Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц23 11 сар х. 20-25
  • Ехова залбиралд минь хариулах уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова залбиралд минь хариулах уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИДНИЙГ ЗАЛБИРАХАД ЕХОВА ЯАХ ВЭ?
  • ЕХОВА БИДНЭЭС ЮУ ХҮСДЭГ ВЭ?
  • ЗАРИМДАА ГУЙЛТАА ЯАГААД ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • Ехова залбиралд хэрхэн хариулдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Залбирлынхаа чанарыг сайжруулах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Залбирал бол хосгүй завшаан
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
хц23 11 сар х. 20-25

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49

Ехова залбиралд минь хариулах уу?

«Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно» (ИЕР. 29:12).

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

ТОЙМa

1, 2. Ямар тохиолдолд Ехова залбиралд маань хариулахгүй байна гэж бодогддог вэ?

«ЭЗЭНД баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө» (Дуу. 37:4). Ямар сэтгэл хөдөлгөм амлалт вэ! Гэхдээ Ехова гуйсан болгоныг маань шууд л өгнө гэсэн үг үү? Яагаад ийм асуулт гарах вэ? Дараах хэдэн жишээг бодъё. Ганц бие Гэрч эмэгтэй Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурахыг хүсэн залбирчээ. Гэхдээ хэдэн жил өнгөрсөн ч түүнийг урьсангүй. Гэрч залуу хуралдаа илүү их үйлчлэхийн тулд хүнд өвчнийг нь эдгээж өгөхийг гуйн залбирсан. Гэвч бие нь сайжраагүй. Христийн дагалдагч эцэг эх хүүхдээ үнэний замаар явсаар байлгахыг гуйсан. Гэтэл хүүхэд нь Еховад үйлчлэхээ больсон.

2 Та ч Еховагаас гуйсан юмаа аваагүй байж болох юм. Тэгээд Ехова бусдын залбиралд хариулдаг ч минийхэд үгүй гэж дүгнэж мэднэ. Эсвэл ямар нэг буруу юм хийсэн юм болов уу гэж бодож магадгүй. Жанисb гэдэг Гэрч эмэгтэй ийн боджээ. Тэрбээр нөхөртэйгөө Бетелд үйлчлэх хүсэлтэйгээ хэлж залбирсан. Жанис: «Бид ч удахгүй Бетелд үйлчилнэ гэдэгтээ итгэлтэй байсан» гэжээ. Гэтэл хэдэн сар битгий хэл, хэдэн жил өнгөрсөн ч уригдаагүй. Тэрбээр: «Би сэтгэлээр унаж, гайхаад, бүр Еховаг гомдоох юм хийчихсэн юм болов уу ч гэж бодсон. Бетелд үйлчилмээр байна гэж их залбирсан. Залбиралд минь яагаад хариулахгүй байгаа юм бол?» гэж ярьжээ.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Ехова залбирлыг маань сонсдог гэдэгт эргэлзэх үе бий. Эрт үеийн зарим үнэнч эрчүүд ч ийн эргэлзэж байв (Иов 30:20; Дуу. 22:2; Хаб. 1:2). Ехова залбиралд маань хариулна гэдэгт итгэлтэй байхын тулд яах вэ? (Дуу. 65:2). Үүнд хариулахын тулд дараах 3 асуултыг ярилцъя. 1) Биднийг залбирахад Ехова яах вэ? 2) Ехова биднээс юу хүсдэг вэ? 3) Заримдаа гуйлтаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ?

БИДНИЙГ ЗАЛБИРАХАД ЕХОВА ЯАХ ВЭ?

4. Иеремиа 29:12-т Ехова яана гэж амласан бэ?

4 Залбирлыг маань сонсохоо амласан (Иеремиа 29:12-ыг уншина). Бурхан маань үнэнч үйлчлэгчдээ хайрладаг учраас залбирлыг нь үргэлж анхааран сонсдог (Дуу. 10:17; 37:28). Гэхдээ энэ нь бүх гуйлтыг маань биелүүлнэ гэсэн үг биш. Зарим гуйлтынхаа хариуг шинэ ертөнцөд авч болох юм.

5. Ехова залбирлыг маань сонсохдоо юуг боддог вэ? Тайлбарлана уу.

5 Гуйлтыг маань санаа зорилготойгоо нийцэж байгаа эсэхийг боддог (Ис. 55:8, 9). Өөрийг нь захирагчаа гэж хүлээн зөвшөөрч, өөрт нь дуртайяа захирагддаг хүмүүсээр дэлхийг дүүргэх нь Еховагийн санаа зорилгод багтдаг. Гэхдээ Сатан хүн хүнээ захирах нь илүү дээр гэдэг (Эх. 3:1–5). Энэ нь худал гэдгийг батлахын тулд Ехова хүмүүст өөрсдийгөө захирахыг зөвшөөрсөн. Хүн хүнээ захирсны уршгаар хаа сайгүй зовлон бэрхшээл байгааг бид нүдээрээ харж байна (Ном. 8:9). Энэ бүхнийг Ехова яг одоо арилгахгүйг бид мэддэг. Хэрэв арилгачихвал хүн хүнээ амжилттай захирч, бүх асуудлаа шийдэж чадна гэж хүмүүс ойлгож болох юм.

6. Ехова ямагт хайрын сэтгэлтэй, шударга гэдэгт яагаад итгэх учиртай вэ?

6 Ижил гуйлтад өөрөөр хариулдаг. Жишээ нь Хезекиа хаан хүнд өвчин тусаад эдгээж өгөхийг Еховагаас гуйсан. Ехова ч эдгээсэн (Х.дэд 20:1–6). Харин элч Паул махан бие дэх «өргөсийг» нь авах буюу ямар нэг өвчнийг нь эдгээж өгөхийг гуйхад Ехова гуйлтыг нь биелүүлээгүй (2 Кор. 12:7–9). Бас Яаков Петр хоёрын тухай бодъё. Херод хаан аль алийг нь алах гэж байв. Хурлынхан Петрийн төлөө, мөн магадгүй Яаковын төлөө ч залбирсан байх. Харин Яаков цаазлагдаж, Петр гайхамшгаар аврагдсан (Үйлс 12:1–11). «Ехова Петрийг аварсан мөртлөө яагаад Яаковыг авраагүй юм бол?» гэж бидэнд бодогдож болох юм. Библид энэ тухай бичээгүй.c Гэхдээ Ехова хэзээ ямагт «шударга» гэдэгт бид итгэдэг (Д.хууль 32:4). Мөн Петр Яаков хоёрыг хоёуланг нь сайшаадгийг мэднэ (Илч. 21:14). Бидний гуйлтад ч Ехова заримдаа хүссэнээр маань хариулахгүй байж мэднэ. Гэхдээ тэрбээр үргэлж хайрын сэтгэлээр, шударгаар хариулна гэдэгт бид итгэдэг учраас ямар ч хариу авсан гомдоллодоггүй (Иов 33:13).

7. Бид яахаас зайлсхийдэг вэ? Яагаад?

7 Бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг бусдынхтай харьцуулахаас зайлсхийдэг. Жишээлбэл тодорхой нэг юм гуйхад Ехова гуйлтыг маань биелүүлээгүй байж болох юм. Харин дараа нь хэн нэгэн адилхан юм гуйхад Ехова биелүүлсэн юм шиг санагдаж магадгүй. Анна гэдэг Гэрч эмэгтэйд ийм юм тохиолдсон. Тэрбээр нөхөр Мэтьюгийнхээ хорт хавдрыг эдгээж өгөхийг гуйжээ. Яг тэр үед настай хоёр Гэрч эмэгтэй мөн хорт хавдар туссан байв. Анна Мэтьюгийн төлөө, бас эгч нарын төлөө хичээнгүйлэн залбирсан. Эгч нар эдгэж, Мэтью нас барсан. Эхэндээ Анна Ехова тусалсан учраас эгч нар эдгэсэн гэж боджээ. Тийм бол яагаад нөхрийг нь эдгээгээгүй юм бол? Эгч нар яагаад эдгэснийг үнэндээ бид хэлж мэдэхгүй. Харин Ехова бүх зовлон бэрхшээлийг бүрмөсөн арилгахыг, нас барсан найзуудаа амилуулахыг хүсэн тэмүүлдэг гэдгийг нь бид баттай мэддэг (Иов 14:15).

8. а) Исаиа 43:2-т бичсэнээр Ехова биднийг хэрхэн дэмждэг вэ? б) Хүнд сорилт тулгарахад залбирал ямар тустай вэ? («Залбирвал тэвчих хүч ордог» видеог үзээрэй).

8 Үргэлж тусалж дэмжинэ. Ехова хайр халамжтай Эцгийнхээ хувьд биднийг зовоосой гэж хүсдэггүй (Ис. 63:9). Гэхдээ ус, галтай зүйрлэм бэрхшээл болгоноос биднийг хамгаалахгүй (Исаиа 43:2-ыг уншина). Харин ус «гатлах» буюу бэрхшээлийг тэвчихэд туслахаа амласан. Тэгээд ч сорилт бэрхшээлээс болоод үүрд хохирохыг Ехова зөвшөөрөхгүй. Бас тэрбээр агуу хүчээ өгч тэвчихэд маань тусалдаг (Лук 11:13; Флп. 4:13). Тиймээс Еховагийн тусламжтайгаар бид үнэнч, тэвчээртэй байж чадна.d

ЕХОВА БИДНЭЭС ЮУ ХҮСДЭГ ВЭ?

9. Яаков 1:6, 7-г үзвэл Ехова тусална гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?

9 Өөрт нь найдахыг хүсдэг (Евр. 11:6). Зарим сорилт дааж давшгүй мэт санагдаж болох юм. Бүр Ехова тусална гэдэгт ч эргэлзэж эхэлдэг. Гэхдээ Бурхны хүчээр бид «хана давж» чадна гэж Библид батлан хэлжээ (Дуу. 18:29). Тиймээс эргэлзэхийн оронд Ехова залбиралд маань хариулна гэж найдан итгэл төгс залбирах учиртай (Яаков 1:6, 7-г уншина).

10. Залбирсныхаа дагуу үйлдэхийг жишээгээр тайлбарлана уу.

10 Залбирсныхаа дагуу үйлдэхийг хүсдэг. Жишээлбэл Гэрч эрэгтэй бүсийн чуулганд суухын тулд ажлаасаа чөлөө авахад туслахыг гуйж залбирчээ. Ехова залбиралд нь хэрхэн хариулах бол? Даргатайгаа ярих эр зориг өгч болох юм. Харин тэрбээр одоо дарга дээрээ очиж уулзах хэрэгтэй. Хэд хэдэн удаа гуйх шаардлага гарч мэднэ. Бас хэн нэгэнтэй ээлжээ солих талаар асууж болох юм. Бүр боломжгүй бол цалингүй чөлөө авна.

11. Санаа зовж буй зүйлийнхээ талаар яагаад дахин дахин залбирах хэрэгтэй вэ?

11 Санаа зовж буй зүйлийнхээ талаар дахин дахин залбирахыг хүсдэг (1 Тес. 5:17). Заримдаа гуйсан юмаа тэр даруйд нь авахгүй гэдгийг Есүсийн хэлсэн үгнээс мэдэж болно (Лук 11:9). Тиймээс бүү бууж өгөөрэй! Шаргуу, дахин дахин залбираарай (Лук 18:1–7). Ийнхүү гуйж буй зүйлээ чухал гэдгийг илэрхийлнэ. Мөн Ехова бидэнд тусалж чадна гэдэгт итгэдгээ харуулна.

ЗАРИМДАА ГУЙЛТАА ЯАГААД ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

12. а) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад? б) Залбирахдаа Еховад хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ? («Би Еховагаас юм гуйхдаа хүндэтгэлтэй ханддаг уу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

12 Хэрэв бид гуйснаа аваагүй бол өөрөөсөө дараах 3 асуултыг асууж болох юм. Нэгдүгээрт, «Би зөв юм гуйж байна уу?» Ер нь бид өөрсдөдөө юу хамгийн сайн болохыг мэддэг гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш байх нь бий. Тиймээс асуудлынхаа тухай залбирахдаа зөв юм гуйгаагүй байж болох юм. Эсвэл зарим гуйлт маань Еховагийн хүсэлтэй нийцээгүй байж мэднэ (1 Ёох. 5:14). Жишээ нь дээр дурдсан эцэг эхийн тухай ярилцъя. Тэд хүүхдээ үнэний замаас гаргахгүй байхыг Еховагаас гуйсан. Энэ нь зөв гуйлт шиг санагдана. Гэхдээ Ехова хэнийг ч хүчилж өөртөө үйлчлүүлэхгүй. Биднийг ч, хүүхдүүдийг маань ч өөрсдөө хүсээд үйлчлээсэй гэдэг (Д.хууль 10:12, 13; 30:19, 20). Тиймээс хүүхэд нь Еховаг хайрлаж, анд найз нь болоод чин сэтгэлээсээ өөрт нь үйлчлэхэд туслахыг гуйх нь зүйтэй (Сур. 22:6; Эф. 6:4).

Би Еховагаас юм гуйхдаа хүндэтгэлтэй ханддаг уу?

Ехова бол гуйлтад маань хариулахыг хүсдэг хайр халамжтай Эцэг. Гэхдээ бас бидний Бүтээгч бөгөөд хүндэтгэл хүлээх эрхтэй Нэгэн юм (Илч. 4:11). Та юм гуйж залбирахдаа тэнгэрийн Эцэгтээ хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ?

  • Еховагийн хүсэл таалалд нийцүүлж, зөв хандлагаар гуйгаарай (1 Ёох. 5:14). Зөвхөн өөрийнхөө хүсэл, хэрэгцээг бодож аминч үзлээр залбирах ёсгүй. Яаков Христийн I зууны дагалдагчдад «буруу хандлагаар» буюу амин хувиа бодож залбирвал Ехова хариулахгүй гэдгийг сануулсан (Яак. 4:3).

  • Дандаа шаардаад байж болохгүй (Мат. 4:7). Залбиралд тань хэрхэн хариулбал хамгийн сайн гэдгийг Ехова мэддэгт итгээрэй. Тиймээс хааяа хүссэнээс тань өөр хариу өгч болох юм (Эф. 3:20).

  • Еховагийн өгдөг бүхэнд өдөр бүр талархахаа бүү мартаарай. Тусалсанд нь талархвал Ехова ямар их баярлах бол оо! (Кол. 3:15; 1 Тес. 5:17, 18).

13. 1 Петр 5:6, 7-д бичсэнээр Ехова бидний залбиралд хэзээ хариулах вэ? Тайлбарлана уу.

13 Хоёрдугаарт, «Еховагийн хариу өгөх цаг мөн үү?» гэж асууж болно. Залбирлынхаа хариуг яг одоо л авмаар байна гэж бидэнд санагдаж магадгүй. Гэхдээ Ехова хамгийн тохиромжтой цагийг мэддэг (1 Петр 5:6, 7-г уншина). Бид залбирлынхаа хариуг тэр даруй авахгүй бол Ехова «Үгүй» гэж байна хэмээн бодож магадгүй. Харин үнэндээ «Одоо биш» гэж хэлж байж болох юм. Жишээ нь дээр дурдсан, өвчнийг нь эдгээж өгөхийг гуйсан Гэрч залуугийн тухай бодъё. Хэрэв Ехова гайхамшгаар эдгээчихвэл эдгэрсэн учраас л Еховад үйлчилж байгаа гэж Сатан түүнийг гүтгэнэ (Иов 1:9–11; 2:4). Бас Ехова бүх өвчнийг эдгээх цагаа аль хэдийн товлосон (Ис. 33:24; Илч. 21:3, 4). Тэр цаг болтол гайхамшгаар өвчнөөс ангижирна гэж бид боддоггүй. Тиймээс Гэрч залуу Еховагаас өвчнөө тэвчих хүч, сэтгэлийн амар тайван өгөхийг болон өөрт нь үнэнч үйлчилсээр байхад туслахыг гуйж болох юм (Дуу. 29:11).

14. Жанисын жишээнээс юу мэдэж авах вэ?

14 Бетелд үйлчлэх тухай залбирч байсан Жанисын жишээг саная. Ехова залбиралд нь хариулсныг 5 жилийн дараа ойлгожээ. Тэрбээр: «Энэ хугацаанд Ехова надад олон юм зааж, Христийн илүү сайн дагалдагч болоход тусалж байсан юм билээ. Би итгэлээ батжуулах, бас Библийг илүү нямбай судлах хэрэгтэй байсан. Түүнчлэн нөхцөл байдлаас үл хамааран үргэлж Еховад баяр хөөртэй үйлчилдэг хүн болох ёстой байв» гэжээ. Хожим нь нөхөртэйгөө дүүргийн ажил хийх болсон. Энэ тухай Жанис дурсахдаа «Ехова залбиралд маань хариулсан ч миний хүссэнээс тэс өөрөөр хариулсан. Ямар сайхан хариулт өгснийг мэдэхэд хугацаа хэрэгтэй байсан. Хайр, сайхан сэтгэлийг нь ойлгох боломж олгосонд би маш их талархдаг» гэжээ.

Зургууд: 1. Сайн мэдээ тунхаглагчийн сургуулийн анкет бөглөх гэж байгаа 2 Гэрч бүсгүй. Тэд тус бүрдээ залбирч байна. 2. Нэг бүсгүй нь Цуглааны танхимд найзууддаа болон нөгөө бүсгүйд сургуульд уригдсан тухай захиагаа үзүүлэн баяртай байна. 3. Сургуульд уригдаагүй нөгөө бүсгүй Еховад залбирч, дараа нь захиа бичиж байна. Хожим нь тэрбээр гадаад улсад дэлгэрүүлж, мөн байгууллагын барилгын ажилд оролцож байна.

Ехова залбиралд тань хариулаагүй юм шиг санагдвал хэрхэн өөрөөр залбирахаа бодоорой (15-р догол мөрийг үзээрэй)f

15. Өргөн хүрээтэй залбирах нь ямар сайн талтай вэ? (Бас зургийг үзээрэй).

15 Гуравдугаарт, «Би арай өөрөөр залбирах ёстой юм болов уу?» гэж асууж болно. Нэг зүйлийн талаар тодорхой залбирах нь сайн ч заримдаа арай өргөн хүрээтэй залбирвал Еховагийн хүслийг мэдэж авна. Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд явахыг хүсэж байсан ганц бие Гэрч эмэгтэйн жишээг саная. Тэрбээр хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийн тулд сургуульд сурах хүсэлтэй. Тиймээс энэ талаараа гуйхын зэрэгцээ үйлчлэлээ өргөжүүлэх өөр боломжийг олж харахад туслахыг гуйж болох юм (Үйлс 16:9, 10). Дараа нь залбирсныхаа дагуу ойрхон хурлуудад эхлэгчийн хэрэгцээ байгаа эсэхийг дүүрэг хариуцагчаас асууж болохгүй нь юу билээ? Эсвэл салбар луу захиа бичиж хаана дэлгэрүүлэгч хэрэгцээтэй байгааг асууж болно.e

16. Юунд итгэлтэй байх вэ?

16 Ехова бидний залбиралд хайрын сэтгэлээр, шударгаар хариулдагт итгэлтэй байж болохыг үзлээ (Дуу. 4:3; Ис. 30:18). Заримдаа хүссэн хариултаа авахгүй байж магад. Гэхдээ Ехова залбирлыг маань сонсоогүй гэсэн үг биш. Тэрбээр биднийг маш их хайрладаг. Бас хэзээ ч орхихгүй (Дуу. 9:10). Тиймээс «хэзээд түүнд итгэн» сэтгэлээ уудлан залбирч байя (Дуу. 62:8).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Биднийг залбирахад Ехова яах вэ?

  • Залбирах талаар Ехова биднээс юу хүсдэг вэ?

  • Бид заримдаа гуйлтаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ?

ДУУ 13 Талархлын залбирал

a Ехова залбиралд маань үргэлж хайрын сэтгэлээр, шударгаар хариулна гэдэгт яагаад итгэлтэй байж болохыг энэ өгүүллээр тайлбарлана.

b Зарим нэрийг өөрчлөв.

c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2022 оны 2-р сарын дугаар дахь «Ехова үргэлж зөв юм хийдэгт та итгэдэг үү?» гэсэн өгүүллийн 3–6-р догол мөрийг үзээрэй.

d Хүнд сорилт тулгарахад тэвчээртэй байхад Ехова хэрхэн тусалдгийг jw.org сайт дахь «Залбирвал тэвчих хүч ордог» гэсэн видеоноос мэдэж аваарай.

e Өөр салбарын нутаг дэвсгэрт үйлчлэх хүсэлтэй бол «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 10-р бүлгийн 6–9-р догол мөрийг үзээрэй.

f ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хоёр Гэрч бүсгүй Сайн мэдээ тунхаглагчийн сургуулийн анкет бөглөхөөсөө өмнө залбирч байна. Хожим нь нэг нь уригдаж, нөгөө нь уригдсангүй. Уригдаагүй нь сэтгэлээр унахын оронд үйлчлэлээ өргөжүүлэх өөр ямар боломж байгааг олж харахад туслахыг Еховагаас гуйж байна. Тэгээд хэрэгцээ ихтэй газарт үйлчлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж салбар луу захиа бичиж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах