Чуулгантай холбоотой сануулга
Танхимын хаалга 8:00-д онгойно. Чуулганы хоёр өдөр 9:20-д хөгжим эгшиглэнэ. Чуулганыг эмх журамтай, хүндэтгэлтэй явуулахын тулд хөгжим эгшиглэхэд бүх хүн суудлаа эзлэх учиртай. Бямба гаригт 17:40-ийн үед, ням гаригт 15:50-ийн үед хөтөлбөр дуусна.
Дуу дуулж Еховаг магтах нь: Эрт цагт ард түмэн нь дуу дуулж Еховаг магтан алдаршуулж байжээ. Дуу хөгжим одоо ч жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг билээ (Дуу. 28:7). Чуулганы өглөөний болон үдээс хойших хөтөлбөр бүрийн эхэнд хөгжим эгшиглэдэг. Энэ бол зүгээр нэг хөгжим биш, Еховаг танин мэдэж шүтэхэд зориулсан хөгжим юм. Тиймээс чуулганы хөтлөгч хөгжим эгшиглэнэ гэж зарлавал хүмүүстэй ярилгүй суудлаа эзлээд, бэлдсэн хөгжмийг сонсоорой. Ингэх нь найрал хөгжимчдийн хөдөлмөрийг үнэлж байна гэсэн үг. Итгэл нэгт эдгээр хөгжимчид маань жилд хоёр удаа, өөрсдийнхөө зардлаар Нью-Йоркийн Паттерсонд очиж сайхан ая тоглож бичүүлдэг. Тухлан сууж хөгжим сонссоныхоо дараа дуу дуулж Еховаг магтан алдаршуулаарай.
Машины зогсоол: Машин тавихад төлбөргүй, ирсэн дарааллаар тавина. Ер нь, зогсоолын талбай хязгаартай байдаг учир машинтай хүн бүр машинаараа ирэх биш, боломжтой бол, нөгөөгийнхдөө дайгдаарай.
Суудал авах: Хаалга нээхэд бие биеэсээ өрсөж, дуртай газраа суух гэж битгий яараарай. Амин хувиа хичээлгүй, бусдын сайн сайхныг бодоорой. Жинхэнэ христианы онцлог болсон чанарыг илэрхийлбэл Гэрч биш хүмүүс Бурхныг магтан алдаршуулна (Иох. 13:34, 35; 1 Кор. 13:5; 1 Петр 2:12). Хамт амьдардаг юм уу хамт яваа хүмүүст эсвэл суралцагчдадаа л суудал авч болно. Хүнд суудал аваагүй бол суудал дээр юмаа тавихгүй байхыг хүсье. Ингэвэл суудал олоход бусдад амар байна. Өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан суудлын тоо хязгаартай тул асран халамжлах нэг юм уу хоёр хүн л хамт сууж болно.
Даруу хувцаслах нь: Бид чуулганаар даруу, зохистой хувцаслах ёстой. Хүмүүсийн дунд түгээмэл болсон хэв загварыг дагах учиргүй (1 Тим. 2:9). Зочид буудал дотор явахдаа эсвэл чуулганы өмнө, хойно чөлөөт цагаараа хэтэрхий жирийн, хааш яаш хувцаслахгүй байх хэрэгтэй. Ингэвэл пайзаа нүүр бардам зүүж, дэлгэрүүлэх боломж гарахад ичиж зовохгүй. Удахгүй болох чуулганаар даруу хувцаслаж биеэ зохистой авч явбал үнэнийг хайдаг хүмүүс амь аврах мэдээг анхааран сонсоно. Ехова ч баярлана (Зеф. 3:17).
Техник хэрэгсэл зөв ашиглах нь: Гар утас гэх мэтийн хэрэгсэл авч яваа бол бусдад саад болохгүйн тулд тохиргоог нь тааруулаарай. Зураг авах, бичлэг хийх гэж бусдыгаа халхлах эсвэл анхаарлыг нь сарниулж болохгүй. Онцын шаардлагагүй бол хөтөлбөрийн үеэр и-мэйл эсвэл мессеж битгий бичээрэй.
Өдрийн хоол: Завсарлагаанаар хоол авах гэж гадагшаа гарахын оронд суудал доороо тавьж болохоор овор хэмжээ багатай саванд хоол хийгээд гэрээсээ авчраарай. Том юм уу шилэн сав авчирж болохгүй.
Хандив: Дэлхий дахины үйл хэргийг дэмжих зорилгоор сайн дурын хандив өргөх нь чуулган зохиодогт талархлаа илэрхийлэх арга юм.
Эм: Хэрэв та эмчийн жороор эм уудаг бол авч ирэхээ бүү мартаарай. Анхны тусламжийн тасагт тийм эм байдаггүй. Чихрийн шижин гэх мэтийн өвчний улмаас тариа тогтмол хийдэг бол тариур, зүү зэргийг ердийн хог хаягдлын саванд хийх ёсгүйг анхаарна уу.
Гэмтэж бэртэхээс сэргийлэх нь: Халтирч, эсвэл унаж бэртэхээс болгоомжлоорой. Халтирдаг гутал, ялангуяа өндөр өсгийтэй гутал өмссөнөөс болж гэмтэж бэртэх тохиолдол жил бүр гардаг. Налуу газар, шат зэргээр явахад аюулгүй, хөлд эвтэйхэн гутал өмсөх нь зүйтэй.
Сонсгол муутай бол: Танхимд хөтөлбөрийг ФМ радиогийн долгионоор цацдаг. Тиймээс зайгаар ажилладаг жижиг ФМ радио, чихэвч авчраарай.
Хүүхдийн тэрэг, эвхдэг сандал: Хүүхдийн тэрэг болон эвхдэг сандал авчирж болохгүй. Харин хүүхэд унахаас хамгаалдаг зориулалтын сандлыг эцэг эх нь хажуугийнхаа суудалд бэхэлж болно.
Үнэртэн: Чуулган битүү барилга байгууламжид болдог учир амьсгалын замын болон бусад өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлж болзошгүй хурц үнэртэн, сүрчиг зэргийг хэрэглэхдээ ухаалаг байгаарай (1 Кор. 10:24).
Зоогийн газар: Биеэ зөв авч явбал Еховагийн нэрийг алдаршуулна. Христиан хүнд зохистой хувцас өмсөх нь чухал. Зөөгчид цайны мөнгө өгдөг заншилтай бол өгөх нь зүйтэй.
Сайн дураараа үйлчлэх: Туслах хүсэлтэй бол чуулганы Сайн дурын үйлчлэлийн тасагт мэдэгдээрэй. 16- гаас доош насны хүүхдүүд ч эцэг эх юм уу асран хамгаалагч, эсвэл тэдний итгэмжилсэн, насанд хүрсэн хүний хараа хяналтан дор сайн дурын ажилд оролцож, хувь нэмэр оруулж болно.