7 сарын 27, ням
Бусдыг урамшуулан зоригжуулж ч чадна, ... зэмлэж ч чадна (Тит 1:9).
Төлөвшсөн дагалдагч болохын тулд амьдралд хэрэгтэй ур чадвар эзэмших шаардлагатай. Ингэвэл хуралд үүрэг даалгавар биелүүлж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангах ажилтай болж, бусадтай сайхан харилцаатай байна. Жишээ нь сайн уншиж, бичиж сураарай. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргадаг хүн аз жаргалаар бялхаж, амжилттай явдгийг Библид бичсэн байдаг (Дуу. 1:1–3). Библийг өдөр бүр уншдаг бол Еховагийн үзэл бодлыг мэдэж авна. Ингэснээр саруул ухаанаар сэтгэж, Судраас мэдэж авснаа хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоно (Сур. 1:3, 4). Ах дүүст маань Библид үндэслэсэн заавар, зөвлөгөө өгдөг чадварлаг эрчүүд хэрэгтэй. Хэрэв та нар сайн уншиж, бичдэг бол цуглаан дээр итгэл батжуулам хариулт өгч, илтгэл бэлдэж чадна. Бас гол санааг тэмдэглэн авах чадвартай болно. Үүний ачаар та нарын итгэл батжиж, бусдыгаа ч урамшуулна. хц23.12 х. 26–27 д/м 9–11
7 сарын 28, даваа
Та нарын талд байдаг нэгэн ертөнцийн талд байдаг нэгнээс агуу юм (1 Ёох. 4:4).
Та айсан үедээ, ирээдүйд Сатан байхгүй болоход Ехова юу хийх талаар эргэцүүлэн бодоорой. 2014 оны бүсийн чуулганы үзүүлбэрт нэг аав гэрийнхэнтэйгээ Диваажинд ямар байхыг зөгнөн 2 Тимот 3:1–5-д бичсэнийг өөрчлөн ийн хэлжээ. «Шинэ ертөнц болоход хамгийн аз жаргалтай цаг ирнэ. Учир нь хүмүүс нэг нэгнээ хайрладаг, үнэнийг хайрладаг, хэр чадлаа мэддэг, даруу, Бурхныг алдаршуулдаг, эцэг эхдээ дуулгавартай, талархдаг, үнэнч, гэр бүлийнхнээ чин сэтгэлээсээ хайрладаг, найрсаг, бусдын тухай дандаа сайнаар ярьдаг, биеэ хянадаг, дөлгөөн, сайныг хайрлагч, итгэмжит, уян хатан, бардамнадаггүй, зугаацаж цэнгэхээс илүү Бурхнаа хайрлахыг боддог сүсэг бишрэлтэй бөгөөд түүнийхээ дагуу амьдардаг болно. Ийм хүмүүстэй дотно бай». Та гэр бүлийнхэн юм уу итгэл нэгтнүүдтэйгээ шинэ ертөнцөд амьдрал ямар байх талаар ярилцдаг уу? хц24.01 х. 6 д/м 13–14
7 сарын 29, мягмар
Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ (Лук 3:22).
Ехова ард түмнээ бүхэлд нь таалдгийг мэдэх нь үнэхээр сэтгэл тайвширмаар! Библид «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг» гэж байдаг (Дуу. 149:4). Гэхдээ зарим хүн сэтгэлээр унахлаараа «Ехова намайг таалдаг юм болов уу?» гэж бодоход хүрдэг. Библид гардаг үнэнч олон үйлчлэгч Ехова өөрийг нь таалдаг гэдэгт эргэлзэж байжээ (1 Сам. 1:6–10; Иов 29:2, 4; Дуу. 51:11). Хүмүүс төгс бус ч Еховагийн тааллыг хүртэх боломжтойг бас Библид бичсэн байдаг. Хэрхэн тааллыг нь хүртэх вэ? Есүс Христэд итгэж, баптисм хүртэх шаардлагатай (Ёох. 3:16). Ийнхүү бид нүглээ гэмшиж, Бурхны хүслийг биелүүлнэ гэж амласнаа олон нийтэд харуулдаг (Үйлс 2:38; 3:19). Өөртэй нь улам дотносохын тулд эдгээр алхмыг хийхэд Ехова баярладаг. Өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова таалж, дотнын андаа гэж үзнэ (Дуу. 25:14). хц24.03 х. 26 д/м 1–2