосефын гэрийг» аварна хэмээн бичсэн байдаг (Зех 10:6). Бэлгэдлийн Израйлын овгуудын нэгийг Ефраимын оронд Иосефын нэрээр нэрлэсэн (Ил 7:8).
Нүд анихынхаа өмнө хэлсэн Иаковын зөгнөл бэлгэдлийн Израйлтай холбоотой байж болохыг Илчлэл 7:8-д бичигдсэн Иосефын нэр харуулдаг. Тиймээс Иаковын хүчит нэгэн болох Ехова Бурхан сайн хоньчин Есүс Христийг илгээсэн нь онцлууштай. Есүс «хоньдынхоо» төлөө амиа өгсөн (Ёох 10:11–16). Мөн бэлгэдлийн Израйлаас бүрдсэн Бурхны сүмийн булангийн тулгуур чулуу нь Есүс Христ юм (Эф 2:20–22; 1 Пе 2:4–6). Хоньчин болох тэрхүү тулгуур чулуу нь Төгс Хүчит Бурхантай хамт байдаг (Ёох 1:1–3; Үй 7:56; Ев 10:12; бас Эх 49:24, 25-тай харьцуулна уу).
9-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 82–84
Еховагийн төлөө хийдэг бүхнээ эрхэмлээрэй
wp16.6 8 ¶2-3
Тэнгэрийн шувуудаас авах сургамж
Хараацай шувуу Иерусалимын оршин суугчдад их танил байв. Энэ шувуу байшингийн дээвэр дор үүрээ засах нь элбэг. Соломоны сүмд ч тийм үүр байсан. Учир нь дэгдээхэйнүүдээ өсгөн бойжуулахад сүмийн орчин аюулгүй байсан биз ээ.
84-р дууллыг бичсэн Корагийн хөвгүүдийн нэг нь зургаан сар тутам долоо хоногийн хугацаатай сүмд үйлчилдэг байжээ. Тэрээр сүмд үүрээ зассан хараацай адил Еховагийн өргөөнд үргэлж байхыг хүсэмжлэн «Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Таны оршин суудаг газар хичнээн тааламжтай вэ! Миний сэтгэл ЭЗЭНий хашаа уруу тэмүүлэн, эрмэлздэг ... Миний Хаан ба миний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН Таны тахилын ширээнд болжмор ч орших газраа, хараацай ч өөрийн ангаахайнуудыг суулгах үүрийг олсон» хэмээн дуулжээ (Дуулал 84:1–3). Та ч бас үр хүүхэдтэйгээ Бурхны ард түмний цугладаг газарт тогтмол очихыг хичээдэг биз ээ. Бас ийм боломжтойдоо талархдаг байх (Дуулал 26:8, 12).
w08 7/15 30 ¶3-4
Нөхцөл байдлаа бодитоор дүгнэж баяр хөөртэй байгаарай
Хөгшрөх, эрүүл мэнд муудах гэх мэтийн асуудлаас болж Еховагийн төлөө хийж чадах зүйл хязгаарлагддаг. Эсвэл үр хүүхдээ өсгөх гээд цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулан, бие даан судлал болон цуглаанаас бүрэн дүүрэн ач тус хүртэж чадахгүй байгаа мэт санагдаж болох юм. Хийж амжихгүй байгаагаа хэт анхаараад хийх боломжтой зүйлээ анзаарахгүй байгаа юм биш биз?
Хэдэн мянган жилийн тэртээ нэгэн леви хүн хийх боломжгүй зүйлээ хүсэмжилж байснаа илэрхийлсэн удаатай. Тэрээр уг нь жил болгон хоёр долоо хоног сүмд үйлчлэх завшаантай байсан. Гэсэн хэдий ч тахилын ширээний ойролцоо байнга л үйлчлэхийг хүсдэг байжээ (Ду 84:1–3). Энэ үнэнч эрд сэтгэл хангалуун болоход нь юу тус болсон бол? Тэрээр ганц өдөр ч атугай сүмийн хашаанд үйлчлэх нь хосгүй завшаан юм гэдгийг ухаарчээ (Ду 84:4, 5, 10). Үүний нэгэн адил хийж чадахгүй байгаа зүйлээ хэт анхаарахын оронд нөхцөл байдлаа бодитоор дүгнэж байгаа боломжоо эрхэмлэх хэрэгтэй.
Эрдэнэс хайх нь
it-1 816
Өнчин хүүхэд
Харж хамгаалах хүнгүй, өнчирч үлдсэн хүмүүс анхаарлын гадна үлдэх талтай. Ехова израйлчуудын шударга ёсыг сахиж байгаа эсэхийг тодорхойлохдоо «эцэггүй», «өнчин» гэсэн хэллэгийг хэрэглэсэн. Учир нь израйлчууд Еховад үнэнч байхдаа өнчин хүүхдүүдийг асарч хамгаалдаг байсан. Харин шударга ёс гажуудаад ирэхээр тэднийг хайхрахаа больдог байжээ. Энэ нь үндэстэн ялзарч доройтсоныг нь илтгэж байв (Ду 82:3; 94:6; Ис 1:17, 23; Ие 7:5–7; 22:3; Езе 22:7; Зех 7:9–11; Мал 3:5). Өнчин нэгнийг дарлагчид «хараагдана» хэмээн Ехова хатуу анхааруулжээ (Ху 27:19; Ис 10:1, 2). Ехова өөрийгөө өнчин өрөөсөн хүний Золигч (Су 23:10, 11), Туслагч (Ду 10:14), Эцэг (Ду 68:5) хэмээн хэлсэн. Тэрбээр тэдний төлөө шударга ёсыг тогтоож (Ху 10:17, 18) өршөөл энэрлээ үзүүлдэг билээ (Хо 14:3). Мөн тэтгэн тусалж (Ду 146:9) амь насыг нь хамгаалдаг (Ие 49:11).
Христийн жинхэнэ дагалдагчид эцэг эх, хань ижлээсээ хагацсан хүмүүст санаа тавьдгаараа бусдаас ялгардаг. Яаков: «Харин зовж зүдэрч байгаа өнчин, бэлэвсэн хүмүүсийг харж ханддаг, дуулгаваргүй хүний амьдралын хэв маягт автдаггүй хүний шүтлэгийг Бурхан Эцэг цэвэр, ариун гэж үздэг» хэмээн Христийн дагалдагчдад бичин үлдээжээ (Яак 1:27).
9-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 85–87
Эрдэнэс хайх нь
it-1 1058 ¶5
Зүрх
Еховад «бүхий л зүрхээрээ» үйлчлэх нь. Зүрх гэдэг эрхтэн бүрэн ажиллаж байж л хүн амьд байдаг. Харин бэлгэдлийн зүрх хуваагдаж мэднэ. Давид: «Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» хэмээн залбирсан бөгөөд энэ нь сэтгэл хөдлөл болон айдсаас болж зүрх сэтгэл хуваагдах боломжтойг харуулжээ (Ду 86:11). Зүрх сэтгэл нь хуваагдвал Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадахгүй (Ду 119:113; Ил 3:16). «Хоёр зүрх гаргадаг» хүний үг, үйлдэл нь зөрж хоёр эзэнд үйлчлэхийг зорьдог (Ш.дээ 12:33; Ду 12:2). Хоёр нүүртэй тийм хүмүүсийг Есүс буруушаасан (Мт 15:7, 8).
9-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 88, 89
Эрдэнэс хайх нь
cl 281 ¶4-5
«Ганцхан та үнэнч»
4 Аливаа зүйлтэй хайраар холбогдон зорилгодоо хүрэн хүртлээ орхидоггүй нинжин сэтгэлийг Еврей Сударт «үнэнч» гэдэг үгээр илэрхийлдэг ажээ. Энэ нь итгэлтэй, найдвартай байдлаас илүү өргөн утгатай. Ер нь, хүн үүрэг хариуцлагаа биелүүлэх үүднээс итгэл даах нь бий. Харин үнэнч байдал нь хайрын сэтгэлээс үүдэлтэй. Мөн итгэмжтэй, найдвартай гэдэг үгийг амьгүй зүйлд ч хамааруулан хэрэглэж болдог. Жишээлбэл, дуулалч шөнөжин гэрэлтэх сарыг «итгэмжит» гэрч хэмээжээ (Дуулал 89:37). Харин сарыг үнэнч гэж тодорхойлох боломжгүй. Хайрын илэрхийлэл болсон үнэнч байдлыг амьгүй зүйл хэрхэн илэрхийлэх билээ.
5 Үнэнч байдал бол халуун дулаан, сайхан мэдрэмж төрүүлдэг зан чанар гэж Библи тодорхойлдог. Нэгнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс бие биедээ ямагт үнэнч байдаг. Энэ нь салхины аясаар ийш тийш хийсэх хамхуултай огт адилгүй. Үнэнч байдал, үнэнч хайр нь хэзээ ч хувирдаггүй, тогтвортой тул ямар ч бэрхшээлийг давах хүчтэй.
9-Р САРЫН 30—10-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 90, 91
Еховад найдан урт насалж удаан жаргая
wp19.1 5, box
Бурхны гарал үүсэл
Орчлонт ертөнц болон түүн доторх бүх юмс бүтээгчтэй юм бол Бурхныг хэн бүтээсэн бэ? Бурхны гарал үүсэл нь юу вэ? Эдгээр асуулт олон хүний сонирхлыг татдаг. Та ч бас сонирхдог байж болох юм.
Дэлхий ертөнцөд эхлэл байдаг гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэг. Үүнтэй адил санааг Библийн эхний зүйлд «Эхэнд Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 1:1, ШЕ).
Орчлонт ертөнц өөрөө хар аяндаа бий болох боломжгүй. Оргүй хоосноос юу ч үүсэхгүй. Хэрэв орчлонт ертөнц бий болохоос өмнө хэн ч байгаагүй юм бол одоогийн дэлхий ертөнц оршин тогтноно гэж үү? Энэ бүхнийг бүрэн дүүрэн ойлгоход амаргүй. Харин яаж ч бодсон материаллаг бус мөнх орших зүйлээс л бүх зүйл үүссэн байж таарна. Мөнхөд оршдог үл үзэгдэх биетэй, хязгааргүй хүчит мэргэн ухаант Ехова Бурхан бүхнийг бүтээсэн юм (Ёохан 4:24).
«Уулс бий болохоос ч өмнө, Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө, үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан» гэж Библид байдаг (Дуулал 90:2). Бурхан үргэлж оршин байсан. Тэрбээр «эхэнд» орчлонт ертөнцийг бүтээжээ (Илчлэл 4:11).
Эрдэнэс хайх нь
wp17.5 5
Хүн тус бүрд зориулагдсан тэнгэрийн элч гэж байдаг уу?
Хүн бүрийг харж ханддаг сахиусан тэнгэр буюу тэнгэрийн элч байдаг гэсэн сургаал Библийн үндэсгүй юм. Есүс: «Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн [Христийн дагалдагчдын] нэгийг нь ч бүү басамжил. Учир нь тэдний тэнгэрийн элчүүд тэнгэр дэх миний Эцгийн нүүрийг үргэлж харж байдаг юм» гэж хэлжээ (Матай 18:10). Ингэхдээ тэрээр хүн бүрд тэнгэрийн элч байдаг гэсэн санааг огт илэрхийлээгүй бөгөөд харин шавь нарыг нь тэнгэрийн элчүүд нэг бүрчлэн анхаардгийг хэлсэн аж. Тэнгэрийн элчүүд хамгаална гэж эрдсэндээ аюул учруулж болзошгүй хайхрамжгүй алхам хийх хүн Бурхны үйлчлэгчдийн дунд байхгүй.
Гэхдээ тэнгэрийн элчүүд хүмүүст тусалдаггүй гэсэн үг биш юм (Дуулал 91:11). Уг дугаарын эхний өгүүлэлд гарсан Кеннетийн нэгэн адил Бурхан тэнгэрийн элчээрээ дамжуулан хамгаалж, удирддаг гэж боддог хүмүүс олон. Энэ талаар нарийн сайн мэдэх боломжгүй ч үгүйсгэх аргагүй. Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлж явахдаа тэнгэрийн элчүүдийн тусламжийг мэдэрсэн үе бишгүй. Гэхдээ тэнгэрийн элч үл үзэгдэх бодгаль тул Бурхан тэднээр дамжуулан хүн нэг бүрд чухам хэрхэн, яаж тусалдгийг хэн ч мэдэхгүй. Хэдий тийм ч Төгс Хүчит Бурхны тусламж дэмжлэгт талархаж явахад буруудах зүйл огтхон ч байхгүй (Колосай 3:15; Яаков 1:17, 18).
10-Р САРЫН 7–13
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 92–95
Эрдэнэс хайх нь
cl 176 ¶18
Бурхны мэргэн ухаан ямар гүнзгий вэ!
18 Элч Паул Еховагийн мэргэн ухааны тухай «Бурхны ивээл ямар агуу вэ! Мэдлэг, мэргэн ухаан нь ямар гүнзгий вэ! Бид түүний шийдвэрүүдийг бүрэн ухаарч, хийсэн бүхнийг нь гүйцэд ойлгож чадахгүй» хэмээн онцлон тэмдэглэжээ (Ром 11:33). Бүтээгчийн мэргэн ухааныг хэр их биширдгээ Паул ийнхүү илэрхийлсэн. Энэ зүйлд «гүнзгий» хэмээн орчуулсан грек үг нь «ёроолгүй гүн», «ёроолгүй нүх» гэсэн үгтэй нягт холбоотой аж. Тиймээс түүний хэрэглэсэн энэ үг Бурхны мэргэн ухааныг төсөөлөхөд тус болдог. Хэмжих боломжгүй гүн, ёроолгүй ангал руу харвал алмайран гайхах нь мэдээж. Үүний нэгэн адил, Еховагийн мэргэн ухаан хүмүүний санаанд үл багтам гүн билээ. Бурхны хязгааргүй мэргэн ухааныг бүрэн дүүрэн ойлгох боломжгүй (Дуулал 92:5). Ингээд бодохоор хүн гэдэг нь хэчнээн өчүүхэн юм бэ?
10-Р САРЫН 14–20
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 96–99
Сайн мэдээ тунхаглагтун!
w11 3/1 6 ¶1-2
Сайн мэдээ гэж юу вэ?
Христийн дагалдагчид «Хаант төрийн тухай сайн мэдээг» дэлгэрүүлдэг бөгөөд энэхүү хаант төр нь ирээдүйд дэлхийг шударгаар захирах засгийн газар гэдгийг бусдад тайлбарлаж өгдөг. «Сайн мэдээ» гэсэн хэллэгийг Библид «авралын сайн мэдээ» (Дуулал 96:2), «Бурхны тухай сайн мэдээ» (Ром 15:16), «Есүс Христийн тухай сайн мэдээ» (Марк 1:1) гэх мэтээр тодорхойлсон байдаг.
Сайн мэдээ нь товчхондоо, Есүсийн хэлж ярьсан мөн дагалдагчдынх нь бичиж үлдээсэн бүхэн юм. Есүс тэнгэрт гарахаасаа өмнө «явж бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» хэмээн шавь нартаа захисан (Матай 28:19, 20). Христийн жинхэнэ дагалдагчид Хаант төрийн тухай бусдад яриад зогсохгүй шавь бэлдэх ажилд идэвхийлэн оролцдог.
w12 9/1 16 ¶1
«Шүүх өдөр» юу болох вэ?
Олон хүн Шүүх өдрийг зураач Густав Дорегийн нэгэн бүтээлд дүрсэлснээр төсөөлдөг. Тэр өдөр олон тэрбум хүн Бурхны сэнтийн өмнө ирж шүүгдэх бөгөөд хийсэн үйлийнхээ дагуу зарим нь тэнгэрт амьдрах шагнал хүртэнэ, харин зарим нь тамд тарчлах шийтгэл хүлээнэ гэж боддог. Харин Библид Шүүх өдрийн зорилго нь шударга бус явдлыг үгүй хийж хүн төрөлхтнийг аврах явдал юм гэсэн байдаг (Дуулал 96:13). Бурхны томилсон шүүгч Есүс зөвт байдлыг тогтоож шударгаар шүүнэ (Исаиа 11:1–5; Үйлс 17:31-ийг уншина).
Эрдэнэс хайх нь
it-2 994
Дуу
«Шинэ дуу» гэсэн хэллэг «Дуулал» номд төдийгүй зөнч Исаиа, элч Ёохан нарын бичсэн номуудад ч гардаг (Ду 33:3; 40:3; 96:1; 98:1; 144:9; 149:1; Ис 42:10; Ил 5:9; 14:3). «Шинэ дуу» гэсэн хэллэг бүхий ихэнх Библийн зүйлүүдийн хам сэдвийг авч үзвэл, Ехова хэмжээгүй эрх мэдлээ хэрэгжүүлсэн онцгой үйл явдалтай холбоотой байдаг. Жишээлбэл, «ЭЗЭН захирдаг» хэмээн баяртайгаар дуулсныг Дуулал 96:10-д бичжээ. Еховагийн эрх мэдлээ хэрэгжүүлсэн тэрхүү онцгой үйл явдал нь тэнгэр болон газарт ямар ач холбогдолтой болохыг «шинэ дууны» сэдэв болгосон бололтой (Ду 96:11–13; 98:9; Ис 42:10, 13).
10-Р САРЫН 21–27
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 100–102
Эрдэнэс хайх нь
it-2 596
Хотон шувуу
Хотон шувуу цадахаараа нам гүм газар нисэн очиж, дүнсийсэн байдалд ордог. Толгойгоо нугдайлган ямар ч хөдөлгөөнгүй болдог учраас холоос харахад цагаан чулуутай андуурагдах нь бий. Тийм хөдөлгөөнгүй дүнсгэр байдал нь хэдэн цагаар ч үргэлжилж мэднэ. Дуулалч уй гашуудлаа энэ байдалтай адилтган дүрслэн бичсэн нь үнэхээр оносон гэлтэй. Тэрбээр: «Би хээр талын хотон шувуутай ижилссэн» гэжээ (Ду 102:6).
10-Р САРЫН 28—11-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 103, 104
Эрдэнэс хайх нь
cl 55 ¶18
Бүтээх хүч—«Тэнгэр газрыг урлагч»
18 Бүхнийг бүтээсэн Еховагийн хүчнээс ихийг мэдэх боломжтой. Хэчнээн олон төрлийн бүтээл байдаг билээ! Нэгэн дуулалч: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ! ... Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» хэмээн дуу алджээ (Дуулал 104:24). Энэ үгтэй хэн ч санал нийлнэ. Биологичдын олж илрүүлсэн амьд биетийн төрөл сая хол давдаг. Харин эрдэмтэд үүнээс хавьгүй илүү олон төрөл зүйлийн амьд биет бий гэж үздэг. Хүн цаг хугацааны эрхээр урлан бүтээх авьяас чадвараа алддаг бол шинийг урлан бүтээх Еховагийн хүч чадал шавхагдашгүй.