7 сарын 29, мягмар
Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ (Лук 3:22).
Ехова ард түмнээ бүхэлд нь таалдгийг мэдэх нь үнэхээр сэтгэл тайвширмаар! Библид «ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг» гэж байдаг (Дуу. 149:4). Гэхдээ зарим хүн сэтгэлээр унахлаараа «Ехова намайг таалдаг юм болов уу?» гэж бодоход хүрдэг. Библид гардаг үнэнч олон үйлчлэгч Ехова өөрийг нь таалдаг гэдэгт эргэлзэж байжээ (1 Сам. 1:6–10; Иов 29:2, 4; Дуу. 51:11). Хүмүүс төгс бус ч Еховагийн тааллыг хүртэх боломжтойг бас Библид бичсэн байдаг. Хэрхэн тааллыг нь хүртэх вэ? Есүс Христэд итгэж, баптисм хүртэх шаардлагатай (Ёох. 3:16). Ийнхүү бид нүглээ гэмшиж, Бурхны хүслийг биелүүлнэ гэж амласнаа олон нийтэд харуулдаг (Үйлс 2:38; 3:19). Өөртэй нь улам дотносохын тулд эдгээр алхмыг хийхэд Ехова баярладаг. Өөрийгөө зориулсан тангаргийнхаа дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова таалж, дотнын андаа гэж үзнэ (Дуу. 25:14). хц24.03 х. 26 д/м 1–2
7 сарын 30, лхагва
Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй (Үйлс 4:20).
Эрх мэдэлтнүүд дэлгэрүүлэхээ боль гэсэн шаардлага тавивал бид Есүсийн шавь нарыг дуурайж дэлгэрүүлсээр байх хэрэгтэй. Сайтар дэлгэрүүлэхэд маань Ехова тусална гэдэгт бат итгэдэг. Тиймээс эр зориг, мэргэн ухаан гуйж залбираарай. Зовлон бэрхшээлээ тэвчихийг Еховагаас гуйгаарай. Өвчин тусах, сэтгэл санаа хямрах, хайртай хүнээ алдах, гэр бүлд нь бэрхшээл тулгарах, хавчигдах зэрэг янз янзын зовлон амсдаг хүн бидний дунд олон бий. Мөн цар тахал, дайн дажин зэргээс болж улам бүр зовж шаналдаг. Тийм үед Еховад сэтгэлээ уудлаарай. Ямар санагдаж байгаагаа дотнын анддаа ярьдаг шигээ яриарай. Ехова гуйсныг тань «биелүүлж өгнө» гэдэгт итгээрэй (Дуу. 37:3, 5). Тасралтгүй залбирах нь «зовлон зүдгүүр тохиоход тэвчээртэй байхад» тус болдог (Ром 12:12). Үйлчлэгчдэд нь ямар зовлон учирч байгааг Ехова мэддэг бөгөөд «тэдний хашхирахыг сонсдог» (Дуу. 145:18, 19). хц23.05 х. 5–6 д/м 12–15
7 сарын 31, пүрэв
Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай (Эф. 5:10).
Бид чухал шийдвэр гаргахдаа «Ехова юу хүсдэгийг» мэдэж аваад түүнийхээ дагуу үйлдэх хэрэгтэй (Эф. 5:17). Нөхцөл байдалд маань тохирсон Библийн зарчмыг хайж олбол Бурхны үзэл бодлыг мэдэж авна. Тэгээд тэр зарчмуудаа хэрэгжүүлбэл зөв шийдвэр гаргаж чадна. «Хорон муу» дайсан Сатан биднийг энэ ертөнцийн үйл хэрэгт завгүй байлгаж, Бурханд үйлчлэх боломжгүй болгохыг зорьдог (1 Ёох. 5:19). Христийн дагалдагч хүн ч эд зүйл, мэдлэг боловсрол, ажил мэргэжлийг Бурханд үйлчлэхээс илүү чухалд үзэх нь бий. Хэрэв ингэвэл энэ ертөнцийнхний үзэл бодлын нөлөөнд автаж байгаа хэрэг юм. Тэдгээрийг анхаарах нь мэдээж буруу биш ч, амьдралынхаа эн тэргүүнд тавих ёсгүй. хц24.03 х. 24 д/м 16–17